Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Үерийн дараа гэдэсний халдварт өвчин тархах эрсдэлтэй тул дараах зүйлсэд анхаарна уу

Үерийн дараа гэдэсний халдварт өвчин тархах эрсдэлтэй тул дараах зүйлсэд анхаарна уу
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 22
Туул голын усны түвшин өчигдрийн байдлаар 18 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг давж үерлэжээ. Үерийн түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Туул, Сэлбэ гол болон Улаанбаатар хот орчмын бусад голын ус 50 см орчим нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь дахин үерлэх өндөр эрсдэлийг дагуулж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр богино хугацаанд их хэмжээний хур тунадас орсноос гадна хөрсний чийг ханасан нь усны түвшин огцом нэмэгдэх шалтгаан болжээ.
Ийм нөхцөлд иргэдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл өндөр байдаг. Монгол Улсад нийтдээ 780 мянга гаруй нүхэн жорлон бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн ихэнх нь гол, горхи, усны эх үүсвэрийн ойролцоо байрладаг нь хамгийн том эрсдэл юм. Судалгаагаар хүний өтгөнд дунджаар 200 их наяд ротавирус, 20 тэрбум төрлийн нян, 100 мянган шимэгч хорхойн өндөг агуулагддаг нь тогтоогдсон байдаг. Үерийн ус ийм бохирдлыг өөртөө агуулснаар халдварт өвчин тархах гол үүсвэр болж, нийтийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг юм. ДЭМБ-ын тооцоогоор бохир усны улмаас дэлхий даяар жил бүр 1.7 сая хүн гэдэсний халдварт өвчнөөр нас бардаг бөгөөд энэ нь ихэвчлэн ариун цэврийн шаардлага хангаагүй жорлон, үерийн усаар дамждаг байна.
Монголд өмнөх жилүүдийн туршлагаас үзэхэд үерийн дараа гэдэсний халдварт өвчин, нянгийн гаралтай хордлого, элэгний вируст гепатит зэрэг халдварын тоо нэмэгдэж байсан тохиолдлууд бий. Тиймээс Эрүүл мэндийн яам дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Үерийн дараа дагаж мөрдөх зөвлөмж:
  • Ундны усыг баталгаат газраас авах, заавал буцалгаж хэрэглэх
  • Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
  • Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон хог хаягдал, шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгүүлэх
  • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Аяга, таваг, хоолны хэрэгслийг зориулалтын угаагч бодисоор угаах, эсвэл 2%-ийн содын уусмалаар тогтмол угааж хэрэглэх, битүү шүүгээнд хадгалж ялаа болон бусад шавж бохирдуулахаас сэргийлэх
  • Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал, гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх
  • Хоол хүнсийг заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
  • Шууд хэрэглэдэг жимс ногоог сайтар угаах, эсвэл хальсалж идэх
  • Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг халдваргүйжүүлэх
  • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах
  • Жорлон бохир усны цооногт ялаа, шавж авгалдайг зөвшөөрөгдсөн халдваргүйтгэлийн бодисоор устгал хийх
  • Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах
  • Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
  • Эрүүл мэндийн болон Онцгой байдлын байгууллагаас болзошгүй халдварт өвчний тохиолдлын үед хэрэглэх хүнс, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
  • Мэргэжлийн байгууллагаас нөөцийн хүнсний чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, халдваргүйтгэлийн бодис идэвхийг тодорхойлсны үндсэн дээр халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд ашиглуулах, орон гэр нь үерт автсан хүмүүсийн хорогдох болон түр байршуулах байранд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалтыг тогтмол хийж, хүнс, ус болон орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах
  • Үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйжүүлэлт хийхийг зөвлөж байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн