Монцемент Билдинг Материалс ХХК 10 жилийн ойн хүрээндээ тогтвортой хөгжлийн тайлангаа анх удаа олон нийтэд дэлгэн танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд тус компани тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдээ дотооддоо л тайлагнаж ирсэн бол энэ жилээс эхлэн ил тод байдлыг нэмэгдүүлж, тайлангаа олон нийтэд хүргэж байна.
Сүүлийн 10 жилд Монцемент нийтдээ 5 сая тонн цемент үйлдвэрлэсэн байна. Энэ хугацаанд 400 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, нийт 632 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Ялангуяа 2022 оноос хойш ханган нийлүүлэгчидтэй хийсэн худалдааны хэмжээ 4.7 дахин, татварын орлого 1.7 дахин өссөн байна.
Үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойш нийт 82 тэрбум төгрөгийн татварын урсац бий болгосноос 60.9 хувь буюу 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрсөн бол Дорноговь аймаг болон Өргөн сумын төсөвт 6.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд компанийн зүгээс хүүхэд, боловсролын чиглэл давамгайлсан 30 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Технологи ба байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл
Монцементийн үйлдвэр нь 100 хувь автоматжсан, хуурай аргын үйлдвэрлэлтэй бөгөөд хаягдал дулааныг эрчим хүч болгон ашиглах WHRPG технологийг Монголд анх нэвтрүүлсэн юм. Энэ технологийн ачаар төвийн эрчим хүчний ачааллыг 45 хувь хүртэл бууруулж, 120 сая кВт.ц эрчим хүчийг дахин ашиглан, нийтдээ 621 сая кВт.ц эрчим хүчийг хэмнэжээ. Үүний үр дүнд 100 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулсан нь 4 сая мод тарьсантай дүйцэх үзүүлэлт юм.
Мөн усны хомсдолтой Говийн бүс нутагт байрлаж буй үйлдвэрийн хувьд 2020 оноос эхлэн ус цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулж, өнөөг хүртэл 99 мянган тонн усыг дахин боловсруулжээ. Үүний 90%-ийг үйлдвэрийн тоног төхөөрөмж хөргөхөд ашиглаж байгаа нь тогтвортой үйлдвэрлэлийн чухал шийдэл болж байна.
Монголын цементийн салбарт тогтвортой хөгжлийн тайлангаа олон нийтэд анх удаа нээлттэй танилцуулж буй компани бол Монцемент Билдинг Материалс ХХК юм. Ирээдүйд ч үйлдвэрлэл, нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал гурвыг уялдуулсан бодлогоо үргэлжлүүлэхээ тэд онцолж байна.
10 жилийн ойн баяраа тэмдэглэж буй Монцемент Билдинг Материалс ХХК-ийн хамт олонд баярын мэнд хүргэе.
Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.