Open iToim app
Зочин | 12 мин уншина

А.Отгонболд: Би эмч сэхээтэн хүн шиг амьдрахыг хүссэн

А.Отгонболд: Би эмч сэхээтэн хүн шиг амьдрахыг хүссэн
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 21
“Хатагтай” эмнэлгийн үүсгэн байгуулагч, ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй А.Отгонболд эмчтэй ярилцлаа.
-Сайхан амарч байна уу, Та. Нутаг руугаа жилд нэг “гүйдэг” болжээ. Гэхдээ энэ жил амрахаас гадна сургалт хийж, ажил амжуулж байх шиг байна?
-Ковидоос хойш жилдээ нэг удаа нутгаа эргэж, хүүхэд хөгшид, найз нөхөдтэйгөө уулздаг болсон. Герман дахь эмнэлэг сайн ажиллаж байгаа. Гэргий, охин маань арыг минь дааж, би өөрөө одоогоор группт байгаа болохоор зөвлөх, сургалт хариуцсан менежерийн албыг хашиж байна.
Энэ жил Герман дахь эмнэлгийнхээ эмч нартай ирсэн. Хөдөө авч явлаа, наадам үзүүллээ, томоохон эмнэлгүүдийн эмч нарт сургалт явууллаа. Намайг Монголд ирэхээс өмнө Хан-Уул дүүргийн Яармаг дахь эмнэлгийн 13 эмч зочилж, сургалт авч, дадлага хийгээд ирсэн. Цаашид Монголын мэс заслын эмч нартаа Германд очиж суралцах боломжоор хангахад түлхүү анхаарна. Хэрэв эмч нар зардлаа даагаад, Берлинд очвол 14 хоногт мэргэжлийн чиглэлээрээ сурч мэдэх юу л байна, үзүүлж харуулаад, сургалт хийнэ. Германд хариуцлагын даатгалгүй бол биеэ дааж хагалгаа хийх боломжгүй. Тиймээс би эмнэлгийнхээ хариуцлагын даатгалыг ашиглан мэс засал хийх боломж олгоно гэж бодож байна. Эмнэлгүүдийн удирдлагууд эмч нараа дэмжээд сургалтад явуулбал би тэндэх сургалтыг бүрэн хариуцна аа.
-Эмч нарт таатай боломж санагдаж байна. Тэнд эмнэлгийн хариуцлагын даатгал өндөр байдаг уу?
-Манай эмнэлэг хариуцлагын даатгалд жилдээ 13 мянган евро төлдөг. Би ямар нэгэн байдлаар хариуцлага алдвал дараа жилийн хариуцлагын даатгалд 15 мянган евро төлнө. Дахиад алдаа гаргавал 30 мянган евро төлөх жишээтэй. Хоёр удаа хариуцлагын даатгалаас мөнгө гаргуулсан тохиолдолд даатгалын байгууллага Эрүүл мэндийн яамтай яриад, миний лицензийг цуцлах, эсвэл дахин сургалтад суулгах зэргээр шийддэг, тогтолцоо нь тийм юм.
Харин эмч нар нь маш өндөр, хоёр сая хүртэл еврогийн хариуцлагын даатгалтай байдаг. Ямар нэг хүндрэл гарч, хүний эрүүл мэнд хохирвол хариуцлагын даатгалаар хохирлыг барагдуулна. Шүүх, цагдаагийн асуудалд эмч оролцохгүй.

Монголд цэвэр өрсөлдөөн хүлээгээд нэмэргүй

-Та Герман дахь эмнэлгээ хэдэн онд байгуулсан билээ?
-Би эмнэлгээ 2018 онд худалдаж авсан. Германд эмнэлгийг тендерээр худалддаг. Эмнэлгийн эзэн хөрөнгөтэй гэхээсээ илүү байгуулсан эмнэлгийг нь залгамжлаад, үргэлжлүүлэн амжилттай аваад явах хүнд өгөх хүсэлтэй байсан болов уу. Ээж, гэр бүлийн хүн, хүүхдүүд маань үе залгамжилсан эмч нар болохоор намайг энэ эмнэлгийг аваад явж чадна гэж итгэсэн байх. Түүнээс би эмнэлэг худалдаж авах хэмжээний мөнгөтэй, баян хүн биш л дээ.
Германд зөвхөн эмч, эмнэлгийн болон эмийн сангийн ажилтнуудад үйлчилдэг нэгдсэн банк байдаг. Хэн нэгэн хүн эмнэлгээ заръя, эсвэл авъя гэвэл санхүүгийн бүх асуудлыг тэр банк зохицуулж, шийдэж өгдөг. Энэ банк бүх эмнэлгийн байгууллагын 60-70 хувийг санхүүжүүлдэг. Манай эмнэлэг ч тухайн банкны харилцагч. Орлого, зарлага, эдийн засгийн бүх тооцоо нь энэ банкаар дамждаг болохоор энэ бүгдийг үндэслэн эд хөрөнгийг биш, тухайн эмнэлгийн үйл ажиллагааг барьцаалж зээл олгодог гэсэн үг юм.
Би 15 жилийн хугацаатай зээлээр эмнэлгээ худалдаж авсан, сар бүр төлөөд явж байгаа. Эмнэлэг маань одоо 100 хувь миний өмч, “Хатагтай” эмнэлгийн Герман дахь салбар гэж болно. Ер нь Германд улсын төсвөөс мөнгө авдаг эмнэлэг байхгүй, бүгд хувийнх. Бүр эд эрхтэн шилжүүлэн суулгадаг томоохон эмнэлгүүд нь ч хувийнх байдаг. Эдгээр хувийн компаниуд нь эмчилсэн хүнийхээ тоогоор даатгалаас 100 хувь санхүүждэг.
-Эмнэлэг худалдан авах тендерийн нөхцөлд үе дамжсан эмч гэдгээс гадна тодорхой ямар шалгууруудыг заасан байсан юм бол?
-Энэ банкнаас зээл авахын тулд ХБНГУ-ын тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хангах ёстой. Эн тэргүүнд эмч байх ёстой, мөн удирдан зохион байгуулах чадварыг харгалзана. Би Монголд “Хатагтай” эмнэлгээ 20-иод жил авч явсан, ЭМЯ-нд хэдэн жил ажилласан, мөн Германд эмч хийж байсан зэрэг энэ бүх туршлагыг минь харгалзаж үзсэн байх. Их л удаан судалсан даа, намайг.
Эмнэлгээ худалдаж аваад хоёр жил болж байхад ковид дэгдсэн. Ковидын үед банкныхан манайхыг дампуурчих вий, санхүүгийн эрсдэлд орчих вий гэж айж байсан юм билээ. Тэр үед бид ямар ч асуудалгүй ажилласан төдийгүй орлогоо давуулан биелүүлж, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг ч, банкны зээлээ ч хэвийн төлж байсан. ХБНГУ-д эмнэлгүүд ковидын үеэр өмнөх гурван жилийн дунджаас бага орлого олбол зөрүүг нь Засгийн газраас төлж байсан. Гэтэл манай эмнэлэг урьд жилүүдийнхээсээ илүү сайн ажиллаж, амжилттай давж гарсан учраас банкнаас “Шилдэг зээлдэгч” шагнал олгосон. Энэ нь бидэнд дараагийн зээл авах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажилтнуудынхаа тоог нэмэх боломж нээсэн. Анх эмнэлгээ авахад 22 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол одоо 12 эмч, 23 сувилагч, нийт 35 хүнтэй болж, өргөжсөн. Германд эмнэлгийн асрагч гэж байдаггүй. Цэвэрлэгээг гэрээ хийсэн компани хариуцаж, өглөө оройдоо хийдэг.
-Танай эмнэлэг “Хатагтай” эмнэлгийн салбар гэхээр эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг гэсэн үг үү?
-Манайх томоохон мэс заслын төвүүдийн нэг. Эмэгтэйчүүдийн, нүд, чих, хамар, хоолойн гээд амбулаториор хийдэг бүх төрлийн нээлттэй болон дурангийн мэс заслыг хийдэг. Өглөө өвчтөн ирж мэс заслаа хийлгээд, гурав, удлаа гэхэд зургаан цагийн дараа гардаг. Маргааш нь давтан үзлэгт орно. Энэ эмнэлэг намайг авахаас өмнө яг энэ чиглэлээр 10-аад жил ажилласан.
Берлинд эмнэлэг гэдэг ойлголт өөр. 20-иос дээш ажилтантай, дор хаяж нэг IT, 1-2 хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай эмнэлгийг “эмнэлэг” гэж тодорхойлдог. Ийм 600 орчим эмнэлэг байдаг. 20 хүртэл ажилтантай эмнэлэг гэхэд 4000 орчим байдаг. Томоохон эмнэлэг нийгмийн даатгалын төлбөрөөсөө хөнгөлөлт авдаг. Өөрөөр хэлбэл, тэдэнд олгох зээл, төрөөс үзүүлэх тусламж өргөн хүрээтэй. Хууль эрх зүйн орчин, тавигдах шаардлага нь ч өөр байдаг. Жишээлбэл, өнөөдөр нэг хүнд мэс засал хийгээд, орой нь гэнэт хүндрэл гарч, цус алдах, эсвэл халуурахад тэр хүн хаана, ямар эмнэлэгт хандах, нөгөө эмнэлгүүд хэрхэн эмчлэх нь тодорхой байдаг.
-Мэс засал хийлгэсэн эмнэлэгтээ очихгүй гэсэн үг үү?
-Үгүй. Бид өглөө 07 цагаас орой 19 цаг хүртэл ажиллаад, тарчихна. Шөнө 22 цагт нөгөө хүн цус алдлаа гэхэд 24 цагаар ажилладаг эмнэлэгт очно. Германд бол өвчтөн очсон ямар ч эмнэлэг хүлээж авч, эмчилнэ, хариуцлагаа мэднэ.
Германд эрх зүйн орчин нь маш сайн бүрдсэн. Манайх шиг хүндрэл гарвал эргээд заавал Отгонболд дээрээ очно гэсэн ойлголт байхгүй.
-Та түрүүнд Германд ажиллаж байсан гэж цухас дурдлаа. Тэр тухайгаа дурсаач?
-Манай аав, ээж хоёр эмч, хадам аав, ээж инженер хүмүүс байв. Одоогоос 40 жилийн өмнө эхнэр бид хоёр Анагаахын дээд сургуулиа улаан дипломтой төгсөж байлаа. Би сагсан бөмбөгийн, эхнэр байт харвааны улсын шигшээ багийн тамирчид. Тэр үед дэлхийн залуучууд, оюутны томоохон фестивальд оролцохоор шалгарсан боловч “сэхээтний хүүхдүүд” гэдэг шалтгаанаар хасагдаж байв. Өмнө нь бас л нэг удаа “сэхээтний хүүхэд” гэдэг шалтгаанаар Герман явах эрхээ хасуулсан юм. Яагаад ч юм, хоёр удаа ийн Герман явах бүтэлгүйтсэн ч 1989 онд Эх нялхсын төвд ажиллаж байхад “зүүн” Германд гэрээний дагуу явж, мэргэжил дээшлүүлэх, туршлага суух аз завшаан тохиосон. Жил бүр таван эмчийг сургаж, бэлтгэх гэрээтэй байсан юм. Очоод байтал “зүүн”, “баруун” хоёр Герман нийлж, бүх зүйл орвонгоороо өөрчлөгдсөн. Нөгөө дөрвөн эмчээсээ орос, герман хэлний давуу байдлаараа би өөртөө ажлын байр олж үлдээд, бусад маань нутаг буцсан. Би 1997 он хүртэл Германд эмнэлэгт ажиллаж, “мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй эмч” болсон. Тухайн үед Германд эмчийн орон тоо хангалттай байсан учраас нэг л өдөр намайг “таны үүрэг, зорилго биелсэн бол та одоо буц даа” гэсэн. Германд боловсрол эзэмшсэн хүмүүст нутагтаа очоод ажиллах ажлын байрыг нь бэлдэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор тэр үед надад 20 мянган евро өгсөн юм.
-Тэр мөнгөөр нь Та “Хатагтай” эмнэлгээ байгуулсан юм уу?
-Тийм. Тэр үедээ бол маш их мөнгө шүү дээ. “Хатагтай” эмнэлгийн суурийг тавихад гол эх үүсвэр нь болсон. Монголдоо ирээд 2002 он хүртэл Эх нялхсын төвд ажиллаж байгаад, “Хатагтай” эмнэлгийнхээ ажилд “ханцуй шамлан” орсон.
-“Хатагтай” эмнэлэг алдар хүндтэй байсан. Гэвч Та нэг л өдөр Герман улсыг зорьсон. Ийм гэнэтийн шийдвэр гаргахад тань чухам юу нөлөөлөв?
-Би хүүхдүүдийн маань ирээдүй хаана байна вэ гэж их боддог байсан. Бас эмч сэхээтэн хүн шиг амьдрахыг хүссэн. Энд бол цэвэр өрсөлдөөн хүлээгээд нэмэргүй байсан. Тэгээд л шийдвэрээ гаргаж, 2014 онд гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нараа аваад явсан. Буруу шийдвэр байгаагүй гэж боддог. Миний хүү Германд сэхээн амьдруулахын мэргэжлийн эмчээр ажиллаж байна. Бэр бас эмч. Эхнэр маань хүүхдийн, том охин эмэгтэйчүүдийн эмч. Хүргэн Элон Маскийн 10 мянган ажлын байртай машины “Тесла” үйлдвэрт менежментийн чиглэлээр ажилладаг. Нэг охин маань манай эмнэлэгт сувилагчаар ажиллаж байна. Хоёр бага 10, 13 настай, дунд сургуульд сурдаг.
 Манайх даатгалын системээ хуулбарлахдаа зөв эхэлсэн ч хэрэгжүүлэхдээ алдсан
-Монголд эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний нөөц дутагдалтай байна. Германд нарийн мэргэжлийн хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийддэг юм бол?
-Монголд ч, Германд ч, эрүүл мэндийн салбарт хүн хүч, боловсон хүчний асуудал дутагдалтай, хүндрэлтэй байгаа. Энэ тохиолдолд менежментээ яаж зөв хийх вэ гэдэг л чухал. Германд жишээ нь, эмэгтэйчүүдийн мэс заслын 70 хувийг амбулаториор, эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр хийж байна. Хавдрын өмнөх мэс заслуудыг ч хүлээн зөвшөөрөгдсөн амбулаторид хийдэг. Эмч нь 3-4 цаг хүнээ сахиж байгаад гэрт нь гаргадаг. Тэгэхээр эмнэлэгт хэвтэхтэй холбоотой бүх зардлыг хэмнэж байгаа биз.
Германд эмч нарын цалин өндөр. Тэнд эрүүл мэндийн боловсрол эзэмшихийн тулд зургаан жил, нарийн мэргэжлээр дахиад таван жил суралцдаг. 11 жилийн дараа л бие даасан эмч болно. Эмч нараа сайн бэлтгэдэг энэ системийг Монгол тэр чигээр нь аваад хэрэглээсэй, мөн эмч нарт боломжийг нь олгоосой гэж боддог, хүсдэг.
-Ингэхэд Германд даатгалын систем яаж үйлчилдэг вэ. Манайд эрүүл мэндийн даатгал сар бүр төлдөг ч үр дүнг нь хүртэж чадахгүй нь олон?
-Герман бол даатгалын систем хамгийн төгс, боловсронгуй болсон орны нэг. Миний мэдэхийн 1996 оны үеэс Германы энэ даатгалын системийг Монголд нэвтрүүлэхээр ажилласан. Тэр үед Германы Конрад Аденауэр, Ханс-Зайделийн зэрэг томоохон сангуудын тусламж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын оролцоотой өөрчилсөн. Даатгал төлөөд, үр шимийг нь хүртэж чадахгүй байна гээд манайхан их гомдоллодог юм. Таны төлж байгаа даатгал танд хүрэхгүй ч таны ээжид, эмээ өвөө, хүүхдүүдэд, найзуудад очиж байгаа. Чадалтай, ажлаа хийж чадаж байгаа хүмүүс нь ажилгүй, орлогогогүй хүмүүс, хүүхдүүд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ чирч явдаг ёстой юм.
Манай улсын хувьд даатгалын системээ Германаас хуулбарлахдаа анхнаас нь зөв эхэлсэн ч хэрэгжүүлэхдээ хуулиасаа давсан журам гаргаж, алдаж эхэлсэн. Манай энэ даатгалын систем тогтворгүй байгаа нөхцөлд гүйцэтгэлээрээ санхүүжинэ гэдэг бүтэхгүй, цаг нь болоогүй гэдгийг би өмнө нь хэлж л байсан. Монголд цаасан дээр даатгалын мөнгө байдаг ч цаанаа мөнгө байхгүй, хуримтлагдаагүй. Харин Германы даатгалын систем бэхэжсэн, сан нь их мөнгөтэй. Зарим салбарт хөрөнгө оруулж, тэрийгээ даатгуулагчдаа эргүүлээд хувьцаа болгож өгдөг.
Манайх даатгалын системээ хэрэгжүүлэх шатанд маш их алдсан гэж би түрүүнд хэлсэн. Янз янзын, эмнэлгийн чиглэлд байхгүй хөтөлбөрүүдийг, фитнесс төвүүдийг хүртэл санхүүжүүлсэн, тэгээд л мөнгөө дуусгасан. Цаад даатгалын сан нь сул болохоор сайн бүрэлдэж чаддаггүй. Одоо тэгээд үүнээс болоод өвчтөн, эмч хоёр л “зүдэрч” байна.
Германд даатгалын 93 компани байдаг. Хувийн компанитай нийлбэл 5000 орчим байдаг. Эдгээр компаниуд нь хоорондоо өрсөлддөг. Даатгалын компани бол эдийн засаг, санхүүгийн хувьд биеэ даасан байх ёстой. Жишээ нь, миний даатгал төлдөг “Тека” гэдэг компани каучукны үйлдвэрт хувьцаатай. Илүү олсон ашгаараа Канадын Засгийн газрын бондыг авчихсан.
Хүн хөдөлмөрлөж байх үедээ даатгалдаа их мөнгө төлж байх ёстойг би өнгөрсөн 11 сард хүндээр өвдөхдөө мэдэрч, ашиг тусыг нь хүртэж үзлээ. Би даатгалаа өндөр төлж байсан. Өвдсөн үед тэр даатгал надад маш сайн үйлчилж байна. Манай гэрт лифт авчирч суулгалаа, гэрийн ариун цэврийн өрөөний хэрэгслийг сольж, цахилгаанаар явдаг тэрэг өглөө.
 Би шалгуулах дуртай ч...
-Танай эмнэлэгт өдөрт ойролцоогоор хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?
-Берлин их хөлийн газар. Өдөрт ойролцоогоор 20 хүнд мэс засал хийж, 100 орчим хүн үзүүлж, эмчилгээ хийлгэдэг.
-Германд ажилладаг монгол эмч хэр олон байдаг вэ?
-Хувийн эмнэлэгтэй 15, 16 монгол эмч байгаа.
-Монголд болон Германд хувийн эмнэлэг ажиллуулахад ялгаатай зүйл мэдээж их байгаа байх?
-Маш их ялгаатай. Германд эмнэлэгт шалгалт ирнэ л дээ. Гэхдээ сарын өмнө танай эмнэлгийг тийм чиглэлээр шалгана, та бэлдээрэй гэж урьдчилан мэдэгдэж, анхааруулдаг. Би хоёр ч удаа шалгуулсан. Шалгалт ирэхэд миний хэрэг тэнд огт байхгүй. Хэлсэн чиглэлээр нь хариуцсан хүн нь ажил дээрээ байхад л болно. Ирээд 10 минутад шалгаад л явчихна.
Би уг нь шалгуулах дуртай, мэдсэн чадсан, хийснээ үнэлүүлнэ гэж ойлгодог. Тэгээд ч шалгалт хүний ажлыг сайжруулахаар, эмчийг алдаа хийхээс сэргийлж, дэмжиж, зөвлөгөө өгдөг байх ёстой. Мөн зарчмын хувьд намайг шалгах гэж байгаа бол миний зиндааны хүн ирэх ёстой. Сувилагч юм уу, хүүхдийн эмч байж болохгүй. Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч байх ёстой, бас миний зовлон, бэрхшээлийг мэддэг байх ёстой. Монголд бол тийм биш.
Би Монголд 20 гаруй жил эмнэлэг ажиллуулж, хүндрэл бэрхшээлийг биеэрээ туулсан. Монголд хувийн эмнэлэг ажиллуулна гэдэг бол асар хүндрэлтэй. Шалгалтаар ирсэн ярвагар хүүхэн миний өндөр настай ээжийг бүлтэгнүүлж байгааг харсан. Би өөрөө ч тийм хүмүүстэй тулж явсан. Монголд, эмч хүний хувьд хүслээрээ хөдөлж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л явсан.
Германд бол үнэхээр өөр шүү. Тэнд эмнэлэг ажиллуулахад эмч хүн эмчээ л хийнэ. Эмчийг бүгд хүндэтгэнэ, өндөр үнэлнэ. Бусад бүх ажил “эзэнтэй”. Эйр кондишн, лифт, хүчилтөрөгчийн аппарат, эм хангамж, цэвэрлэгээ, сантехникийн асуудал надад падгүй, тэрэнд би санаа зовох хэрэггүй. Германд би 20-иод компанитай гэрээтэй ажилладаг. Тэр компаниуд гэрээний дагуу хариуцсан ажлаа хийгээд, шалгаад, хянаад, янзлаад, солиод, цэвэрлэгээгээ хийгээд явчихдаг. Энэ нь өндөр хариуцлага гэхээсээ гадна тэр компаниудыг дэмжиж байгаа хэлбэр юм.
Монголд бол нөгөө муу Отгонболд эмч манаач хийнэ, слесарь болно, хог ачдаг хүнтэй хүртэл очиж зууралдана. Хамгийн хэцүү зүйл бол төрийн дарамт. Хүн ажил хийж мөнгө олоод, улсдаа татвар төлье гэхэд дэмжээд явах ёстой байтал дарамтлаад л байна. Аж ахуйн нэгжүүд авлигаа дийлэхээ байж, дампуурч байна.
Германд хөрөнгө оруулагч нар татвар төлдөггүй. Би гаднын хөрөнгө оруулагч, татвар төлдөггүй, зөвхөн ажилтнуудынхаа цалинг нь өгч, нийгмийн даатгалын шимтгэлийг л төлдөг. Тэгээд л болоо.
Ер нь тэгээд Германд хуулиа хүртэл олон жил дагаж мөрдөнө. Ганцхан жишээ хэлэхэд, манай гэр бүлийн хүн чандарлах төвийн гүйцэтгэх захирлаар таван жил ажилласан. Тухайн үед Монголд “чандарлах” тухай ямар ч хууль, эрх зүйн зохицуулалт байгаагүй. Тэр үед би Германы чандарлах хуулийг орчуулж өгсөн. 1933 оны хуулийг 90 жил дагаж мөрдсөн, хамгийн доор нь Ерөнхий сайд асан А.Гитлерийн гарын үсэг байсан. Германд А.Гитлерийн үеийн чандарлах хуулийг өнөөдрийг хүртэл мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байна. Тэгэхэд манайд тийм олон жил мөрдсөн хууль байдаггүй.
 -Ингэхэд Та Монголд “Хатагтай” эмнэлгээ дахин ажиллуулах уу?
-Монголд “Хатагтай” эмнэлэг одоо ч ажиллаж байгаа. Би онлайнаар хүмүүст зөвлөгөө өгч, эндэхийн эмнэлгийн асуудлаа Германаас шийдээд явдаг. Манай эмнэлэгт 26 хүн ажиллаж байгаагийн тав нь эмэгтэйчүүдийн эмч.
Би өнгөрсөн арваннэгдүгээр сард нэлээд хүндхэн харвалт өгч, нүднээс өөрөөр хөдлөх юмгүй байсан л даа. Дөрвөн сар гаруй эмнэлэгт хэвтэж, физик эмчилгээ сайн хийлгэсний үр дүнд таны өөдөөс хараад ярилцлага өгөөд суух хэмжээний болоод байна. Одоо өөрөө машин барьж, бүх харилцаа эргээд хэвийн болж байна. Группт байх нэг жилийн хугацаагаа ашиглаад, “Хатагтай” эмнэлгээ өргөжүүлж, хөгжүүлнэ. Биеийн байдал гайгүй байвал ирэх аравдугаар сараас Монголдоо ирж ажиллана гэсэн бодолтой байна.
-“Хатагтай” эмнэлэг тэгэхээр хуучин шигээ ажиллана гэсэн үг үү?
-Урьд ажиллуулж байсан хэмжээнээсээ хүндрүүлэхгүй, хүн төрүүлэхгүй, хэвтүүлэхгүй. Үзлэг хийж, зөвлөгөө өгөөд л явна. Монголдоо бол би тэтгэврээ тогтоолгочихсон тэтгэврийн хүн. Германд харин 67 нас хүрч байж, тэтгэвэр тогтоолгоно.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн