Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Вьетнам руу чиглэсэн хар салхины улмаас 500,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Вьетнам руу чиглэсэн хар салхины улмаас 500,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Вьетнам улс Кажики хар салхи дөхөж ирэхийн өмнө 586,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргалаа. Одоогоор уг хар салхи цагт 166 км (103 миль)-ийн хурдтай салхилж байгаа бөгөөд даваа гарагийн өглөө эрэгт хүрэхээсээ өмнө улам хүчтэй болох төлөвтэй гэж цаг уурчид мэдээлэв.
Төвийн Тхань Хоа, Куанг Чи, Хюэ болон Да Нанг мужуудын иргэдийг гэр орноо орхин нүүхийг тушаасан байна. Нислэгүүдийг цуцалж, завь, онгоцнуудыг эрэг дээр хоригложээ. Хар салхи Хятадын Хайнань арлын дэргэдүүр өнгөрч байгаа бөгөөд тус улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр 320 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна.
Кажики хар салхи Вьетнамын нутгийн гүн рүү нэвтрэхдээ хүч нь сулрах ч гэсэн 200 км/цагийн хурдтай салхи, 300–400 мм хур тунадас дагуулан цохилт өгөх магадлалтай аж. Мөн 2–4 метр өндөр давалгаа үүснэ гэж үзэж байна. Албаныхан хар салхины урьдчилсан замд байгаа иргэдийг ням гарагийн 14:00 цагаас хойш гадаа гарахгүй байхыг анхааруулжээ. Цэргүүдийг ч бас тусламжийн ажиллагаанд дайчлаад байгаа юм.
“Нөхцөл байдал маш аюултай байгаа бөгөөд аялал жуулчлалын болон загас агнуурын хөлөг онгоц, усан аж ахуйн байгууламж зэрэгт аюул учрах боломжтой” гэж Хөдөө аж ахуй, байгаль орчны яамны төлөөлөгчдийг AFP агентлаг эш татан мэдээлжээ.
Албаныхан энэ хар салхи өнгөрсөн оны есдүгээр сард болсон “Яги” хар салхитай адил гамшиг авчрах вий гэж эмээж байна. Тухайн хар салхины улмаас бүс нутаг даяар хэдэн зуун хүн амь үрэгдэж, зөвхөн Вьетнамд гэхэд 300 хүн амиа алдсан юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн