Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

БНСУ-ын ДНБ-ий гурван хувийг К-поп урсгалын орлого бүрдүүлдэг

БНСУ-ын ДНБ-ий гурван хувийг К-поп урсгалын орлого бүрдүүлдэг
iToim
+ Дагах
Нийтэлсэн 9 минутын өмнө
Солонгосын кино урлаг, дуу хөгжим, хоолны соёл дэлхий дахинаа аль хэдийнээ танигджээ. Энэ нь зөвхөн биет болон биет бус соёлын өв гэдгээр зогсохгүй БНСУ-ын зөөлөн хүчний бодлого бөгөөд тус улсын аялал жуулчлал, эдийн засгийн салбарт гол хөдөлгөгч хүчин зүйл болсон.
“Солонгос” гэвэл бидний толгойд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? К-поп, олон ангит өшөө авалттай кинонууд эсвэл кимбаб байх. Энэ бүхэн бүгд K-Wave (한류) буюу Өмнөд Солонгосын соёлын давлагааны нэгээхэн хэсэг билээ. Соёлын давлагааг хоёр үед хуваадаг бөгөөд эхний үе нь 1990 оны сүүлээс эхэлсэн. Тухайн үед Өмнөд Солонгосын бүрэн хэмжээний кинонууд дэлхийн зах зээлд гарч олон орны үзэгчидтэй болж байснаас гадна 2000-аад оны эхээр BigBang, Wonder Girls, Girls Generation, T-ARA гэх мэт олон алдартай К-попын II үеийн хамтлагууд дэбютээ хийж байв. 2008 оноос хойш хоёрдугаар үе эхэлж өдийг хүртэл үргэлжилсээр байна. К-поп шүтэн бишрэгчдийн дунд хэн, хэзээ, анх энэ амжилтын замыг гаргасан гэдэг талаар маргаан одоог хүртэл үргэлжилсээр байдаг. Гэвч тэрхүү эхлэлийг 2012 онд цацагдсан PSY-ийн Gangnam Style дуу YouTube дээр 1 тэрбум үзэлт авснаар эхэлсэн гэж үздэг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оксфордын толь бичигт “dalgona”, “hyung”, “noraebang”, “maknae”, “jjigae”, “tteokbokki”, “pansori” гэх 7 солонгос үгс шинээр нэмэгдсэн нь ч бас Солонгосын соёлын нөлөө хэр хүчтэй байгааг харуулж байгаа юм.
Эдийн засагт нөлөөлөх нь
2023 онд БНСУ-д зорчсон жуулчдын тоо 11 сая орчим, үүний дундаас 32 хувь нь К-поп, К-Драма болон бусад Солонгосын соёл урлагийн нөлөөгөөр аялсан гэсэн судалгаа байдаг. Үүнээс гадна K-Beauty буюу арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний алдар нэр ч бас Солонгосын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлдэг байна.
Hyundai Research Institute-ийн мэдээлснээр, БНСУ-ын ДНБ-ий ойролцоогоор 3 хувийг К-поп урсгалын орлого бүрдүүлдэг байна. 2024 оны байдлаар Солонгосын эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын зах зээлийн хэмжээ  4.1 сая ам.доллар, үүнээс К-поп концертын орлого нь нийт дүнгийн 52 хувийг эзэлж байжээ. Энэхүү тоо 2025–2033 оны хооронд жил тутамд 20.3 хувь өснө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Жишээлбэл, 2019 онд BTS хамтлагийн улсдаа оруулсан ашиг орлого нь жилийн 4.65 сая ам.доллар байсан бөгөөд тус улсын ДНБ-ий 0.3 хувьтай тэнцэж байв. Жуулчдын хувьд тоглолт үзэхээс гадна оддын дууны бичлэг, нэвтрүүлэг болон алдартай К-драма кинонуудын зураг авалт хийсэн газруудыг хамгийн их сонирхож очдог байна. 
К-поп
undefined
Дангаарчлал ба даяарчлал өөр өөрийн сул талтай нь адил дэлхий дахин өөрийн гэсэн өнгө төрхийг тогтоож чадсан К-поп урсгалын хувьд жилээс жилд сонсогчдоосоо “Жинхэнэ К-поп байхаа больчихож” гэсэн шүүмжлэл авсаар байна. Хамтлаг, уран бүтээлчид дууны үгэнд түлхүү Англи үг ашиглаж, бүжиг дэглэлт, ая, хувцаслалт гээд бүх зүйл дээр тэнцүү анхаарахаа больж чанар муутай дуунууд хийдэг болсон гэж яригдаж байна. Сүүлийн хоёр жилийн турш тус тусын соло карьераа хөөж байсан BLACKPINK хамтлагийн гишүүд эргэн нэгдэж, аялан тоглолтоо хийсэн нь энэ зуны онцлох явдал байлаа. Тэр чинээгээрээ хүлээлт шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт өндөр байлаа. 78 мянган хүний суудалтай Сөүл хотын Goyang стадионд болсон BLACKPINK DEADLINE аялан тоглолтын хоёр өдрийн орлого л гэхэд 9.62 мянган ам.долларт хүрсэн байна. АНУ-ын зах зээлд BLACKPINK хамтлагийн тоглолтын тасалбар хамгийн багадаа 100-150 доллароос эхэлж байсан бол Солонгос дахь тоглолтын тасалбар нь хамгийн хойд талын суудал нь гэхэд 99,000 вон байв. Тэдний аялан тоглолтоороо зочлох дараагийн улс нь Тайваний Гаосюн хот юм. Уг тоглолт ирэх аравдугаар сарын 18, 19-ний өдөр тус тус зохион байгуулагдана. Тоглолтын тасалбарын үнэ нь хамгийн багадаа 1800 NTD (180,000 төгрөг)-оос эхэлж, хамгийн үнэтэй VIP суудал нь 8800NTD (880,000 төгрөг) байна.
undefined

К-драма
undefined
Кино урлагийн салбарт 2019 онд Бун Жүн Ху найруулагчийн “Parasite” кино Оскарын наадмаас шагнал авсан явдал нь том тэсрэлт болж байв. К-драма буюу олон ангит киноны хувьд 2021 онд Squid Game цувралын I улирал гарснаар дэлхий даяар 142 сая хүн энэ цувралыг үзэж, 4.4 тэрбум ам.долларын ашгийг БНСУ-ын эдийн засагт төвлөрүүлсэн гэж Bloomberg-ийн судалгаанд дурдсан байдаг. Squid Game цувралын хувьд кинондоо Солонгосын уламжлалт тоглоом наадгай, дууг шингээсэн нь сонирхол татахуйц болсон нэгэн шалтгаан гэхэд хилсдэхгүй билээ. Тус цуврал өнгөрсөн зургадугаар сард III бүлгээ цацаж Netflix дээр эхний 3 өдөртөө 60 сая гаруй үзэлтэд хүрсэн. Уг бүлгийн нийт орлогын тоог олон нийтэд шууд зарлаагүй ч 68.6 сая долларын өртгөөр бүтэж, Netflix 11.8 тэрбум ам.долларын орлого олж, цэвэр ашиг нь 3.1 тэрбум ам.долларт хүрсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Бэлтгэсэн: С.Эгшиглэн
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн