Гэгээ сургуулийн үүсгэн байгуулагч Д.Болдбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Болдоо багш аа, Гэгээ сургуулийн онцлог юу вэ, ямар хүүхдийг төлөвшүүлэхийг зорьж байгаа вэ?
-Ер нь би хүүхдийг ч, багшийг ч сайн, муу гэж ялгах дургүй л дээ. Сайн сургууль гэх юм бол миний бодлоор дөрвөн хүчин зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт, хөтөлбөр, мэдээж хэрэг сайн багш, хичээл зүтгэлтэй хүүхэд. Хамгийн гол нь зааж байгаа зүйл нь маш богино хугацаанд үр дүнтэй сонирхолтой байх ёстой гэж боддог. Энэ бүхний үр дүн юу вэ гэхээр Монгол Улсдаа болон нийгэмдээ хэрэгтэй хүмүүсийг бэлтгэн гаргах нь аливаа сургуулийн зорилго би энэ утгаараа Гэгээгийн үүрэг зорилгыг ойлгодог
-Гэгээ сургуулийн гадаад хэлийг заах арга зүй нь юу вэ?
-Манай Гэгээд их олон өвөрмөц онцлог байгаа. Жишээ нь, цагаан толгойг үзэхэд ерөөсөө үсэг үзэхгүй үелэхгүйгээр нэг, хоёр сарын хугацаанд уншаад сурчихдаг. Энэ суурин дээрээ дараагийн улиралд англи хэлийг дуу шүлгийн аргаар бас уншаад сурчихсан байлаг. Яг үүнтэй адилхан хятад хэлийг бас ханз гээд учиргүй бичүүлээд байхгүй, цээжлүүлээд шахахгүй нэг мэдсэн чинь ном уншаад, яриад сурчихсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдэд их амар хялбар дөт аргаар заадаг.
-Гэгээ сургуулийн багшлах арга барилын онцлог юу вэ?
-Гэгээд хэрэгжиж байгаа арга зүй нь эртний Монголын гэрийн сургалтын аргаас улбаатай их өвөрмөц арга юм л даа. Одоо энэ багш нар бол бүгд миний сайн шавь нар гэж хэлж болно. Би заримдаа хараад бахархдаг шүү дээ. Залуу хүний эрч хүч саарга нийлэхээр ямар гайхамшигтай байдаг юм бэ гээд.
-Шинжлэх ухаанд суурьтай арга барилын талаар дэлгэрэнгүй яриад өгөөч
-Би ний нуугүй хэлэхэд, анх монгол сургалтын арга л голлох ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Сүүлд нь Кембриджийн хөтөлбөрийг авсны дараа үнэхээр анги юм байна шүү гэж ойлгосон. Дэлхий дахинд боловсорсон нэр хүндтэй болчихсон арга зүйг Монголын хөрсөн дээр буулгаад дээр нь Монголынхоо хамгийн шилдэг арга зүйтэй уялдуулахаар үнэхээр шижир алт гарах юм байна гэж ойлгодог болсон.
-Та Гэгээ сургуулийн төгсөгчдийг ямар хүн байгаасай гэж боддог вэ?
-Нэг үгээр хэлбэл, зөв хүн байгаасай, нийгэмдээ хэрэгтэй хүн болоосой гэж хүсдэг. Тоо, гадаад хэл дараагийн асуудал. Энүүгээр дамжуулаад зүйрлээд хэлбэл энэ бол нэг шатны гишгүүрүүд. Энэ бүхний эцсийн гишгүүр дээр зогсоход Монголд хэрэгтэй, зөв сайхан хүн болгодог. Хамгийн гол нь сэтгэдэг туурвидаг бүтээдэг ийм зөв хүн болоосой гэж хүсдэг.
-Та эцэг эх нарт хэлэх үг байгаа юу?
-Бидэнд итгэж болно оо. Та нарын итгэл бидний сэтгэл зүтгэл нийлэхээрээ гарцаагүй үр дүнд хүрнэ. Энэнд итгэж болно.