Нью Йоркийн их сургуулиас 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг авч, 2025-2029 онд бүрэн тэтгэлэгтэй суралцаж буй Б.Бяцхан-Эрдэнэтэй ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Бат-Эрдэний Бяцхан-Эрдэнэ гэдэг. Би Нью Йоркийн их сургуулийн Абу Даби дахь салбарт энэ жилээс элсэн суралцаж байгаа нэгдүгээр курсийн оюутан байна. Одоогоор улс төр болон англи хэлний бичих чадварын ангид хичээлээ сонгон суралцаж байгаа. Оюуны Ундраа Цогцолбор сургуулийг 2024 онд төгсөөд, завсар жил авч бэлдээд хүссэн сургуульдаа орсон.
-Нэр нь нэлээд анхаарал татахаар содон юм аа. Яагаад ийм нэр өгч байсан гэдэг вэ?
-Хүмүүс ер нь миний нэрийг сонсоод нэг бол “Айн? Нээрээ чиний нэр чинь юм уу? Худлаа яриад байгаач тоглоод байх юм” гэдэг. Эсвэл “Ямар хөөрхөн юм бэ?” гэдэг. Монголд ийм нэртэй зургаан хүн байдаг санагдаж байна. Би айлын бага охин. Манай аав миний нэрийг өгөхдөө Солонгост байсан. Солонгосоос ээж рүү захидал бичээд, “Охиноо Бяцхангүнж гэж нэрлээрэй” гэчихсэн байсан. Тэгээд ээж улсын бүртгэлд миний нэрийг бүртгүүлэх гээд явж байхдаа нөгөө нэрийг нь мартаад Бяцхан хэн билээ гэж байгаад аавын “Эрдэнэ” гэдгийг аваад Бяцхан-Эрдэнэ гэж өгч байсан. Одоо Бяцхангүнж гэдгээрээ байсан бол гунж гээд шоглуулах байсан байх аа. (инээх) Анх цэцэрлэгт байхдаа ангидаа их намхан байсан. Ийм нэр өгснөөс чинь болоод намхан байна, нэрээ солино гээд өөрийгөө Ялгуун энэ тэр гэдэг байсан. Хүмүүс амархан тогтоодог болохоор одоо нэрэндээ дуртай. Бас намайг хайрлаж өгсөн нэр шүү дээ. Гэхдээ гадаадад сурахаар хүүхдүүд хэлж чадахгүй, арай өөр нэрээр дуудъя гээд Бягий гэж дуудаж байгаа. Манай найзууд тэгж дууддаг байсан юм.
-Нью Йоркийн их сургуульд ороход чинь нөлөөлсөн хүн байдаг уу. Яагаад энэ сургуулийг сонгосон бэ?
-Сургуулийн хувьд дээгүүр эрэмбэлэгддэг, алдартай гэдгээр нь мэддэг байсан. Гэхдээ 2022 онд миний дуртай дуучин Тэйлор Свифт тэр сургуулиас хүндэт цол аваад, төгсөлт дээр нь үг хэлээд тэр үеэс хойш гурван салбартай, ийм сургууль юм байна, гэхдээ их үнэтэй юм байна даа гээд орхичихсон байсан юм. Тэгсэн чинь Вироника гээд Нью Йорк-Абу Дабигийн төгсөгч эгч нэлээд алдартай их сургуулиуд руу өргөдөл явуулах талаар контент бүтээдгийг олж үзсэн. Тэр эгч Нью Йоркийн их сургуульд миний авсан тэтэглэг шиг 100 хувийн тэтгэлэг авч, үнэгүй сураад төгссөн гээд бичлэгийг нь үзээд “Аан, энэ сургууль ийм лаг тэтгэлэг өгдөг юм байх даа” гэж бодож байсан. Манай салбар сургуулийн давуу тал бол Нью Йорк, Шанхай зэрэг бусад салбаруудаас ялгаатай нь сурагчаа тэнцүүлж авах сүүлийн шат болох ярилцлагын шатаа сургууль дээрээ урьж хийдэг. Би нэгдүгээр сард ирээд сургуулийн тэнхим, байраа хараад л “Би энд л сурах ёстой юм байна” гэж шийдэж байсан. Тэтгэлэг сайн өгдгөөс гадна 120 орны хүүхдүүд суралцдаг учраас олон орны оюутнуудтай байх нь гоё санагдаж байсан.

-Нэг жил завсар жил авч байх үедээ юу хийж байсан бэ. Зөв зүйл байсан уу?
-Би яг 12-р ангийнхаа төгсгөлд Монголдоо сурна гээд шийдчихсэн байсан. Тэгээд 2024 оны тавдугаар сарын 17-нд буюу яг 12-р ангиа төгсөхийн өмнө IELTS 8.0 оноо аваад завсар жил аваад өргөдөлөө явуулахад харамсах юмгүй дээ гээд шийдэж байсан. Инстаграм ухаж байгаад нэг сургалтын зар байсан юм. Бүртгэл нь 20 мянган төгрөг ч хүрэхгүй. Тэгээд бүртгүүлчхээд таг мартчихсан байсан чинь тэнцсэн гэдэг хариу ирээд удалгүй багшлах санал ирсэн. 12 ангид хувийн цэцэрлэгт англи хэл заадаг байж байгаад энэ AdmitBoost гэдэг газар IELTS-ын багш хийсэн. Тэндээ нэлээд удаан ажиллаж, хүмүүст зааж зөвлөөд хажуугаар нь өөрийнхөө өргөдлийг ч гэсэн бэлдээд хэсэг хугацаанд өөр дээрээ ажиллая гэж шийдээд завсарлаж байсан. 2024 оны зургадугаар сараас бэлдэж эхэлж, 2025 оны нэгдүгээр сарын 5 гэхэд өргөдлүүдээ явуулсан. Тэгээд өөрийнхөө сургалтыг нээсэн байгаа. Гэрийнхээ хажууд жижиг тэнхим олоод сарын 150 мянгаар 12-16 хичээлийн оролттой байсан. “Byatskhan English” гэдэг нэртэй. Надад цэцэрлэгийн 5 настай хүүхдээс эхлээд 11-р ангийн сурагч ч байсан. Наймдугаар ангид орчихсон хэр нь англиар уншиж чаддаггүй хүүхэд байсан, ер нь л уншуулж сурмаар байгаа хүүхдүүдэд хичээл заасан. Сургуульдаа тэнцсэнийхээ дараа Хүмүүн олон улсын сургуулийн зуны хөтөлбөрт багшилсан. Хажуугаар нь пилатист хоёр сар яваад миний биед маш их өөрчлөлт гарсан. Бие галбиржсан, дасгал хөдөлгөөн хийхээр сэтгэл санаа хүртэл тогтворжоод, ажлын бүтээмжтэй болдог юм билээ. Дасгал хийж байгаа учраас дагаад зөв хооллосон бас ус уудаггүй байснаа олж мэдсэн.. Байнга толгой өвддөг байсан чинь ус сайн уудаг болсноос хойш зүгээр болчихсон. Завсар жил авсандаа огт харамсаагүй. Хүмүүс “Завсар жил авахаар үеийнхнээсээ хоцордог, сэтгэл гутралд ордог, таргалдаг” гэж байсан. Гэхдээ тийм юм сонссоор байгаад сэтгэл зүйн бэлтгэлтэй болчихсон байсан гэх үү дээ. Хүмүүсээс хоцорч байна гэж бодоогүй, хүн бүр өөрсдийн л гэсэн замаараа явж байгаа гэх бодол суусан. Нэг жилийн хугацаанд их том болсон юм шиг санагдаж байна. Олон зүйл ойлгож, мэдсэн.
-Ажиллаж байх хугацаандаа хүмүүсээсээ юу сурсан бэ?
-Хүнд мэдсэн зүйлээ зааж өгөх их дуртай байсан. Энэ бүх ажлууд надад чин сэтгэлээ зориулж хийх сонирхолтой, дуртай зүйлийг минь харуулж өгсөн юм шиг санагддаг. Ажиллаж байх явцдаа олон гоё хүмүүстээ танилцсан. Тэр хүн бүрээс л юм сурсан гэж бодож байна. Хүмүүн олон улсын сургуулийн захирал Солонго гээд эгчтэй танилцахад эмх цэгцтэй, аливааг төлөвлөгөөгөөр явуулдаг, үр дүнг шинждэг санагдсан. AdmitBoost-ийн үүсгэн байгуулагч Дөлгөөн гээд ах бас долоо хоног, сарын контентоо бүгдийг нь хуанли дээр төлөвлөчихсөн байдаг байсан. Тийм болохоор би одоо сургуульдаа орж ирээд төлөвлөх нь амар юм байна гэдгийг мэдэж авч байгаа. Тэр үед надад зааж байсан багш нар, хамт ажиллаж байсан хүмүүс одоогийн намайг бий болгоход нөлөөлсөн гэж боддог.
-Олон улсын шалгалтад бэлдэхдээ ямар стратеги, тактик ашигладаг байсан бэ?
-Би үнэтэй, төлбөртэй сургалтуудад явж байгаагүй бас 12-р ангид байхдаа өрөгдлөө явуулаагүй болохоор их төөрсөн байсан. Гэхдээ нэг л юмыг их сайн мэддэг байсан. Би худлаа ярьж болохгүй гэдгээ. Жишээ нь сайн дурын ажлын сертификат зарна, хэлний оноо хуурамчаар хийж өгнө гэх мэт зарууд яваад байгаа. Тийм юмыг бодоод ч хэрэггүй. Эссэгээ харин ахин дахин л бичээд байх хэрэгтэй. IELTS-ын хувьд сууриа сайн тогтоож авчих юм бол Cambridge IELTS гээд номын цуврал байдаг. Тэрний тестүүд яг л шалгалттайгаа адилхан байдаг учраас тэндээс ажиллавал зүгээр. Миний нэг дуртай, өөр өөртөө хэлдэг үг бол “Perfect practice makes perfect.” - “Төгс зүйлийг төгс хичээл зүтгэл бий болгодог” . Би тэр номыг ажиллахдаа яг л шалгалтаа өгч байгаа юм шиг орчин бүрдүүлж, тийм сэтгэл зүйгээр бэлддэг байсан. Материалаа засахдаа ч шударгаар өөрийг хуурахгүй, жишээ нь бараг л зөв байж гэх мэтчилэн засахгүй хатуу чанга байх хэрэгтэй.
-Эссэндээ өөрийнхөө талаар онцолж бичсэн зүйл юу байсан бэ?
-Гадагшаа явуулах өргөдлийн эссэг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван зүйлээс бүтдэг гэж боддог. Яагаад гэвэл хүн болгон өөрийгөө магтаж чадна. Гэхдээ түүх гэдэг юм л тэр мундгийг чинь нотолдог. Тийм зүйлийг туулаад, ийм давааг давж байж би “энэ хүн” болсон юм аа гэдгээ харуулж байгаа юм. Тэгээд ирээдүйд өөртөө байгаа энэ давуу талуудаараа яаж нийгмийг өөрчлөх, ямар үр өгөөжтэй байх юм гэдгийг харуулж өгнө гэсэн үг. Би эссэндээ дээрээ өөрийгөө хүмүүст туслах дуртай, боловсролыг өндрөөр үнэлдэг, сурч мэдэхийн төлөө их хичээдэг хүнээр дүрсэлсэн. Би өөрийгөө тэгж хардаг.
Өвлийн хүйтэнд, тав зургаан цагт хичээлдээ явах гээд автобус хүлээж байгаад хоёр цаг түгжирч очихоор сургуулийн жижүүр багш нар “Харьяаны сургууль руугаа шилжээч” гэнэ, ангидаа англи хэлдээ хамгийн муу дүнг аваад их хичээж үг цээжилдэг байсан гэдгээрээ үргэлжилж байгаад одоо цагтаа ирээд IELTS 8.0 авсан, тэрүүгээр минь найзууд маань их бахархаж байсан гэх мэтээр ирээдүй цаг руу шилжихдээ боловсролыг хүн бүр эзэмшихэд илүү бартаагүй болгоход нь тусална гэсэн утга агуулга шингээсэн. Эссэгээ бичихдээ ямар нэг зүйлийг далд утгатай байлгаж бичдэг. Автобусанд явах их хэцүү гэдгээрээ мөн автобусыг амьдралтай зүйрлэсэн.
“Currently standing at the metaphorical bus station, I am eager to embark on the next phase of my journey: higher education.” - “Би одоо өөрийн амьдралтай зүйрлэсэн автобусныхаа буудал дээр дараагийн аялалдаа гарах гээд догдлон зогсож байна: өндөр боловсролыг эзэмших зам руу” гэх мэтээр бичсэн дээ.
-Сургуульдаа тэнцсэн гэдэг хариугаа хүлээн авахдаа ямар мэдрэмж авч байсан бэ. Тэр үеийн баярт дурсамжаа бидэнтэй хуваалцаж болох уу?
-Би өргөдлийнхөө эссэг арванхоёрдугаар сарын 31-нд манай гэрийнхэн салатаа хийж байхад бичсээр л байсан. Тэгээд нэг өглөө сэрээд харсан мэйл ирчихсэн “Сургуулийнхаа сайт руу ороод хараарай” гэчихсэн байсан. Тэгээд аймаар нойрмог ээжийг дуудаад хамтдаа нээсэн чинь тэнцчихсэн байсан. Тэтгэлгийнхээ хувийг эхлээд хараадахъя гээд харсан юм. Манай сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр нь 300 сая төгрөг хавьцаа. Тэгээд бүтэн тэтгэлэг аваагүй байвал яана аа гэж айсан чинь миний төлөх ёстой төлбөр гэдэг дээр 0 доллар гэчихсэн байсан. Тэгээд л амьсгалаа гараад л тайвшраад. Унтаж байсан хүмүүс рүүгээ, эгч нарынхаа гэр лүү залгаж хэлээд л тэр өдөржингөө маш гоё байсан. Дөрвөн жил үнэгүй сурах 1 тэрбум 200 саяын тэтгэлэг авсан.
-Тэтгэлгийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.
-Гадаадын их дээд сургуулиуд Financial aid буюу санхүүгийн дэмжлэг ихэвчлэн өгдөг. Азийн орнуудын их сургуулиудын өгдөг нь тэтгэлэг. Тэтгэлэг бол Merit based scholarship (Хүний амжилтад суурилсан), энэ нь гадаад хэлний оноо гэх мэт. Гэхдээ Америкийн хувьд хэлний оноо бол амжилт гэхээсээ шаардлагуудынх нь л нэг учраас нөлөөлөхгүй. Тиймээс бид нар эцэг эхийн санхүүгийн байдал, татвар төлсөн баримт, өрхийн жилийн орлогыг явуулдаг. Тэгээд энэ айл хүүхдэдээ 2 мянган долларыг жилдээ сургалтын төлбөрт нь зарцуулж чадах юм байна гэх мэтчилэн дүгнэлт гаргадаг. Монголын цалин олон улстай харьцуулахад бага учраас гадаадын их, дээд сургуулиудаас ийм санхүүгийн дэмжлэг авах бүрэн боломжтой. Миний авсан тэтгэлэг бол full-ride буюу энд амьдрах бүх зардал, амралтаараа Монгол руу ирж очих онгоцны тийзийг хүртэл сургуулиас даана.
-Монголоос өндөр төлбөртэй гадаадын топ их сургуулиудад зорьж очоод сурна гэдэг төсөөлөхөд хэцүү байдаг шүү дээ. Яг юу чамайг энэ бүхнийг би ч бас хийж чадна гэсэн бодолд хүрэхэд нөлөөлсөн бэ?
-Монголд энд байтугай Харвард, Оксфордын их сургуулиуд руу орж чадах хэмжээний потенциалтай хүүхдүүд маш олон байдаг. Гэхдээ Монголоос жил тутамд гадаадын их сургуулиуд руу өргөдөлөө явуулж буй хүүхдүүдийн тоо бага байдаг. Тийм болохоор боломж байгаа гэдгийг хүн бүр мэдээсэй гэж хүсдэг. Миний ажиллаж байхдаа анзаарсан зүйл бол би тэр хамт байсан хүмүүсээсээ бараг ганцаараа улсын сургууль төгссөн байсан. Өөр байсан ч гэсэн улсынх дундаа нэр хүнд сайтай сургуулиуд байсан. Тийм болохоор тэр хүмүүсийн хажууд чадахгүй мэт санагдах үе байсан. Хотын захын, хотын төвийн сургуульд сурдаг хүүхдүүд болон зайсан хооронд хандлага, багш нарын хэлдэг үг маш ялгаатай. Хувийн сургуулийн багш нар сурагчдадаа та нар дэлхийн хүүхдүүдээс дутахгүй гэж хэлдэг бол үлдсэн бусад хүүхдүүд нь Монголдоо их сургуульд орвол их юм гэдэг бодол суучихсан байдаг нь харамсалтай. Цагийн юмыг цагт нь хийгээд байж байхад л болчихдог юм шиг санагддаг. Хувийн сургуулийн хүүхэд мөртлөө хичээлдээ суудаггүй, дүн нь муу, нөхцөл нь байхад хийхгүй байгаа хүүхдүүд зөндөө байдаг. Хийх ёстой юмаа хийхгүй болохоор л тийм байдалд байгаа шүү дээ.
-Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд хэр таатай орон шиг санагдаж байгаа вэ?
-Сургуульдаа ирснээсээ хойш өлсөөгүй. Долоо хоногт 12 хоол идэх эрх өгдөг. Халуун газар болохоор их өлсөөд байдаггүй санагдсан. Хүнсний дэлгүүрийн үнэ ч гэсэн Монголоос ялгаагүй байсан. Зарим нь бүр ч хямдхан. Оюутнууд учраас ажил хийх боломжгүй. Эндэхийн шашны талаар сайн мэдэхгүй. Тийм болохоор хэцүү баригдмал орон юм болов уу гэж бодож байсан чинь харьцангуй гайгүй байсан. Бас боловсролд их хөрөнгө оруулдаг. Жишээ нь, Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби дахь Нью Йорк их сургуулийн оюутнууд хэрвээ энд тэнцээд ороод ирэх юм бол бүх төлбөрийг нь Шах нь даадаг гэсэн. Түгжрэлгүй, агаар нь ч гэсэн одоо дасаж байгаа. Хэрвээ би АНУ руу явсан бол буунаас, хар тамхинаас айх байсан байх. Энд бол орой гараад алхсан ч айх юмгүй. Дэлхийд хамгийн аюулгүй улсаар нэгд, аюулгүй хотоор манай хот 9-т жагсдаг юм билээ.
-Төгсөөд ямар ажил хиймээр байгаа вэ. Монголдоо юу эсвэл наанаа үлдэх үү?
-Бид нар 2-р курс төгстлөө мэргэжилгүй явж болдог. Тэр хүртлээ сонирхсон хичээлүүдээ үзэж, судалж болно. Би улс төр, эдийн засаг, бизнес алийг нь авах уу? шээд эргэлзээд байгаа. Дадлага хийгээд дажгүй компани олбол энд ажиллаж амьдрахад таатай гэж бодож байна. Абу Даби улсынхаа нийслэл ч гэсэн хүмүүс Дубайг л илүү гоё гэдэг юм байна лээ. Хичээл дээрээ испани хэл үзэж байгаа цаашдаа араб хэл үзээд ер нь дэлхийд олон хүмүүс хэрэглэдэг хэлийг сурмаар байгаа. Жаахан байхаасаа л олон улсын харилцааг сонирхдог байсан, одоо ч бодлоо хаяагүй. Олон улсад ажиллахыг л их хүсэж байгаа. Хэн нэгэнд нөлөөтэй хүн болохыг хүсдэг. Тэр ч утгаараа энд ингээд сурч байна.
-Монгол ч гэсэн ийм өндөр, чанартай боловсролын систем болон чадварлаг боловсон хүчнийг бий болгохын тулд яах ёстой гэж бодож байна вэ?
-Монголд залуучууд гадаад руу явах хүсэл нь ихэссэн байна. Гэхдээ тэрний хажуугаар бас их сургуульд сурах нь мөнгө, цаг хугацааны гарз гэдэг юм яваад байгаа. Би тэрийг буруу гэж боддог. Хүн яах вэ, хэрэгцээгүй зүйлээ сонгочихсон байж болно гэхдээ хэрэгтэй зүйлээ олох нь өөрөө их сургуульд сурахын гол учир юм болов уу? Боловсрол хэрэггүй байна гэж байхгүй. Боловсрол хэрэггүй гэж бодож байгаагаас болж амьдралаа улам хэцүү болгоод байгаа байх. Улсаас боржур солихоосоо илүү боловсролдоо анхаардаг байгаасай гэж би бодож байна. Жилдээ нэг удаа ч юм уу алслагдмал дүүрэгт суралцдаг хүүхдүүдэд гадаадын өндөр боловсрол эзэмшээд ирсэн хүмүүс нэгдсэн мэдээлэл очиж хийж, тэр хүүхдүүдэд боломж байгаа гэдгийг түгээн дэлгэрүүлээсэй, би ч гэсэн тэр хүмүүсийн нэг байхыг хүсэж байна. Манай сургууль олон улсын сурагчдыг авахыг их зорьдог. Улсынх нь хөгжил олон улсын хүмүүс дээр явж байгаа болохоор. Үүн шиг Монголын соёлыг хүмүүст таниулангаа давхар олон улсын хүмүүсийг ажиллуулдаг болоосой гэж хүсэж байна. Эмират бол элсэн цөлөн дээр баригдсан улс шүү дээ. Манай Монгол шиг байгальтай, цаг ууртай улс бол хүн амьдрахад таатай.
-Үеийнхээ найзууд, дүү нартаа хандаж хэлэх үг байвал хэлээд хоёулаа ярилцлагаа дуусгая.
-Боловсролд битгий сурсан ч, байсан ч яалаа гэдэг байдлаар хандаасай гэж хүсэж байна. Хичээж байхад болохгүй зүйл гэж байхгүй. Завсар жилийн хугацаанд хэрвээ би ийшээ ирж чадаагүй байсан ч надад маш олон сурсан зүйл үлдэх л байсан. Арай өөр юм эхлүүлээд явж байх ч байсан байж магадгүй. Тиймээс оролдоод үзээрэй гэж хэлмээр байна аа. Амжилт.