2026 оны төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлын талаар Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргалаас тодрууллаа.
-Төсвийн хөрөнгө оруулалтыг бүх аймаг, салбарт жигд бус харин эрэлт хэрэгцээнд тулгуурлан хуваарилах нь яагаад чухал вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалт нь нийтийн эрх ашиг, олон нийтийн хэрэгцээг хангахад чиглэдэг онцлогтой. Энэ нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас ялгаатай нь ашиг олох зорилготой бус, харин иргэдийн амьдрах орчин, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулахад зориулагддаг. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын гол зарчим нь нийтэд хүртээмжтэй, олон нийтэд зориулсан бүтээн байгуулалт, дэд бүтэц, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд чиглэдэг юм.
Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтыг урсгал зардал шиг жигд, бүх аймаг, салбаруудад адилхан хуваарилах боломжгүй. Харин аль нутагт, аль салбарт хамгийн их тулгамдсан асуудал байна вэ гэдгийг зөв оношилж, эрэлт хэрэгцээг бодитой тодорхойлох нь чухал. Ингэснээр хөрөнгө зөв газраа хүрч, иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирна. Жишээлбэл, алслагдсан бүс нутагт хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн зориулалттай байгууламж барих нь боломжгүй. Тиймээс төр өөрөө төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм.
-Иргэдийн санал болон сум, дүүргийн түвшний мэдээллийг төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд оруулах нь хэр чухал вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын гол зорилго нь иргэдийн эрэлт хэрэгцээг зөв тодорхойлж, ач холбогдол өндөртэй, үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхэд оршдог. Энэ хүрээнд Сангийн яам Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран сүүлийн 2-3 жилд хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг илүү оновчтой болгох шинэчлэл хийж байна.
Өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалтад зориулсан гар утасны аппликейшн, вэб сайт ажиллаж байгаа нь иргэдийн оролцоог хангах чухал хэрэгсэл болсон. Жил бүрийн гуравдугаар сарын 1-нээс эхлэн нэг сарын хугацаанд иргэдээс төсвийн хөрөнгө оруулалтын санал авдаг. Жишээ нь, энэ онд улсын хэмжээнд 17 мянга гаруй иргэн санал өгсөн. Харин өмнөх жилүүдэд чанаргүй санал харьцангуй их ирдэг байсан нь тухайн орон нутгийн бодит асуудлыг салбарын яам, төвийн байгууллагууд бүрэн мэдэхгүй байсантай холбоотой. Тиймээс сүүлийн жилүүдэд иргэдийн саналыг зөвхөн системээр авах бус, сум, дүүргийн түвшинд албан ёсоор тусгах аргачлалд шилжсэн. Учир нь тухайн нутагт амьдарч байгаа иргэд өөрийн орчинд тулгамдсан асуудлыг хамгийн сайн мэддэг. Иргэдийн саналыг сум, дүүргийн түвшинд нэгтгэсний дараа аймаг, нийслэл болон яамдуудаар дамжин долдугаар сарын 25-нд Сангийн яаманд хүргүүлдэг. Энэ бүхэн хуульд заасан шат дараалалтай явагдана. Мөн зөвхөн санал авах төдий бус төслүүдэд оноо өгч эрэмбэлэх аргачлалаар үнэлгээ хийдэг нь чанар, үр ашгийг дээшлүүлэхэд тус болох юм.
Энэ онд систем хаагдах хүртэл 1712 төслийн санал ирсэн бөгөөд нийт санхүүжилтийн хэмжээ нь 14.4 их наяд төгрөгт хүрсэн. Харин Засгийн газраас баталсан хязгаар нь 3.2 их наяд төгрөг тул Сангийн яам саналуудыг нягталж, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж сонгох шаардлагатай болж байгаа юм.
Гэвч бодит байдал дээр хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх шингээх чадвар хамгийн том сорилт болж байна. Манай улсад барилгын ажил хийх улирал богино, нэг жилийн төсвийн мөчлөг богино хугацаатай, түүнчлэн компаниудын тоо, ажиллах хүчин, барилгын материалын нөөц хүрэлцдэггүй зэрэг бэрхшээл бий. Энэ шалтгаанаар 2023 онд шинэ төсөл эхлүүлэхийн оронд өмнөх ажлуудаа дуусгах бодлого барьж, гүйцэтгэл 96 хувьтай гарсан. Харин 2024 онд бүх салбарт шинэ хөрөнгө оруулалт эхлүүлсэн нь гүйцэтгэлийг 80 хувь болгож бууруулсан. Иймд 2025 онд зөвхөн гурван салбарт буюу зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, бусад салбаруудад зохицуулалтын бодлого хэрэгжүүлж байна. Цаашид Ерөнхий сайдын зарласан бодлогын хүрээнд 4-5 тэргүүлэх салбарыг тодорхойлж, хөрөнгө оруулалтаа төвлөрүүлэх зорилт тавьсан. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалт илүү бодитой хэрэгцээтэй уялдсан, нийгэмд өгөөжтэй төслүүдийг дэмжих, хөрөнгө мөнгөний үр дүнгүй байдлыг багасгах чиглэлд ахиц гарч байгаа юм.
-Ирэх жил зарим жижиг, үр ашиг багатай төслүүдийг хэрэгжүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан нь төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын ямар зорилготой холбоотой вэ?
-Ирэх оноос төсвийн хөрөнгө оруулалтын бодлого хүний хөгжил болон мега төслүүдэд илүү төвлөрнө. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарч, иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, нийгмийн чанарын өөрчлөлтийг хангах чиглэлд бодлогын түлхүүр зорилтуудыг тавьсан.
Боловсролын салбар. Өнгөрсөн жил боловсролын жил болгон зарласны дагуу ажлын хэсэг, Их Хурал, Засгийн газар зэрэг бүх түвшинд зохион байгуулалтын бүтэц бий болсон. Энэ хүрээнд манай мэдээллийн системийн их өгөгдөлд тулгуурлан, хүний оролцоогүйгээр сургуулийн хэрэгцээ шаардлагыг тооцон судалгаа хийсэн. Үүний үр дүнд улсын хэмжээнд нийт 108 сургууль шинээр барих шаардлагатай гэсэн дүн гарсан. Үүнээс 84 нь Улаанбаатар хотод, 24 нь хөдөө орон нутагт хэрэгцээтэй байна. Хөдөө орон нутагт голчлон актлагдсан барилгыг шинээр барих шаардлагатай бол цэцэрлэгийн хувьд 95 шинэ барилга барих хэрэгцээ гарсан. Ирэх жил энэхүү судалгаанд үндэслэн зураг төсөл нь бүрэн бэлэн болсон төслүүдийг эхлүүлэх бөгөөд сургуулийн орчин, боловсролын чанарыг сайжруулахад тоног төхөөрөмжийн шинэчлэл чухал юм. Ялангуяа физикийн лаборатори зэрэг сургалтын орчинд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг нэр заасан байдлаар шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн салбарын хувьд гадаадын зээл тусламжтай хамтран томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнд саяхан батлагдсан Зүрх судасны үндэсний төв, мөн Хавдар судлалын эмнэлэг болон бусад зайлшгүй шаардлагатай байгууламжууд орно. Эдгээр төсөл нь иргэдийн эрүүл мэндийн чанарт мэдэгдэхүйц ахиц авчрах ач холбогдолтой.
Дэд бүтэц ба эрчим хүч. Өнгөрсөн жил улсын хэмжээнд томоохон авто замын төслүүдийг эхлүүлсэн тул энэ жил шинэ хөрөнгө оруулалт харьцангуй бага хэмжээгээр хийгдэх ч дүнгээрээ өндөр хэвээр байх бөгөөд өмнөх жилийн ажлууд үргэлжлэн хэрэгжинэ. Эрчим хүчний салбарт ч нэн шаардлагатай төслүүдийг үргэлжлүүлэх бөгөөд энэ нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үндсэн нөхцөл болно.
Аюулгүй байдал, онцгой байдлын салбар. Онцгой байдал, аюулгүй байдлын чиглэлээр ч шинэ хөрөнгө оруулалтын төслүүд орж ирсэн бөгөөд энэ нь улсын хэмжээний гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн амар тайван амьдралыг хамгаалахад чиглэнэ.
COP-17. Мөн хөрөнгө оруулалтын хүрээнд нэгэн томоохон төсөл бол 2026 оны наймдугаар сард зохион байгуулагдах COP-17 чуулган юм. Энэ арга хэмжээ нь олон улсын гэрээ, хүлээсэн үүргийн дагуу явагдах бөгөөд Монгол Улс нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд урьдчилсан бэлтгэл ажлыг төсөвт тусгаж байна.
Ерөнхий бодлогын хүрээнд ирэх жил буюу 2026 онд зарим төрлийн хөрөнгө оруулалтыг шинээр эхлүүлэхгүй, тодорхой хэмжээгээр тэвчихээр болсон. Энэ шийдвэрийг гаргахдаа иргэдийн өгсөн саналуудыг мөн харгалзан үзсэн. Тухайлбал, Засаг даргын тамгын газрын шинэ байр, соёлын төв зэрэг харьцангуй бага өгөөжтэй, үр ашиг багатай төслүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхгүй байх бодлого барьж байна.
Харин оронд нь боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, дэд бүтэц, аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр өгөөж өгөх тэргүүлэх 4-5 салбарт хөрөнгө оруулалтаа төвлөрүүлнэ. Энэ нь улсын нөөц бололцоог илүү зөв хуваарилах, төсвийн хөрөнгийг бодит шаардлага өндөртэй салбарт чиглүүлэх алхам болж байна.
-COP-17 их хурлыг зохион байгуулахад зориулсан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд ямар салбарууд, ямар шаардлагуудыг тусгах ёстой вэ?
-COP-17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх их хурал 2026 оны наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдана. Энэ чуулга нь дэлхийн хэмжээнд томоохон арга хэмжээний нэг бөгөөд 7000 гаруй зочид, төлөөлөгчид манай улсад ирэхээр төлөвлөж байна. Хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Үндэсний хороо байгуулагдаж, Байгаль орчны яам гол зохион байгуулагчийн хувьд хариуцан ажиллаж байна. Мөн төрийн тусгай байгууллагууд, аюулгүй байдлын байгууллагууд, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам зэрэг холбогдох бүх байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд ямар хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг тооцоолж, урьдчилсан саналуудаа ирүүлж байгаа юм.
Төсвийн төслийн түвшинд одоогийн байдлаар COP-17-той холбоотойгоор 240 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал бүрдсэн. Энэ нь зөвхөн байгаль орчны байгууламжаар хязгаарлагдахгүй бөгөөд төрийн аюулгүй байдлыг хангах, дипломат үйлчилгээ, дэд бүтэц, зохион байгуулалтын бусад шаардлагуудыг багтаасан цогц төлөвлөлт юм. Одоогоор Сангийн яам болон холбогдох байгууллагууд эдгээр саналыг нягталж, тооцооллыг баталгаажуулах шатандаа явж байна.
-Эрчим хүчний салбарт төсвийн хөрөнгө оруулалтаас гадна өөр ямар эх үүсвэрүүд байгаа вэ?
-Ирэх жил төсвийн хөрөнгө оруулалтын нэг онцлог нь эрчим хүчний салбарт чиглэсэн санхүүжилтийн нийт эх үүсвэрийг цогцоор нь тооцож гаргасан явдал юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн улсын төсвөөс гарах хөрөнгөөр хязгаарлах бус, гадаад зээл тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл, нийслэлийн өөрийн хөрөнгө оруулалт, бондын эх үүсвэр зэрэг санхүүгийн бүх боломжийг нэгтгэн тооцсон.
Энэ салбарын онцлог нь бусад салбараас үр ашиг өндөртэй байдаг тул улсын төсвөөс илүүтэй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт давамгайлдаг. Төсвийн хувьд хэрэгцээ маш их байгаа ч, төсөвт суулгах шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй бол ямар ч төсөл шууд орж ирэх боломжгүй. Харин шаардлага хангасан төслүүдийг төсөвт багтаан тусгаж, санхүүжүүлэх зарчим баримталж байна. Нөгөө талаас гадаадын зээл, тусламжаар ч эрчим хүчний салбарт нэлээд томоохон төслүүд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа нь энэ салбарт төвлөрөх нийт хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж байгаа юм.
Ингэснээр улсын хэмжээнд эрчим хүчний салбар нь хөрөнгө оруулалтын хувьд хамгийн өндөр санхүүжилттэй салбар болж байна. Урьдчилсан тооцоогоор нийт 3-4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээс улсын төсвөөс гарах хэмжээ нь ойролцоогоор 400 орчим тэрбум төгрөг байх төлөвтэй байна.