Ойд умбах буюу япон хэлээр шинрин-ёкү (森林浴) гэж нэрлэдэг дадал нь хүнийг байгальд бүрэн уусгаж, бүх мэдрэхүйгээрээ ой, ногоон орчинтой холбогдохыг зорьдог нэгэн төрлийн бясалгал юм. Энэ ойлголт Японд 1980-аад оны үед бий болж, эрүүл мэндийг дэмжих албан ёсны хөтөлбөрийн хүрээнд хөгжсөн байдаг.
Японы Ойн агентлаг тухайн үед ажлын стресс ихсэж, хотжилт эрчимжсэн нийгэмд хүмүүсийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих арга замыг хайж, ойд алхах, байгальд хугацаа өнгөрөөхийг эмчилгээний шинж чанартай дадал болгон хөгжүүлжээ. Шинрин-ёкү нь ердөө ой модонд алхах биш, харин тухайн мөчид бүрэн төвлөрч, байгаль орчноо харах, сонсох, үнэрлэх, хүрэх, амтлах гэсэн таван мэдрэхүйгээрээ мэдэрч, бие сэтгэлээ тайвшруулахыг зорьдог байна. Энэ нь анхаарлаа сарниулах технологи, ажил, өдөр тутмын стрессээс холдож, "одоо энд" байх дадлыг хөгжүүлдэгээрээ онцлог юм.
Судалгаагаар ойд умбах дадал дараах үр нөлөөг үзүүлдэг гэж үзжээ:
Стрессийн даавар болох кортизолын түвшинг бууруулдаг
Зүрхний цохилт болон цусны даралтыг тогтворжуулдаг
Дархлааны үйл ажиллагааг дэмжиж, хорт хавдрын эсрэг эсийн идэвхийг нэмэгдүүлдэг
Сэтгэл түгшүүр, депрессийн түвшинг багасгаж, эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг
Анхаарал төвлөрөл, бүтээлч сэтгэлгээг сэргээдэг байна.
АНУ-ын Умард Каролина мужид “ойд умбах” замыг байгуулсан “Pinnacle Forest Therapy”-гийн үүсгэн байгуулагч, ой эмчилгээний хөтөч Марк Эллисон энэ дадлын ач холбогдлыг онцлон, “Энэ бол тайвширч, байгальтай бүх мэдрэхүйгээрээ холбогдох, тухайн мөчид орших тухай юм” гэж тодорхойлжээ. Түүний удирддаг аяллууд 90 орчим минут үргэлжилж, чимээгүй ажиглалт, амьсгалын дасгал, бясалгал зэргийг хослуулдаг. Зарим оролцогч сэтгэлээ онгойлгон уйлах, хайртай хүнээ дурсах, сэтгэлзүйн шархаа анагаах зэрэг гүн сэтгэл хөдлөл мэдэрдэг байна. Энэхүү зарчим нь Мичиганы их сургуулийн судлаачид Стивен болон Рэйчел Каплан нарын боловсруулсан “анхаарал сэргээх онол”-той нийцдэг. Тэдний үзсэнээр байгальд өнгөрүүлэх цаг нь хүний оюун санааг ядраадаг тасралтгүй анхаарал шаардсан орчноос холдуулж, тархийг амраадаг байна.
Шинрин-ёкү хийхэд заавал ууланд авирах эсвэл гүн ойд орох шаардлагагүй. Өөрийн гэрийн хашаа, орон нутгийн цэцэрлэг, ойролцоох ногоон байгууламжид ч хийж болно. Хэдхэн минут ч гэсэн модны дэргэд суугаад, утсаа унтрааж, чимээ сонсон, навч, мөчир, агаарыг мэдрэх нь хангалттай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.
Өнөөдөр энэ дадал дэлхий даяар түгэн дэлгэрч, олон оронд ой эмчилгээний хөтөч бэлтгэх сургалт, гэрчилгээтэй аялал зохион байгуулдаг болсон. Түүнчлэн нийгмийн сүлжээнд ч түгээмэл болжээ. Жишээлбэл, TikTok-д #forestbathing гэсэн хаштагтай 45 мянга гаруй бичлэг нийтлэгдэж, оролцогчид сэтгэцийн эрүүл мэндэд эерэг өөрчлөлт мэдэрсэн тухайгаа хуваалцсан байна. Өөрөөр хэлбэл, ойд умбах нь байгальд алхах энгийн зуршлаас илүүтэйгээр сэтгэлзүйн эмчилгээний, бясалгалын чанартай дадал бөгөөд хүнийг одоогийн мөчид төвлөрүүлж, бие, сэтгэл, оюуныг сэргээдэг амьдралын хэв маяг болсон юм.