Ерөнхий сайд Г.Занданшатар санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах /2025.08.22/захирамж гаргалаа.
Уг ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөллүүд багтжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар уг ажлын хэсгийн хамтаар банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон зарим хөрөнгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Хан Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх “Гантиг вилла” төслийн талбайд ажиллалаа. 180 айлын орон сууцны зориулалттай, 9 блок бүхий хөрөнгийг 2022 онд 86.6 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлэн авсан ч одоог болтол уг хөрөнгө царцсан байдалтай байгаа юм.
Уг хөрөнгийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр шуурхай арга хэмжээ авахаар тогтов. Үүнд,
1. Уг хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон эсэхийг нягталж шалгах. Хэрэв хэт өндрөөр үнэлсэн байх аваас хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцуулах, өр төлбөрт үүсэх зөрүү үнийн дүнг нэхэмжлэх.