Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

"Гадаад, дотоодын их сургуульд элсүүлж өгнө" хэмээн залилсан 14 хэргийг илрүүлжээ

"Гадаад, дотоодын их сургуульд элсүүлж өгнө" хэмээн залилсан 14 хэргийг илрүүлжээ
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 30
Цагдаагийн байгууллагаас шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээл эхэллээ” арга хэмжээг есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд улс даяар зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан мэдээлэл өглөө. 
Тэрээр “Уг өдрүүдэд 5200 орчим цагдаагийн алба хаагч сургууль орчимд үүрэг гүйцэтгэж, сурагчдын аюулгүй байдлыг ханган ажиллана. Замын хөдөлгөөний зохицуулалт хийж, хүүхэд осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ сургуулиудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл орно. Мөн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор иргэдийг залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг нэмэгддэг. Тухайлбал, гадаад, дотоодын их сургуульд элсүүлнэ, дүн, оноо ахиулж өгнө гэх мэт худал амлалт өгч, мөнгө завших тохиолдлууд гардаг. Одоогоор энэ төрлийн 14 хэрэг илрүүлэгдэж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Статистик мэдээгээр, энэ оны эхний найман сарын байдлаар хүүхэд өөрөө үйлдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 27 хувиар буурсан бол хүүхэд хохирсон гэмт хэрэг 6.8 хувиар багасжээ. Энэ нь цагдаагийн байгууллагын болон бусад холбогдох байгууллагын урьдчилан сэргийлэх ажлын тодорхой үр дүнг харуулж байна гэж үзэж болох юм. Гэвч жил бүрийн намар, ялангуяа ес, аравдугаар сард хүүхдийн гэрийн даалгавар хийлгэхтэй холбоотойгоор эцэг эх, хүүхдийн хооронд үл ойлголцол үүсч, маргаан гардаг бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад ирэх дуудлага, мэдээлэл нэмэгдэх хандлагатай байдаг” гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн