Татвартай холбоотой асуудал болон цаашид хувь хүн болоод хувийн хэвшлийг дэмжсэн ямар бодлого хэрэгжүүлэх талаар Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн болон Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо нараас тодрууллаа.
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн
-2026 оноос хэрэгжих татварын багц хуулийн шинэчлэл дундаж болон бага орлоготой иргэдийн амьжиргаанд ямар эерэг өөрчлөлт авчрах вэ?
-2026 оны улсын төсвийн хэлэлцүүлэг шинэ хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа нь Монгол Улсад татварын тогтолцоог шинэ шатанд гаргах нэг чухал алхам болж байна. Монголын татварын алба ирэх онд олон улсын жишигт нийцсэн, зөвлөн туслагч байгууллага болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Энэ зорилтын хүрээнд татварын хууль тогтоомж болон татварын албаны үйл ажиллагаанд цогц өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил татварын хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор 2026 оноос татварын системд хэд хэдэн томоохон шинэчлэл хэрэгжинэ. Юуны өмнө татварын багц хуулийн шинэчлэл өргөн хэлэлцүүлэгтэйгээр явагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль гэсэн дөрвөн том хуульд өөрчлөлт орно.
Шинэчлэлийн гол зорилго нь бизнесийн орчныг дэмжихийн зэрэгцээ дундаж болон бага орлоготой иргэдийн эрх ашгийг хамгаалах, энэ чиглэлийн татварын цогц реформ болох юм.
-Татварын алба 2026 оноос үйлчилгээний байгууллага болж өөрчлөгдсөний дараа татвар төлөгчдөд ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Хууль эрх зүйн шинэчлэлээс гадна татварын албаны байгууллагын үйл ажиллагааны чиг хандлагыг өөрчлөхөөр төлөвлөсөн. Өмнө нь татварын алба голчлон хяналт, торгууль, шийтгэлд суурилсан захиргааны байгууллага гэж тооцогддог байсан бол цаашид татвар төлөгчдөд илүү ойр, зөвлөн туслагч, сургалт мэдээлэл олгодог, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг үйлчилгээний байгууллага болох зорилт тавьж байна. Энэ өөрчлөлтөөр татвар төлөгч хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд шууд шийтгэхийн оронд эхлээд алдааг нь залруулах боломж олгох, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх зэрэг шинэ тогтолцоо хэрэгжих юм. Мөн татварын алба цахим шилжилтээрээ төрийн байгууллагуудын дунд тэргүүлж байгаа бөгөөд ирэх онд энэ чиглэлд илүү ахиц гаргахаар зорьж байна.
Төрийн болон бизнесийн байгууллагуудтай цахим мэдээлэл солилцох, татварын албанд хуримтлагдсан их өгөгдөлд суурилж хяналт шалгалтыг цахимаар хийх, жижиг дунд аж ахуйн нэгж болон бичил бизнесийн хяналт шалгалтыг заавал байцаагч очихгүйгээр зайнаас гүйцэтгэх, хувь хүний орлогын албан татвар болон бусад тайланг татварын өгөгдөл дээр үндэслэн автоматаар бэлтгэж татвар төлөгч зөвшөөрсөн тохиолдолд шууд хүлээн авдаг системийг нэвтрүүлэх зэрэг өөрчлөлтүүд 2026 оноос хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр татварын үйл ажиллагаа илүү хялбар, шуурхай, ил тод болж, татвар төлөгчдөд учирдаг хүндрэл саад багасах юм. Өөрөөр хэлбэл, Монголын татварын алба 2026 оноос эхлэн зөвхөн татвар хураадаг байгууллага бус, иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг, эрсдэлээс хамгаалдаг, алдааг нь залруулж тусалдаг, олон улсын жишигт нийцсэн зөвлөн туслагч байгууллага болон шинэчлэгдэнэ гэсэн үг.
Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо
-Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал уул уурхайн үнийн хэлбэлзэл өндөр байгаа энэ үед Монгол Улсын төсвийн орлого хязгаарлагдмал байхад эдийн засгийг хэрхэн идэвхжүүлэх вэ, хувийн хэвшлийг хэрхэн дэмжих бодлого хэрэгжүүлэх бол?
-2026 оны эдийн засгийн төлөвийг харахад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарч байна. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай тул дэлхийн зах зээл, ялангуяа Хятад, АНУ зэрэг томоохон эдийн засгийн бодлогоос хүчтэй нөлөө авдаг. Тухайлбал, тарифын бодлогын тодорхойгүй байдал Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж, улмаар манай экспортод ч дарамт учруулж байна.
Энэ нөхцөлд бид дотооддоо хамгаалалтын бодлого баримтлахаас өөр аргагүй болжээ. Эдийн засгийн хамгийн тод илрэл нь нүүрсний үнийн огцом уналт юм. Өнгөрсөн оны мөн үеэс нүүрсний үнэ 40 хувиар буурсан бөгөөд энэ үзүүлэлтэд Монгол Улс нөлөөлөх боломжгүй. Учир нь үнэ нь олон улсын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс хамаардаг. Харин бидний хийж чадах зүйл нь экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, хилээр нэвтрэх гарцыг өргөжүүлэх явдал юм.
Сүүлийн саруудад Засгийн газар энэ чиглэлд тодорхой ажлууд хийсэн. Тухайлбал, уул уурхайн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хилийн гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авсан. Гэсэн ч өнгөрсөн жилийн мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад нүүрсний экспорт 6 хувиар хоцрогдолтой байна. Энэ онд нүүрсний биет хэмжээг 80–83 сая тонн хүргэвэл өнгөрсөн оны түвшинд ойролцоо байх боломжтой. Харин 2026 онд илүү нэмэгдүүлэхийн тулд урьдчилан арга хэмжээ авах шаардлагатай юм.
Одоогийн байдлаар гадаад эдийн засгийн эрсдэл өндөр, төсвийн орлого хязгаарлагдмал байгаа тул эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд зөвхөн төсвийн орлого, зарлагадаа найдах боломжгүй. Тиймээс хувийн хэвшлийн оролцоо, татварын бодлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой механизмыг ашиглах нь чухал байна. Ингэснээр эдийн засгийн хөдөлгүүрийг зөвхөн төсвөөс бус, хувийн хэвшил болон хөрөнгө оруулалтаас тэтгэх боломж бүрдэнэ.
Өнгөрсөн хугацаанд манай улс орлого өндөр үедээ зарлагаа ихээр нэмэгдүүлж байсан ч орлого буурахад зайлшгүй татах шаардлага гарч байсан. Энэ туршлагаас дүгнэхэд цаашид төрийн оролцоог зохистой хэмжээнд барьж, эдийн засгийн бодлогыг илүүтэй хувийн хэвшилд чиглүүлэх нь зөв гэж үзэж байна. Ирэх жилээс хувийн хэвшлийг дэмжиж, иргэдийн орлогыг хамгаалах бодлогыг түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн 2026–2030 оны таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг Засгийн газар тун удахгүй өргөн барина. Энэ баримт бичигт дээрх чиглэлүүдийг илүү тодорхой тусгаж, эдийн засгийг хувийн хэвшилд тулгуурлан тэлэх бодлогыг баримтлах юм.
-Иргэдийн саналыг үндэслэн 2026 оны төсөвт татварын хуулийн шинэчлэлийг хэрхэн тусгаж, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого болгон хэрэгжүүлэх вэ?
-Хувийн хэвшлийн татварын дарамтыг багасгах чиглэлээр ямар хөшүүрэг ашиглах талаар эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд иргэдээс хамгийн их ирж буй санал нь нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ хэт өндөр байгаа тухайд төвлөрсөн. Энэ асуудлаар Сангийн яам болон Татварын ерөнхий газар олон судалгаа хийж, олон улсын байгууллагуудтай зөвлөлдсөн юм. Цаашид уг бодлого нь өргөн баригдаж, өргөн хүрээний хэлэлцүүлэгт орох төлөвтэй байна.
2026 оны төсвийн төслийн онцлог нь иргэдийн оролцоонд тулгуурлаж буй явдал юм. Өөрөөр хэлбэл, иргэн танд тулгамдаж буй асуудлыг төсөвт хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт чиглэж байгаа. Энэ утгаараа татварын хуулийн шинэчлэлүүд ч илүү иргэд, аж ахуйн нэгжид ээлтэй, хувийн хэвшлийг дэмжсэн байдлаар боловсруулагдаж төсөвт тусгагдах бэлтгэлтэй байгаа юм.