Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

10 мянган хүүхдийн боловсролоос чухалд тооцогдсон ТЭРБУМЫН өртөгтэй хурлын өрөө

10 мянган хүүхдийн боловсролоос чухалд тооцогдсон ТЭРБУМЫН өртөгтэй хурлын өрөө
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 20
Шинээр ашиглалтад орсон сургуулиуд тоног төхөөрөмж, ширээ сандалгүйгээс болж мянга, мянган хүүхэд хичээллэх байргүй болоод байна. Энэ асуудлыг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолж, Боловсролын яам энэ асуудалд арга хэмжээ авах ёстой талаар мэдээлсэн юм. 
Тэрээр “Тэрбум төгрөгөөр хурлын өрөө тохижуулж, тансаг сандал, буйдан авахаасаа өмнө ширээ, сандалгүйгээс болж ашиглалтад орсон сургуулиуд хичээллэх боломжгүй болсныг шийдэх хэрэгтэй. Зөвхөн энэ онд нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилга эхлүүлснээс өнөөдрийн байдлаар 15 нь ашиглалтад ороход бэлэн болсон. Удахгүй дахин 20 сургууль, цэцэрлэг баригдаж дуусна. Гэвч 5 дүүргийн 13 сургуульд ширээ, сандал, самбар, гал тогооны тоног төхөөрөмж огт байхгүйгээс 10 мянга гаруй хүүхэд суралцаж чадахгүйд хүрээд байна” гэлээ.
Жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 179 дүгээр бага сургууль, цэцэрлэг бүрэн тоног төхөөрөмжгүй тул ирэх сард хичээл эхлүүлэх боломжгүй болсон байна. Энэ сургуулийг 2020 онд барьж эхэлж, 2025 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 6.9 тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалт юм.
Гэтэл Боловсролын яам энэ хугацаанд өөрийн албан хэрэгцээнд 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй тендер зарлаж, мэдрэгчтэй дэлгэц, мэргэжлийн камер, дрон, интерактив самбар, синхрон орчуулгын төхөөрөмж болон цаасгүй хурлын өрөөний зориулалтын ширээ, арьсан бүрээстэй сандал худалдан авчээ. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан бөгөөд ялангуяа төсвийн хэмнэлтийн бодлого баримталж, төрийн албан хаагчдыг цомхотгон, зардлыг танаж байгаа энэ үед яам өөрийн хурлын танхимыг ийм өндөр өртгөөр тохижуулсан нь олны бухимдлыг улам ихэсгэж байна.
undefined
Нэг талд шинээр баригдсан сургуулиуд тохижилтгүйгээс болж мянга мянган хүүхэд хичээлдээ явж чадахгүйд хүрч байхад, нөгөө талд Боловсролын яам өөрийн хэрэглээнд их хэмжээний мөнгө зарцуулсан юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн