Өнгөрсөн долоо хоногт GAP брэнд Katseye хамтлагтай хамтарч “Better in Denim” гарчигтай жийсний сурталчилгаанд зориулсан бүжгийн бичлэгийг цацсан нь сошиал платформууд дээр сая, сая үзэлт авч, шуугиулаад байна. Уг сурталчилгааг “GAP брэнд American Eagle брэндийн өнгөрсөн сард хийсэн сурталчилгааны араас цацаж буй нь маркетингийн талаасаа маш сэргэлэн байлаа” хэмээн хүмүүс дүгнэж байгаа юм. Одоогоор тус бүжгийн бичлэг нь GAP брэндийн албан ёсны TikTok хаяг дээр гэхэд л 42.3 сая гаран үзэлт, 4.2 сая хандалт цуглуулсан байна. Мөн сурталчилгаанд багтаасан жийнсний намрын коллекц загварууд эрчимтэй зарагдаж, сошиалд “Би амьдралдаа ингэж их жийнс авахыг хүсэж байсангүй” гэх сэтгэгдлүүд үлдээж байна.

Katseye хамтлагийн хувьд зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 онд дэбютээ хийсэн бөгөөд 6 гишүүн тус бүр өөр, өөр үндэстэн гэдэг нь поп хөгжмийн салбарт томоохон байр суурийг эзлэхэд түлхэц болсон. Тэр ч утгаараа өөр, өөр төрлийн гоо үзэсгэлэн, арьсны өнгө энэ дэлхий дээр зэрэгцэн оршиж болдог ба соёлын олон талт байдлыг харуулсан гэдгээрээ олны магтаалыг хүртэв. Katseye хамтлаг тус сурталчилгааны дараа өгсөн ярилцлагадаа “Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирж нэгдсэн. Өөр, өөр хэл соёл бас түүхтэй. Гэхдээ энэ зүйл л бидний дуу хоолой, хэв маяг мөн оршихуйг бусдаас ялгаруулж тодосгож чаддаг” гэж гол утга санааг онцолсон байна.
Мэдээж сайн болон муу зэрэгцэн оршиж байж ёс суртахууны хэмжигдэхүүний ялгааг гаргадаг учраас GAP брэндийн энэхүү сурталчилгааны утга санааны эсрэг нь өнгөрсөн сарын 23-нд цацагдсан жүжигчин Сидни Суинигийн American Eagle гэх жийнсний брэндтэй хамтарсан сурталчилгаа байсан бөгөөд энэ нь хүмүүсийн эсэргүүцэл газар авч LGBTQ нэгдлийн гишүүд, АНУ-ын улс төрчид болон намууд хүртэл оролцож Ерөнхийлөгч Дональд Трамп “Халуухан реклам байна” гэсэн магтаал ч гэх үү сэтгэгдлийг өгөөд амжсан юм. Тус реклам нь эхлэх үедээ жүжигчин бүсгүй жинснийхээ товчийг товчилж, дэлгүүрээ хаагаад өмдөө өмсөж буй байдлаар дараагийн дүрс лүү шилжиж "genes” болон “jeans” гэх хоёр үгийн төстэй дуудлага дээр тулгуурласан текстийг хэлнэ.
“Генетикийн мэдээллүүд (жинс) эцэг эхээс өвлөгдөж ирдэг. Үсний өнгө, зан араншин, тэр ч бүү хэл нүдний өнгийг тодорхойлдог. Миний ген (жинс) цэнхэр өнгөтэй. Сидни Суини гайхалтай гентэй (жинстэй).”
Энэ үгээрээ American Eagle брэндийг Сидни Суиниг тоглуулж цагаан арьстан тэр дундаа шаргал үстэй, цэнхэр нүдтэй барби шиг эмэгтэй хүн бол бүх цаг үеийн хамгийн “үзэсгэлэнтэй” гэх улиг болсон гоо сайхны стандартыг одоог хүртэл үнэн мэт итгүүлж арьс өнгөөр ялгаварласан тэр утгаараа Нацист үзэл санааг шингээсэн мөн хэвтсэн байдалтайгаар, өмдөө өмсөж байгаагаар дүрсэлсэн нь эмэгтэй хүнийг бэлгийн дур хүслийн бэлгэ тэмдэг болгох зэрэг асуудлуудыг агуулсан гэх шалтгаанаар шүүмжилсэн. Уг рекламын дараа “Феминизмийг жаран жилээр ухрааж өгсөнд баярлалаа Сидни” гэх постуудыг олон хүмүүс нийтэлсэн юм.