Open iToim app
Эдийн засаг | 8 мин уншина

И.Батхүү: Монголын эдийн засгийн гол гарц нь төрөлжилтөд оршиж байна

И.Батхүү: Монголын эдийн засгийн гол гарц нь төрөлжилтөд оршиж байна
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 1
Монголын эдийн засагт тулгамдаж буй асуудал болон цаашид юун дээр анхаарах шаардлагатай талаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүтэй ярилцлаа.
-Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, үл хөдлөх хөрөнгийн салбар доройтсон нь Монголын нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод шууд нөлөөлж байна. Энэ нөхцөлд Монгол Улс экспортын орлогоо тогтвортой байлгахын тулд аль салбар, бүтээгдэхүүнд илүү анхаарах ёстой вэ?
-Монгол Улсын 2026 оны улсын төсвийг боловсруулахдаа юун түрүүнд анхаарах зүйл бол эдийн засагт нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлс юм. Олон улсын хэмжээнд геополитикийн тодорхойгүй байдал өнгөрсөн түүхэн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Үүнд АНУ, Хятадын худалдааны зөрчил, Орос, Украины дайн зэрэг гол хүчин зүйлс нөлөөлсөн бөгөөд эдгээр асуудал намжих бус улам хурцдаж, тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлсээр байна. Монгол Улсын эдийн засаг гадаад нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Учир нь манай улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулалт болон гадаад худалдааны гол хамтрагч нь БНХАУ юм. Хятадын эдийн засгийн төлөв байдал Монголтой шууд хамааралтай. Тэд дунд хугацаанд ДНБ-ээ 5 хувиар өсгөх зорилт тавьсан ч өнөөгийн нөхцөлд олон улсын судалгааны байгууллагууд болон эрдэмтдийн таамаглалаар энэхүү өсөлтөд хүрэхгүй, цаашлаад нэг жилээр ч бус хоёр жил дараалан 5 хувьд хүрэхгүй байх магадлалтай гэж үзэж байна. Иймээс гадаад орчны нөхцөл байдлыг товч дүгнэхэд, Монголын экспортын гол хөдөлгөгч хүч болох уул уурхайн салбарын бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч нь Хятад улс учраас тэдний эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийн түвшин бидний эдийн засагт шууд нөлөөлөхөөр байна. Хятад улсын дотоод эдийн засгийн нэг том сорилт нь үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт юм. Өнгөрсөн хугацаанд эхэлсэн энэ уналт одоог хүртэл арилаагүй, цаашид ч үргэлжилсээр байна. Энэ нь Монголын хамгийн үнэтэй экспортын бүтээгдэхүүн болох коксжих нүүрсний эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа. Мөн Хятадын гангийн үйлдвэрлэл дорвитой сайжраагүй хэвээр байгаа нь нүүрсний эрэлтийг бууруулах бас нэг хүчин зүйл болж байна. Үүнийг нэгтгэн хэлбэл, Хятадын эдийн засаг өөдрөг дүр зураг үзүүлэхгүй байгаа нь Монголын эдийн засагт шууд эрсдэл дагуулж байгаа юм.
-Ирэх оны төсөвт дотоод болон гадаад эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд, Монгол Улс экспортын орлого, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого, арга хэмжээг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой вэ?
-Монгол Улс экспортын бүтээгдэхүүнээ голчлон Хятадын зүүн хойд болон хойд бүсийн мужуудад нийлүүлдэг. Эдгээр бүс нутгийн эдийн засгийн өсөлт оны эхний байдлаар харьцангуй сайн, тав орчим хувьд хүрээд байна. Тиймээс Засгийн газар энэ чиглэлд онцгойлон анхаарч, экспортыг нэмэгдүүлэх, худалдааг дэмжих бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд биржийн арилжаа сүүлийн үед идэвхжиж, нүүрсний үнэ бага зэрэг өсөх хандлага ажиглагдаж байна.
Бид дотоод эдийн засгийн нөхцөл байдалдаа онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн мэдээгээр долоон сарын эдийн засгийн үзүүлэлтүүд зарлагдсан бөгөөд эхний хагас жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт төсөөллөөс доогуур гарсан. Ирэх оны төсвийн төсөөллийг хийхдээ эдгээр хамгийн сүүлийн үеийн тоон баримтад тулгуурлан, нарийн ажиглаж тооцоолох хэрэгтэй. Эдийн засаг, хөгжлийн яам тооцооллоо хийхдээ зөвхөн уламжлалт загвар, модел ашиглахаас гадна бодит салбаруудад ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн төлөвлөгөө, мэдээллийг үндэслэдэг. Тухайлбал, уул уурхайн гол төрийн болон хувийн өмчит экспортын компаниудын уулын үйлдвэрлэлийн төлөвлөгөө, экспортын гэрээ болон баталгаатай борлуулалтын мэдээлэл зэрэгт тулгуурлан тооцоо хийж байна.
Энэ оны эхний улирлын байдлаар ДНБ-ий өсөлт 2.4 хувьтай гарсан нь төсөөллөөс доогуур дүн юм. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, ялангуяа манай хил дээр тооцогддог нүүрсний үнэ 40 хувиар буурсан нь шууд нөлөөлсөн. Мөн нүүрсний экспортын хэмжээ ч буурсан тул бид тоо хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдэж, дотоод эдийн засгийн гүйцэтгэл оны эхнээс төдийлөн сайн биш байна. Өрхийн бодит орлогын өсөлт өнгөрсөн онд 17 хувиас давж байсан бол энэ онд тав орчим хувьд хүрч, өсөлт саарсан байна. Импортын хэмжээ ч буурч байгаа нь нэг талаас төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлөх мэт боловч нөгөө талаас дотоодын эдийн засгийн идэвхжил буурч байгааг илтгэж байгаа юм.
-Импортын хэмжээ буурч, дотоодын хөрөнгө оруулалт сул байгаа нөхцөлд, 2026 оны төсөвт ямар төрлийн хөрөнгө оруулалтыг хадгалах, урсгал зардлыг ямар түвшинд барих нь эдийн засгийг тогтворжуулахад хамгийн үр дүнтэй вэ?
-Импортын бүтэц дотор онцлог өөрчлөлт ажиглагдаж байна. Өмнө нь үйлдвэрлэлд ашиглагддаг тоног төхөөрөмж, түүхий эд, материалын импорт тогтвортой байсан бол энэ онд эдгээр бүтээгдэхүүний хэмжээ багасжээ. Энэ нь ирэх онд эдийн засгийн хөрөнгө оруулалтын орчин тийм ч таатай биш байхыг илтгэнэ. Өнгөрсөн хагас жилийн төсвийн гүйцэтгэлд хөрөнгө оруулалтын зардал хангалттай хэмжээнд биелээгүй. Үүнд төсвийн орлогын дутагдал болон бусад шалтгаанууд нөлөөлсөн бөгөөд энэ нь дотоодын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд сул тал болж байна. Үүн дээр нэмэгдээд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад буурсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал эх үүсвэр багассаныг харуулж байна. Эдийн засгийн бодит үйлдвэрлэлийн боломж буюу боломжит түвшин болон бодит өсөлтийн хоорондын зөрүүг харвал, сүүлийн хоёр улиралд энэ үзүүлэлт хасах руу орсон байна. Өөрөөр хэлбэл, манай эдийн засаг өөрийн чадавхдаа хүрч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа юм.
2026 оны улсын төсөв боловсруулахдаа хамгийн гол анхаарах зүйл бол мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх явдал юм.
Өөрөөр хэлбэл, эдийн засаг агшиж буй үед төрөөс эдийн засгийг дэмжиж, хувийн хэвшлийн үйл ажиллагааг тэтгэх бодлого баримтлах шаардлагатай. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын зардлыг огцом бууруулахгүй, тодорхой түвшинд хадгалах нь чухал. Гэхдээ энэ бүхнийг төсвийн алдагдлыг хэт нэмэгдүүлэхгүйгээр, хуулиар тогтоосон хязгаарт барьж хийх ёстой. Засгийн газар төсвийн бодлогоо боловсруулахдаа нийгмийн тулгамдсан асуудлууд болох иргэдийн эрүүл мэнд, боловсролыг орхигдуулахгүйгээр, зайлшгүй хийх хөрөнгө оруулалтыг хангаж, урсгал зардлаа зохистой түвшинд барих шаардлагатай. Үндсэндээ 2026 оны төсвийн бодлого нь эдийн засгийг дэмжих, нийгмийн хэрэгцээг хангах, хүний хөгжлийг дэмжих чиглэлд төвлөрөх ёстой. 2026 оноос цааш хөрөнгө оруулалтын бодлого нь дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх чиглэлд төвлөрөх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын төсөв бол ард иргэдийн нийтлэг хөрөнгө учраас үүнийг дотоодын бизнесүүдээ дэмжихэд ашиглах нь зөв бодлого юм. Эдийн засгийн хөгжлийн яамнаас дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл гаргаж, энэ баримт бичигт бодлогын зорилтыг тодорхойлдог. Тус баримт бичгийн дагуу ДНБ-д эзлэх төсвийн орлого, зарлагын хэмжээг үе шаттай бууруулах чиг хандлагатай байна. Энэ нь нэг талаас эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн жинг нэмэгдүүлэх, нөгөө талаас бизнес эрхлэгчдэд ногдуулдаг татварын дарамтыг бууруулах замаар татварын шинэчлэл хийх орон зайг ирэх гурван жилд бий болгож өгч байна гэсэн үг. Мөн урсгал зардлыг хатуу хязгаарлаж, жишээлбэл ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй барих зорилт тавьж байгаа. Урсгал зардлын дотор томилолт, арга хэмжээ зэрэг шүүмжлэл дагуулдаг үр ашиг багатай зардлыг бууруулж, зайлшгүй шаардлагатай хэсгийг нь хадгалан, төсөвт эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар багасгах нь зөв. Өөрөөр хэлбэл, 2026 оноос хэрэгжүүлэх төсвийн бодлого нь төрийн зардлыг оновчтой болгож, хувийн хэвшилд илүү их орон зай гаргах, татварын дарамтыг багасгах, дотоодын бизнесүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих чиглэлд шинэчлэгдэн хэрэгжих шаардлагатай байна.
-Уул уурхайгаас хэт хамааралтай Монголын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд аль салбаруудыг аль дарааллаар хөгжүүлэх, аль бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортын боломжийг түрүүлж дэмжих нь хамгийн үр ашигтай вэ?
-Монголын эдийн засаг сүүлийн 30 жилд огцом өсөлттэй явж ирсэн. Энэ хугацаанд ДНБ 10 дахин өссөн зэрэг томоохон амжилт бий. Хэдийгээр иргэдийн өдөр тутмын амьдралд жил бүрийн өөрчлөлт тэр бүр мэдрэгдэхгүй ч эдийн засгийн өсөлт бодитоор бий болсоор ирсэн. Энэ өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар байсан. Томоохон хөрөнгө оруулалт ихэнхдээ энэ салбарт төвлөрч, уул уурхайн экспорт нэмэгдсэнээр төсвийн орлого тэлэх боломжийг бүрдүүлсэн. Гэвч энэ нь давхар эрсдэл дагуулдаг. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг нь олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлд мэдрэмтгий болж, огцом өөрчлөлтөд өртдөг. Үүнийг эдийн засгийн уян хатан бус байдал буюу “Голланд өвчин” гэж нэрлэдэг. Иймээс уул уурхайгаас хамаарсан өндөр өсөлт тодорхой ололт авчирсан ч дагаад сөрөг үр дагаврыг ч бий болгосон юм. 
Монголын эдийн засгийн гол гарц нь төрөлжилтөд оршиж байна. 
Сүүлийн 30 жилд уул уурхайгаас хэт хамааралтай бүтэц бий болсон нь өсөлтийг авчирсан ч олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлд мэдрэмтгий болгож, тогтворгүй байдлыг дагуулж ирсэн. Тиймээс цаашид тогтвортой хөгжихийн тулд эдийн засгийг олон тулгууртай, тэнцвэртэй болгох шаардлагатай. Уул уурхайн салбараа үргэлжлүүлэн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалт хийх нь чухал. Үүнд гангийн үйлдвэр, кокс-химийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр зэрэг төслүүд багтдаг. Энэ нь экспортын тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулна. 
Уламжлалт хөдөө аж ахуйг шинэ шатанд гаргаж, нүүдлийн аж ахуйгаа хадгалсан ч эрчимжсэн үйлдвэрлэл рүү шилжих шаардлагатай. Ингэснээр олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно. Үүний тулд хорио цээрийн тогтолцоо, малын вакцинжуулалт, мал эмчийн үйлчилгээ зэрэг иж бүрэн системийг бүрдүүлэх хэрэгтэй.
Сэргээгдэх эрчим хүчний салбар нь дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ хөрш орнуудад экспортлох боломжийг нээж өгдөг. Монголын нар, салхины нөөц ихтэй тул зөв бодлого, хэлцэл хэрэгжүүлснээр энэ салбар эдийн засгийн шинэ тулгуур болох боломжтой.
Аялал жуулчлал нь шууд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй ч үйлчилгээний экспортын чухал эх үүсвэр юм. Жуулчид Монголд ирж мөнгө зарцуулснаар валютын орлого бий болгодог. Үүнийг хөгжүүлэхийн тулд аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулж, олон улсын нисэх буудлын сүлжээг өргөжүүлэх, агаарын тээврийг либералчлах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх шаардлагатай. Ирсэн жуулчид дахин ирэхээр болтол сэтгэл ханамжийг дээшлүүлэх нь чухал юм.
Мөн мэдээллийн технологи зэрэг шинэ салбаруудыг хөгжүүлэх боломжтой. Гол нь эдгээр салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг бий болгож, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан Монголын бараа, үйлчилгээг гадаад зах зээлд татварын хөнгөлөлттэйгээр гаргах орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
Манай экспортын дэд бүтэц, хилийн боомт, төмөр замын тээвэрийн хүчин чадал хязгаарлагдмал байгаа нь экспортын орлогыг нэмэгдүүлэхэд саад болж байна. Ийм нөхцөлд илүү үнэ цэнэтэй, овор багатай бүтээгдэхүүн тээвэрлэх замаар экспортын өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой юм.
Уул уурхайн салбарт ч төрөлжилт хийх шаардлагатай. Боловсруулалтын түвшинг сайжруулж, экспортыг төрөлжүүлэх нь чухал. Зэсээс гадна газрын ховор элемент, бусад төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, чанарыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг үе шаттай хийх хэрэгтэй.
Мөн геологийн салбарт эрэл хайгуулын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр Монголын газар нутаг дээр байгаа, ашиглаагүй баялгийн бодит нөөцийг тодорхой болгож, нэмэгдүүлэх боломжтой. Энэ алхам нь дунд хугацаанд буюу 5-10 жилийн дараа улс орны ирээдүйд үлдээх гол санхүүгийн нөөцийг бүрдүүлэх чухал ажил бөгөөд одооноос эхлэн төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай юм.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн