Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Путины Украинд тавьж буй шаардлагууд хэр бодитой вэ

Путины Украинд тавьж буй шаардлагууд хэр бодитой вэ
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 22
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украин зүүн нутгийн Донбассын бүс нутгаас татгалзах, НАТО-д элсэх зорилгоо орхих, төвийг сахих байр суурьтай байх, мөн Барууны цэргүүдийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байхыг шаардаж байгаа талаар Кремлийн дээд түвшний бодлого тодорхойлдог гурван эх сурвалж Ройтерст мэдээлжээ.
Оросын ерөнхийлөгч өнгөрөгч баасан гарагт Аляскад Дональд Трамптай уулзаж, сүүлийн дөрвөн жилд болсон анхны Орос–АНУ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон бөгөөд гурав цаг орчим үргэлжилсэн хаалттай уулзалтын ихэнх хугацаанд Украины асуудалд тохиролцоо гаргах боломжийн талаар ярилцсан байна.
Уулзалтын дараа Путин Украины асуудалд энх тайвны зам нээгдэнэ гэж найдаж байна хэмээн мэдэгдсэн ч, хоёр талын хэлэлцсэн нарийн ширийн зүйлсийг ил болгоогүй юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ уулзалтын үеэр Путин 2024 оны зургадугаар сард тавьсан илүү өргөн нутаг дэвсгэрийн шаардлагаасаа ухарчээ. Тухайн үед тэрээр Украиныг Оросын нэг хэсэг гэж үздэг дөрвөн мужийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхийг шаардаж байсан. Үүнд, Донецк, Луганск, мөн өмнөд хэсгийн Херсон, Запорожье багтдаг. Украины тал үүнийг “бууж өгсөнтэй адил” хэмээн эрс татгалзаж байсан юм.
Харин шинэ саналд нь Украин өөрийн хяналтад байгаа Донбассын үлдсэн хэсгээс бүрэн гарахыг Путин хатуу шаардаж буй аж. Үүний хариуд Москва Запорожье болон Херсонд одоогийн фронтын шугамаа тогтоон барихад бэлэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
АНУ болон эх сурвалжийн тооцоогоор Орос одоогоор Донбассын 88 хувь, Запорожье ба Херсоны 73 хувийг хяналтдаа оруулаад байна. Мөн Орос Украины Харьков, Сумы, Днепропетровск мужийн жижиг хэсгүүдээс гарахад ч бэлэн гэжээ.
Путин урьдын адил Украин НАТО-д элсэх зорилгоо орхиж, НАТО зүүн тийшээ өргөжихгүй гэсэн хууль эрх зүйн баталгаа өгөх, Украины армид хязгаарлалт тогтоох, Барууны аль ч улс энхийг сахиулагч нэрээр цэрэг оруулахгүй байх тохиролцоог шаардаж байгаа юм. Гэвч хоёр талын байр суурь одоогоор маш хол хэвээр байна.
undefined
Украины Гадаад хэргийн яам ямар нэгэн тайлбар хийгээгүй бол Ерөнхийлөгч Владимир Зеленский “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн газар нутгаас татгалзах ямар ч тохиролцоог” байнга няцааж ирсэн. Тэрээр Донбасс нь Оросын давшилтыг гүнзгийрүүлэхээс хамгаалж буй “бэхлэлт” гэж тодорхойлсон юм. “Зүгээр л зүүн нутгаас гарна гэдэг боломжгүй. Энэ бол улсын маань оршин тогтнолын асуудал. Хамгийн хүчтэй хамгаалалтын шугам тэнд бий” гэж Зеленский мэдэгджээ.
Украины Үндсэн хуульд НАТО-д элсэх зорилгыг стратегийн чиглэл болгон заасан бөгөөд Киев үүнийг хамгийн найдвартай аюулгүй байдлын баталгаа гэж үздэг. Зеленский “НАТО-д элсэх эсэхийг Орос биш, бид шийднэ” хэмээн онцолсон.
RAND институтийн судлаач Самуэль Чарап “Украин Донбассаас гарах шаардлагыг улс төрийн болон цэрэг стратегийн хувьд ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс энэ бол тохиролцоонд хүрэх бодит дохио гэхээсээ илүү Трампын өмнө үзүүлж буй улс төрийн жүжиг ч байж мэднэ” гэжээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров пүрэв гарагт Путин Зеленскийтэй уулзахад бэлэн гэдгээ хэлсэн ч эхлээд бүх асуудлыг нарийн тохирох ёстойг онцолж, Зеленскийгийн энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх мэдэлд эргэлзэж буйгаа давтан илэрхийлжээ. Учир нь Зеленскийгийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дууссан ч дайн үргэлжилж буй тул шинэ сонгууль хийгдээгүй байгаа. Украины талаас Зеленскийг хууль ёсны ерөнхийлөгч хэвээр гэж мэдэгддэг.
Хэрэв Орос ба Украин тохиролцож чадвал албан ёсны гэрээг хэд хэдэн хувилбараар байгуулах боломжтой. Үүнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн батламжтай Орос–Украин–АНУ-ын гурван талт гэрээ, эсвэл 2022 онд Истанбулд ярилцсан, Украин төвийг сахих нөхцөлтэй, НҮБ-ын АЗ-ийн таван байнгын гишүүнээс (АНУ, Орос, Хятад, Франц, Британи) аюулгүй байдлын баталгаа авах хувилбар багтаж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн