Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ

АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ
Нийтэлсэн 0 минутын өмнө
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй холбоотойгоор цуцалсан тухайгаа мэдээллээ.
Зөрчил гаргасан ихэнх тохиолдол нь халдлага, согтуугаар жолоодох (DUI), хулгай, мөн “терроризмыг дэмжсэн” гэх зүйлүүдтэй холбоотой байжээ. Энэхүү арга хэмжээ нь Трампын засаг захиргаа цагаачлал болон гадаад оюутнуудын эсрэг хяналтыг чангатгасаар байгааг харуулж байна.
Төрийн департамент “терроризмыг дэмжсэн” гэх тодорхойлолтын талаар тодорхой тайлбар хийгээгүй ч, Трампын засаг захиргаа Палестиныг дэмжиж эсэргүүцлийн жагсаалд оролцсон зарим оюутныг антисемит үзэл гаргасан гэж үзэн онилж байв.
6,000 оюутны визийн ойролцоогоор 4,000 нь хууль зөрчсөнтэй холбоотойгоор хүчингүй болсон гэж Төрийн департамент мэдээлсэн. Харин 200-300 визийг АНУ-ын хуулийн INA 3B заалтын дагуу ‘терроризмтай холбоотой’ гэж үзээд цуцалсан байна. Энэ заалт нь хүний амь насанд аюул учруулах эсвэл АНУ-ын хуулийг зөрчих аливаа үйлдлийг өргөн хүрээнд ‘террорист үйл ажиллагаа’ гэж тодорхойлдог.
Энэ оны эхээр Трампын засаг захиргаа олон улсын оюутнуудад визний цаг товлолтыг түр хугацаанд зогсоож байв. Харин зургаадугаар сард дахин сэргээхдээ бүх өргөдөл гаргагчдыг өөрсдийн сошиал медиа аккаунтаа олон нийтэд нээлттэй болгохыг шаардсан бөгөөд ингэснээр илүү нарийн шалгалт хийж эхэлжээ.
Тэд АНУ-ын иргэд, соёл, төр, байгууллага болон үндсэн зарчмуудын эсрэг дайсагнасан шинж тэмдэг байгаа эсэхийг шалгана гэж мэдэгдсэн байна. Мөн Төрийн департаментын ажилтнуудад “гадаадын террорист байгууллагыг дэмжих, туслах, эсвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх бусад үйлдлийг дэмжсэн хүмүүсийг илрүүлэх, хууль бус антисемит дарамт, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг олж тогтоох” даалгавар өгчээ.
Нөгөө талд Ардчилсан намынхан Трампын засаг захиргааны оюутны виз цуцалж буй үйлдлийг шүүмжилж, шударга шүүхийн үйл явцыг үгүйсгэсэн алхам гэж мэдэгдсэн байна.
Open Doors байгууллагын мэдээлснээр 2023-2024 оны хичээлийн жилд АНУ-ын их, дээд сургуулиудад 210 гаруй улсаас 1.1 сая гаруй олон улсын оюутан суралцаж байжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн