Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Ц.Болорчулуун: Тариалалт буурсан учраас 100 мянган тонн хүнсний улаан буудай импортолно

Ц.Болорчулуун: Тариалалт буурсан учраас 100 мянган тонн хүнсний улаан буудай импортолно
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 20
2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцүүлж шийдвэрлэсэн байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлогын г
азрын дарга Ц.Болорчулуун мэдээлэл өглөө.
Тэрээр "Мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр энэ жил нийт нутгийн 30 гаруй хувь нь гантай байна гэж гарсан. Зарим аймаг, сумдад өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 77 сая толгой мал бэлчиж байгаа нь хонь толгойд шилжүүлбэл 130 сая толгойтой тэнцэнэ. Өнгөрсөн оны эцсээр 57.6 сая толгой мал тоолуулснаас энэ онд 20.1 саяыг хүлээн авсан байна. Засгийн газар малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлж, нийтдээ 20 сая орчим толгой малыг махны экспортоор гаргахаар төлөвлөсөн.
Мөн өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой зааварчилгаа гаргаж, тогтоолд хавсаргасан. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жилийн өвс, тэжээлийн нөөц нэмэгдэж байгаа юм.
2025 оны ургацын урьдчилсан балансаар улсын хэмжээнд 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн хүнсний улаан буудай, 88.3 мянган тонн төмс, 164 мянган тонн хүнсний ногоо, 40.5 мянган тонн тосны ургамал, 100 мянган тонн тэжээл хураан авах боломж бүрдсэн. Харин тариалалтын хэмжээ өнгөрсөн оныхоос 60.5 мянган га-гаар буюу 10.5 хувиар буурсан байна.
Гантай нөхцөл байдлын улмаас ялангуяа Төв аймгийн хэд хэдэн сум, Сэлэнгэ аймаг бүхэлдээ, мөн Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн ургацын байдал доройтжээ. Иймээс хүнсний улаан буудайн нийлүүлэлт буурч, нийтдээ 168 мянган тонн улаан буудай гурилын үйлдвэрлэлд өгөх боломжтой гэх тооцоолол байна. Гурилын үйлдвэрүүдэд 50 мянга гаруй тонн нөөц байгаа ч ирэх онд 100 мянган тонн хүнсний улаан буудай дутна гэсэн тооцоо гарсан. Энэ хэмжээг импортоор нөхөхөөр төлөвлөсөн юм. Хаврын тариалалтыг тогтвортой явуулах зорилгоор 10 мянган тонн үрийн улаан буудайг мөн импортоор авах шийдвэрийг гаргасан" гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн