Хятад, Энэтхэгийн удирдагчид олон жилийн хурцадмал байдал, хил дээрх маргааны дараа хоёр улсын хоорондын итгэлцэл гүнзгийрч байна гэж мэдэгдлээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Тяньжин боомт хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ. Энэ нь Модигийн долоон жилийн дараах анхны Хятадад хийсэн айлчлал юм.
Ши Жиньпин Модид хандан “Хятад, Энэтхэг хоёр өрсөлдөгч биш, харин түнш байх ёстой” хэмээсэн бол Моди “хоёр улсын хооронд энх тайван, тогтвортой байдлын уур амьсгал бүрдэж байна” гэжээ.
Дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагч оролцож байгаа бөгөөд тэдний дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч багтжээ. Гэхдээ энэ жилийн уулзалтыг АНУ-тай хийж буй худалдааны дайн голчлон өнгөлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийг Оросоос нефть худалдан авч байна хэмээн шүүмжилж, Энэтхэгийн бараанд өндөр тариф ногдуулсан. Харин Путин Украинд хийж буй дайнаасаа болж шинэ хориг арга хэмжээтэй нүүр тулж байна.
АНУ-Энэтхэгийн харилцаа суларч буй энэ үед Моди Ши Жиньпин рүү илүү ойртож байна. Хятад, Энэтхэг хоёр улсын хувьд зөвхөн хүн амын тоогоор дэлхийд тэргүүлэхээс гадна хамгийн том эдийн засагтай улсуудын тоонд багтдаг. Моди 2020 онд Гималайн хилийн мөргөлдөөний дараа тасалдсан байсан хоёр улсын хоорондын нислэгийг сэргээхээ мэдэгдлээ.
ШХАБ-ын энэ уулзалт ихэвчлэн бэлгэдлийн шинжтэй байдаг ч удирдагчдад нийтлэг асуудлаа дэвшүүлэх, сонирхлоо хуваалцах боломж олгодог. Мөн энэхүү уулзалт Бээжинд болох дэлхийн хоёрдугаар дайнд ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн томоохон жагсаалаас хэдхэн хоногийн өмнө тохиосон юм.
ШХАБ-д ОХУ, Пакистан, Иран зэрэг нийт 10 гишүүн орноос гадна 16 ажиглагч болон түнш улс бий. ШХАБ-ыг Хятад, Орос болон Төв Азийн дөрвөн улс 2001 онд байгуулсан бөгөөд НАТО зэрэг Барууны эвслийн нөлөөг хязгаарлах зорилготой байв. Энэ жилийн уулзалт байгуулагдсан цагаасаа хойшхи хамгийн өргөн цар хүрээтэй болж өнгөрчээ.