Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулсан юм.
Боловсролын салбарын урсгал зардал 2025 онд 3.8 их наяд төгрөг батлагдсан. Үүний 70 орчим хувь буюу 2.6 их наяд төгрөг нь цалингийн зардал байна. Боловсролын салбар 2022 оноос бүтээмж, ур чадварт суурилсан цалин хөлс, гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлж буй. Ингэснээр багш нарын дундаж цалин нэмэгдсэн ч ЕБС-ийн 1-5 жил ажилласан залуу багш нарын цалин бага, үндсэн цалин нь нэг сая 488 мянган төгрөг байна. Нийт багш нарын 52 орчим хувь нь 15-40 хувийн урамшууллыг сар бүр тооцож, улиралд нэг удаа авч байна.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчид багшийн ялангуяа, залуу багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багшийн хөгжил, нийгмийн асуудал, орон сууцны хангамжид анхаарч өгөхийг хүслээ. Нийслэлийн зарим сургуулийн нэгдүгээр ангийн нэг ангид 70 хүүхэд хуваарилагдсан байна. Анги даасан багш нарын ажлын ачаалал өндөр байгаад анхаарч арга хэмжээ авах багш нарын шаардлагыг Ерөнхий сайдад уламжиллаа.