JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулган 2025 оны зургадугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Чуулганд 59 орны 5000 гаруй залуус хүрэлцэн ирсэн бөгөөд нийт 140 гаруй үйл ажиллагаанд оролцжээ. JCI Монгол байгууллагын залуус тус чуулганыг “Go Mongolia: AMAZING ASPAC” уриан дор бизнесийн хөгжлийг дэмжих, цахим шилжилтээр түүчээлэх, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан Net-Zero буюу хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тэнцвэрт байдлыг хангахад хувь нэмэр оруулах гэсэн үндсэн гурван чиглэлийн хүрээнд зохион байгуулсан байна.
Тухайлбал, тус чуулганы эдийн засгийн үр ашгийн судалгаагаар чуулганы нэг оролцогч дөрвөн өдрийн турш дунджаар 3,993 ам.долларыг зарцуулсан нь Монгол Улсын эдийн засагт нийтдээ 20 сая ам.долларын эргэлт бий болгож, 18 мянга гаруй ажлын байрыг идэвхжүүлсэн байна.
Мөн “ногоон чуулган” зохион байгуулах зорилгын хүрээнд 122.5 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, эх дэлхийнхээ хөрсөнд 5000 мод шинээр тарьсан нь байгаль орчны хариуцлагатай манлайллын тод жишээ болжээ.
Бэлтгэл ажил нь 2022 оноос эхэлсэн тус арга хэмжээг зохион байгуулахад JCI Монгол байгууллагын 1500 гаруй идэвхтэй гишүүд, сенатор, 500 орчим сайн дурын ажилтан гар бие оролцсоноос гадна Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ болон төрийн бүх шатны байгууллагууд, тэдгээрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан байна.
Залуучуудын чуулганы ерөнхий спонсороор Шунхлай групп, АПУ ХК, И-Март тэргүүтэй томоохон компаниуд ажилласнаас гадна М-Си-Эс групп, Скайтел групп, Голомт банк, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Говь ХК, Гоёл кашмер, Алтан жолоо групп, Голомт банк, МИАТ ТӨХК, ЧММ констракшн, Монре Даатгал, PC mall, UBcab, Таван нүдэн, Хушхан, Golden Gobi шоколад, Оbserve consulting, Lemon Press тэргүүтэй томоохон аж ахуй нэгжүүд дэмжин ажиллажээ.