Open iToim app
Нийслэл | 4 мин уншина

Нийслэлд хагас кокс түлэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ

Нийслэлд хагас кокс түлэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 24
2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор үйлдвэрлэсэн түлшийг сонгон хэрэглэх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан. Энэхүү шийдвэрийг гаргахдаа Монголын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаргасан гэж мэдээлсэн. Нүүрсэн суурьтай түлш дундаас хагас кокс шаталт өндөр учраас дэгдэмхий болон хүхрийн агууламж бага байжээ. Харин нийслэл түлшинд хэрэглэх хагас коксыг БНХАУ-аас импортоор авахаар тендер зарлаад буй.
Тэгвэл Агаарын харуул НҮТББ болон хамтран ажилладаг зөвлөх, мэргэжилтнүүдийн зүгээс нийслэлд хөх нүүрс буюу хагас кокс хэрэглэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ.
Тодруулбал, 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нийслэлийн Засаг дарга хамтран А/651, А/983 тоот тушаалаар батлагдсан нийслэлийн агаарын чанар сайжруулах бүсэд (нийт 108 хороо - 170,855 өрх) хагас кокс түлшийг 2025-2026 оны өвлийн улиралд нийлүүлэхийг доорх үндэслэлээр шүүмжлэхийн зэрэгцээ уг алхам агаарын бохирдлыг урт хугацаанд хэрхэн бууруулах талаар тайлбар өгөхийг шаарджээ.
Үндэслэл #1
Хагас кокс түлшийг хэрэглэснээр угаарын хийн хордлогод өртөх магадлал нэмэгдэх эрсдэлтэй. ТТТХХК/20250102556 дугаартай тендерийн урилгын техникийн шаардлагын баримт бичигт зааснаар хагас кокс түлшний ялгаруулах илчлэг 5200 - 6000 ккал бөгөөд энэ нь 2019–2024 онд хэрэглэж байсан шахмал түлшний илчлэгээс өндөр үзүүлэлттэй. Харин өрхүүдийн хэрэглэж буй багтаамж багатай зууханд өндөр илчлэгтэй түлшийг шатаахад шаталт бүрэн явагдахгүй байх эрсдэлтэй. Жишээлбэл, 5340 ккал илчлэгтэй Тавантолгой ХХК-ийн шахмал түлшийг хэрэглэж эхэлснээс хойш угаарын хийн хордлогоор хордлогод өртсөн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, 2017–2024 оны хооронд 11,000 иргэн уг ахуйн осолд өртөж, 779 иргэн амь насаа алдсан.
Иймд илчлэг өндөр түлшийг багтаамж багатай зууханд хэрэглэх нь шаталт дутуу явагдсаны улмаас угаарын хийн хордлогоор амь насаа алдах тохиолдол, давтамж ихсэх эрсдэлтэй. Агаарын бохирдол бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийн 3 дахь хэсэгт хагас кокс түлшийг худалдан авах тохиолдолд дээжийн нарийвчилсан шинжилгээг хийж, учирч болох эрсдэлүүдийг тооцоолж, дүгнэлт гаргуулахыг зөвлөсөн. Одоогийн байдлаар түлшинд нарийвчилсан шинжилгээ хийсэн тухай мэдээлэл тодорхойгүй байна.
Үндэслэл #2
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан 53 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 11 дэх хэсэгт “…төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш санхүүжүүлэхгүй” гэж заасныг үл хэрэгсэж, 226.3 тэрбум төгрөгөөр хөх нүүрсэн хагас кокс түлшний худалдан авалт хийхээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн.
2025 оны 1 дүгээр улиралд зохион байгуулагдсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголоор салбар хоорондын бодлогын уялдаа холбоо сул байгааг тогтоосон. 2008 - 2023 оны хооронд агаарын бохирдлыг бууруулахад нийт 1,795.9 тэрбум төгрөгийг зарцуулснаас 295.9 тэрбум төгрөгт 147 алдаа, зөрчлийг шинжээчид илрүүлж, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хяналт тавьж, эдийн засгийн үр өгөөж багатай арга хэмжээнүүдэд төсөв зарцуулахгүй байх дүгнэлт гаргасан. Гэвч УИХ-ын 2025 оны 53 дугаар тогтоолыг үл харгалзан 226.3 тэрбум төгрөгөөр хөх нүүрсэн хагас кокс түлш худалдан авалт хийхээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн нь төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Үндэслэл #3
Агаарын бохирдлын суурь шалтгаануудыг системээр нь шийдвэрлэх зорилготой салбар дундын уялдаа холбоотой бодлогуудыг тогтвортой байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай. Хагас кокс түлшийг агаарын чанар сайжруулах бүсэд хэрэглүүлэх шийдвэр уг зарчимтай нийцэхгүй байна.
“Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” журмын 1.2.5, 1.2.6-д нар, салхи, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан цахилгаан, дулаан үйлдвэрлэх, стандартын шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж ашиглахыг тусгасан. Мөн 2.1.8-д гэр, сууц, ажлын байрны дулаан алдагдлыг багасгах зориулалттай, стандартад нийцсэн нэмэлт дулаалга хийх чиглэлд төсвийг зарцуулах талаар заасан. Гэвч дээрх заалтуудын эсрэг дахин нүүрсэнд суурилсан арга хэмжээг сонгож байгаа нь айл өрх бүрийг цэвэр, аюулгүй эрчим хүч рүү шилжих нөхцөл байдлыг удаашруулж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах замаар Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг биелүүлэх арга хэмжээнд хүндрэл учруулж байна.
Шаардлагууд
Иймд бид Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Агаарын бохирдол бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тавантолгой түлш ХХК-д дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. Хагас кокс түлшний туршилт болон эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг олон нийтэд ил тод, нээлттэйгээр танилцуулах;
2. Дээрх шийдвэр айл өрх бүрийг цэвэр, аюулгүй эрчим хүчний эх үүсвэр рүү шилжүүлэхтэй хэрхэн уялдаж, агаарын бохирдлыг бууруулахад урт хугацаанд хэрхэн нөлөөлөх талаар баримтад суурилсан тайлбарыг тавьж иргэдийн мэдэх эрхийг хангах;
3. Хэрэв дээрх үндэслэл тус бүрд тодорхой хариулт өгч, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд уг шийдвэрийг буцаан татахыг шаардаж байна.
Агаарын харуул НҮТББ-ын зүгээс хагас кокс түлшийг агаарын чанар сайжруулах бүсэд хэрэглүүлэх шийдвэрийг иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, төрийн эрх барих дээд байгууллагын тогтоолыг мөрдүүлэх, агаарын бохирдлын суурь шалтгааныг шийдвэрлэхтэй зөрчилдөж байна гэж үзэж байна.
Цаашид татвар төлөгчдийн төлсөн татварыг нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, цэвэр, аюулгүй орчныг бий болгохтой уялдахгүй шийдвэрүүдэд зарцуулахгүй байхыг хүсье.
Албан ёсны шаардлагын баримт бичгийг ЭНД дарж сонирхоно уу.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн