Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд орсон өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Энэ оны тавдугаар сарын 16-нд Зээлийн мэдээллийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч өнөөдөр тушаал гаргаж, ААН болон иргэдийн хар жагсаалт гэх зүйлийг байхгүй болгож байна. Энэ тушаал нь зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч байгууллагуудад бүгдэд нь хамаарна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, банкууд болон банк бусууд, бусад ААН-үүд орох юм. Ингэснээр нийт 70 мянган иргэн, ААН хар жагсаалтаас гарч байгаа юм. Хар жагсаалтыг санхүүгийн ял гэж хэлж болно. Тийнхүү хар жагсаалтыг алга болгож, харин зээлээ цаг тухайд нь төлөөд явж байгаа иргэдийг урамшуулдаг, оноо нэмдэг тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр илүү таатай нөхцөлтэйгөөр банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломжийг бий болно. Зээлээ төлөхгүй явж байгаад дараа нь төлж эхэлбэл бодит горимоор оноо нэмэгдэх болно. Зургаан жилээр хүлээлгэнэ гэх зүйл байхгүй болж байна. Гадаадын маш олон улс орнууд энэхүү системд аль хэдийн шилжсэн. Манай одоогийн тогтолцоо нь банкууд санхүүгийн сахилга баттай иргэдээ таньж чаддагггүй. Тиймээс зээлийн хүүгээ өндөр тавьдаг. Энэхүү шинэчлэлээр дамжуулан зээл төлж буй иргэдийг оноожуулж, цаг тухайд нь зээлээ төлж буй иргэд өндөр оноо цуглуулж, урамшуулал ч авах боломжтой болж байгаа юм. Ингэснээр банк зээл олгохдоо санхүүгйин сахилга баттай иргэдийг ялгах боломжтой болно.