Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар, Б.Мөнхсоёл нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Монгол Улс хүүхэд залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, тэдний ирээдүйг зөв дадалтайгаар төлөвшүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Монголд тамхидалт хурдацтай өсөж байгаа бөгөөд 2023 оны судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи хэрэглэдэг, харин дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татдаг гэсэн судалгаа бий. Манай улс Ази, Номхон далайн бүс нутагт тамхидалтын тархалтаараа эхний долоонд бичигдэж байна. Жил бүр Монголд ойролцоогоор дөрвөн мянга гаруй хүн тамхины хэрэглээнээс шалтгаалан нас бардаг нь нийгмийн эрүүл мэндийн бодлогыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Иймээс нэр бүхий гишүүд боловсролын байгууллага, эцэг эхчүүдтэй хамтран “Аливаа хэлбэрийн тамхигүй, хорт зуршилгүй сурагчид, сургууль” аяныг өрнүүлж байна.Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн эмч Б.Сарантуяа: Тамхины хор хөнөөлийг зөвхөн сурагчдад ойлгуулаад зогсохгүй эцэг эхчүүдтэй хамтран ажиллах шаардлагатай юм. Янжуур болон электрон тамхи хүний биед адилхан хор хөнөөлтэй бөгөөд дунд ангийн сурагчид сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд электрон тамхиа нууж, нууцаар хэрэглэж байсан тохиолдол ч гарсан. Зарим хүүхэд сэтгэл санааны тогтворгүй байдлаасаа болж электрон тамхи татаж байгаагаа хэлсэн юм.