Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хи-г авлигын хэрэгт яллагдагчаар татлаа

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хи-г авлигын хэрэгт яллагдагчаар татлаа
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 30
Тусгай прокурорын баг энэ баасан гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гон Хи-г улс төрийн хөрөнгийн зөрчил, хувьцааны арилжааны луйвар, авлигын хэрэгт яллагдагчаар татсан байна.
Энэхүү явдал Солонгосын түүхэнд анх удаа ерөнхийлөгчийн эхнэр яллагдсан тохиолдол болж байна. Баасан гарагийн шийдвэрийн дараа Юн Сук Ёл, Ким Гон Хи нар хоёулаа шүүхийн өмнө гарна.
Ким Гон Хи-гийн эсрэг үүсгэсэн гурван үндсэн ял:
  • Хувьцааны луйвар – 2010–2012 онд Deutsch Motors компанийн хувьцааны зохиомол арилжаанд оролцож, 8 тэрбум воноос (57.7 сая ам.доллар) илүү хууль бус ашиг олсон.
  • Улс төрийн санхүүгийн зөрчил – 2021–2022 онд нөхөр Юн Сук Ёл-той хамтран улс төрийн зууч Мён Тэ Гюн-ээр санал асуулга хийлгэсэн боловч 2.7 тэрбум воны төлбөрийг төлөөгүй.
  • Авлига – Нэгдлийн сүмийн гишүүн Жон Сон Бэегээр дамжуулан тус сүмээс 800 сая воны үнэтэй брэндийн цүнх (Chanel), алмаазан зүүлт зэрэг тансаг бэлэг авсан бөгөөд энэ нь сүмийн бизнесийг дэмжихийн төлөө өгсөн авлига гэж үзэж байна.
Тусгай прокурор мөн Ким Гон Хи-гийн 10.3 тэрбум воны хөрөнгийг царцаах шүүхийн захирамж хүссэн бөгөөд энэхүү мөнгө түүний хууль бус орлого гэж үзэж буй мөнгөн дүнтэй тэнцэж байгаа юм. Прокурорууд нэмэлт авлигын хэргүүдийн мөрдөн шалгалтыг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.
Ким Гон Хи-г наймдугаар сарын 12-нд шүүх баривчлах зөвшөөрөл олгосны дараа нотлох баримт устгах эрсдэлтэй гэж үзэн баривчилжээ. Сүүлийн хугацаанд түүнийг таван удаа байцаасан ч тэрээр ихэвчлэн чимээгүй байх эрхээ ашигласан байна. Гэсэн хэдий ч мөрдөн байцаагчид түүний эсрэг гүйлгээний баримт, харилцааны бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр нотолгоо цуглуулсан гэжээ.
Тэрээр яллагдсаныхаа дараа олон нийтэд уучлалт гуйсан ч гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн цаашид бүх шүүх хуралдаанд үнэнчээр оролцоно гэж амлаад прокурорууд, шоронгийн ажилтнууд болон өмгөөлөгчдөд талархал илэрхийлсэн байна.
Энэ хэрэг нь Ким Гон Хи-гийн хувьд огцом эргэлт авчирлаа. Түүний нөхөр ерөнхийлөгчийн суудалд байх үед Ким олон дуулианд нэр холбогдож байсан ч прокурорын байгууллагаас бараг шалгагддаггүй байв. Түүнийг байцаалтанд дуудах болгонд очихоос татгалздаг байсан нь “хааны эрх эдэлдэг” гэх шүүмжлэл дагуулж байв. 2022 онд прокурорууд Deutsch Motors болон брэндийн цүнхний хэргүүдийг “нотлох баримт хангалтгүй” гэж хэрэгсэхгүй болгож байсан юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн