Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

Ард кино театрын талаар ХЭН юу хэлэв

Ард кино театрын талаар ХЭН юу хэлэв
Нийтэлсэн 8 минутын өмнө
Нийгмийн сүлжээнд Ард кино театртай холбоотой маргаан дахин дэгдлээ. Дахин гэдгийн учир нь Ард кино театрын газар дээр барилга баръя, эдийн засгийн эргэлтэд оруулъя гэх бүрд өмч, хувьчлалын хэрүүл өрнөдөг.
1996 онд хувьчлагдсан цагаас хойш буюу 20 гаруй жил Ард кино театр нийтэд үйлчилсэнгүй. 1930 онд ашиглалтад орсон үндсэн барилгынх нь насжилт дуусаж, балгас болсныг нийтээрээ харж байгаа. Ардчиллын анхны партизан, Төрийн соёрхолт Д.Сосорбарамыг Ард кино театрыг хувьчилж аваад юу ч хийсэнгүй гэж шүүмжилдэг ч юм хийх гэхээр нь тухайн үеийн эрх баригчид зогсоочихдог байсан тал ч бий. Хамгийн сүүлд 2021 онд Д.Сосорбарам Ард кино театрын газраа гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн компанид шилжүүлж байгаагаа мэдээлсэн. Тухайн компани Ард кино театрын суурин дээр 25 давхар санхүүгийн төв байгуулахаа мэдэгдэж байв. Харин тухайн компани барилгаа барих гэтэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар газрыг нь хэсэгчилж нийтийн эзэмшилд авч, Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилгын А даалгаврыг цуцлаад байна.
Ард кино театр тойрсон асуудлаар нийгмийн сүлжээнд хэн юу хэлснийг хүргэж байна.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр: Ард кино театр нь 1965 онд ашиглалтад орсон, нийслэлчүүдийн соёлын түүхийг өгүүлэх үнэт барилга юм. Нийслэлийн Засаг даргын Захирамжиид Од театр ХХК нь эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн байх тул Нийслэлийн Ерөнхий Архитекторын зүгээс өмнө нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зургийг хүчингүй болгож байна.
Мөн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл”-ийн хүрээнд түүхэн дурсгалт соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
Төсөл хэрэгжүүлэгч ICB Tower төслийн захирал А.Урангоо: 60 жил тоохгүй хаячихаад хувьд шилжээд 20 гаруй жил, кино үзүүлээгүй 30 жил, актлагдаад 6 жил, шинэчлэгдсэн төсөл болоод 5 жил ямар ч дахин сэргэх байтугай хүн орох аргагүй болсны дараа гэнэт соёлын өвд бүртгэнэ гэнэ. А даалгаврыг цуцлах бичиг ирлээ. Тэд хувийн хэвшилтэйгээ хамтран сэргээж сайжруулах уулзалт хийхийн оронд зөвхөн олон нийтэд л ард түмэнд авлаа, цуцаллаа, гэнэт соёлын өв болгоно гэнэ. Ямарч боломжгүй. Битүү шээс баас, архины шил, нуранги, хөгцөрөлт байгаа. Хэд дамжсан хувь хүний хөрөнгө ш дээ. Нураагаад кино театртай хосолсон консептоор бариулж хамтран ажилласан нь дээрдээ нийслэлийн удирдлагуудаа!
Ер нь Сосорбарам гуай хууль ёсны дагуу худалдаж аваад 2021 онд IBC Tower төсөлд бас хууль ёсны дагуу худалдсаныг бид бүгдийг баталж чадна. Одоо наад “тэгсэн л байх” гэсэн таамаг төдий яриагаа боль. Барилгажих хашаагаа бариад, нийтийн эзэмшлийн талбайг хувийн хөрөнгөөр тохижуулаад янзлах хэвээрээ. Өөрсдөө ирж үзээгүй байж дахин сэргээх бла бла-гаа бас боль, боломжгүй гэдгийг зарсан авсан, баталсан, шинжилсэн, улс нийслэлийн дарга нар БҮГД МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ байгаа. Бид аваагүй бол яг үнэндээ нэг улстөрч нь авах байсан, энэ байршлыг. Зүгээр л төвийн гоё байршил, хэний ч анхаарал татна. Бүх техникийн нөхцөл гарсан, А даалгавар ч гарсан. Хувийн өмчийг хүндлэхээ больё, зүгээр оролцохгүй байгаад өгөөч! Бид бүгдийг та нарын удирдлагад, дарамтлуулдагаараа дарамтлуулаад ном журмын дагуу хийнэ, дараагийн дарга бас л нэг юм яриад гарч ирнэ. Энийг одоо больё л доо. Ажлаа явуулъя.
Иргэн Ц.Уянга: Өвийн санд бүртгэлтэй Төв музейг бүр хууль зөрчиж өвийн сангаас хасагдаагүй байхад нурааж, нийслэл хотын маань нэгдсэн төлөвлөлтийн анхны акцизыг эвдэж, архитектурын ансамблиас шал далий брутал бетон босгоход эсэргүүцээгүй, халаглаагүй, хэнд ч хэрэггүй шаврыг нь гайхаж байсан МАНгасууд өвийн санд ямар ч хамааралгүй, архитектурын шедевр биш зүгээр дөрвөлжин сав, авах юмгүй балгас болсон Ард кино театрыг чухам хайрлаж гэнэ дээ. Манай 40 мянгатынхан ч биш хаа хамаагүй хөдөөгийн оркууд Со ах руу дайрч, хотод жигтэйхэн хайртай болж жүжиглээд, нэгэнт хувийн өмч болсон хүний хөрөнгө руу халдаж байгаам бол яг энэ жишгээр нь Баянгол, ХИД-2, Талх, чихэр, Мах комбинат, Жуулчин, Цирк, Парк, Хангай ЗБ гээд бүгдийг нь хурааж, булааж автал тэмцэх болно!!! Хууль ялгавартай үйлчлэх ёсгүй!
Нийтлэлч Б.Батбаяр (Баабар): Ард түмэн "АРД" гээд өөрснөөр нь нэрэлсэн кино театраа харамлаад байгаа юм биш ээ. Улаанбаатараар хангалттай орчин үеийн кино театр байж л байна. Өдгөө 400-500 хүн бөөнөөрөө орж кино үздэг үе ч өнгөрсөн. Энэ өмхийрсөн барилгыг Со авч шинэчлэх гэж байгаа учраас л өчнөөн жилийн турш мооёочууд, жэнокчид зүгээр л хорлох гэж байгаа юм. Ард түмний шаардлага гэгчдийн тоолбол наад кино театрын нэг танхимын талыг ч дүүргэхгүй. Хорсол, атаархал, хонзогнол, жөтөөрхөл! Ард түмний нэрээр Баянголыг ч нэхэж болно.
УИХ-ын гишүүн Цэнгүүн: Төр нь өөрсдөө эхлээд болно гээд зөвшөөрөл өгнө. Баахан төслийн хөгжүүлэлт хийж байтал нэг шинэ дарга гарч ирээд үгүйсгэнэ. Төр нь өөрсдийн гаргасан шийдвэрээ цуцална. Тухайн үед зөвшөөрөл өгсөн төрийн албан хаагчид биш хөрөнгө оруулагч, хувь хүмүүс цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирно. Хэдэн жилийн дараа өөр нэг тохиролцсон хүмүүс нь “шинэ төслөө” хэрэгжүүлнэ. Эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр ажилдаггүй том усан оргилуур шиг юм хэдэн тэрбумаар шахна. Энэ үйл явцыг чимээгүй хараад суувал нэг л өдөр таны өмчийг ард түмний нэрээр нэг том дарга дээрэмдэнэ.
Х.Нямбаатар та Үндсэн хуулийн дагуу хувийн өмчид хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. Үнэхээр нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн дайчлан авах тохиолдолд төрийн буруу шийдвэр гаргалтаас болж хохирч байгаа хөрөнгө оруулагч/төсөл хэрэгжүүлэгч талын нөхөн олговрыг бүрэн гүйцэт олгож, хохиролгүй байлгахад анхаарч байгаа юу хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн