Улаанбаатар хотын төвд, Улсын их дэлгүүрийн урд жижигхэн ч гэлээ үйлчлүүлэгчдийн сэтгэлийг татдаг нэгэн кофе шоп бий. Тэнд зөвхөн халуун унд уух бус, тайвшрал, уур амьсгал, хүн хоорондын эелдэг харилцаа бий болдог. Хүмүүс ганцаараа, хосоороо, эсвэл найзтайгаа орж ирээд хэсэгхэн зуур тайвширал мэдэрч, сэтгэлээ хуваалцах газар болгосон хүн цөөнгүй бий. Энэ газрын кофенд дурлахаас гадна ажилтных нь найрсаг эелдэг харилцаа нь олон үйлчлүүлэгчийг татдаг байна. Энэхүү онцгой кафед тав дахь жилдээ ажиллаж буй Г.Хандмаатай ярилцлаа.
-Энэ газар хэдэн жилийн түүхтэй вэ?
-Би энэ газарт ажиллаад таван жил болж байна. Өмнө нь энэ газар Хүүхдийн 100-д чага мөөгний дэлгүүрээр нээгдэж байсан. Улсын их дэлгүүрийн урд нүүж ирээд 23 дахь жилдээ ажиллаж байна. Энэ заал өмнө нь зочид хүлээн авах сандал ширээтэй хэсэг байсан юм. Бид зай талбай, орчноо ашиглаад хүнд хоол идэхээс илүү тайван суухад тохиромжтой орчин болохоор жижигхэн кафе нээж байсан. Арваннэгдүгээр сарын 11-нд нээж байлаа. Их гоё өдөр нээсэн гэж боддог.
-Энэ орчин тохижуулах санаагаа хаанаас авсан бэ?
-Анх 23 жилийн өмнө тохижуулчихсан байсан. Чага мөөгийг савлаж бэлтгээд Монголын хил гаалиар гарахад асуудалгүй болгох санааг гаргаж байсан хүн ингэж тохижуулr байсан. Энэ орчин 23 жилийн түүхтэй, юуг нь ч өөрчлөлгүй хадгалж ирсэн. Кафе нээхээр болсонтой холбогдуулан өнгөрсөн жил ганцхан плитаг нь сольж, орчин үеэ дагаад ширээ сандлыг нь сольсон. Бусад нь бол яг өмнөх тэр чигээрээ байгаа. Надад хэзээ ч хуучиршгүй интерьер шиг санагддаг.
-Менюн дээр танил бус “Вин Чауд” гэсэн нэр байна. Энэ ямар бүтээгдэхүүн бэ?
-Вин Чауд гэдэг нь Италиас гаралтай нэр. Орчуулбал “халуун дарс” гэсэн утгатай. Чихэрлэг улаан дарсыг санагдуулам амтыг мэдрүүлдэг. Синамон Дайлуу ороод ирэхээр илүү дарслаг мэдрэмж төрүүлдэг. Кофе шопоор үйлчлүүлдэг хүмүүсийн заавал уух ёстой зүйлийн нэг гэж боддог. Алкохолгүй учраас эмэгтэйчүүд их авдаг. Сүүлийн 2-3 жилд Монголд ганц нэг газар хийдэг болсон харагдсан. Вин Чаудыг халуунаар нь ч, хүйтнээр нь ч их авдаг. Өвлийн цагт хамгийн их гардаг меню байгаа юм.
- Энэ газрын онцлох бүтээгдэхүүн гэвэл та юу нэрлэх вэ?
-Эрэгтэй үйлчлүүлэгчид “Виски эсперэссо” их авдаг. Меню дээрээ оруулаагүй учраас хүмүүс тэр болгон мэддэггүй. Байнгын үйлчлүүлэгч нар л мэддэг болохоор байнга авдаг. Гадаад хүмүүс “ристретто” их авдаг.
-Ярилцаад сууж байхад ихэвчлэн солонгос хүмүүс ирж үйлчлүүлж байна. Та өмнө нь Солонгост амьдардаг байсан уу?
-Манай үйлчлүүлэгч нар хамгийн их асуудаг асуулт байна. Яагаад гэдгийг мэдэхгүй л байна. Та эгчээ Японд амьдарч байсан уу, Солонгост амьдарч байсан уу гэж их асуудаг. Би Солонгосын хилээр нэг ч гарч үзээгүй хүн байгаа юм. Чага мөөгийг Солонгосчууд, ер нь гадаад хүмүүс их авч үйлчлүүлдэг учраас тэгж боддог байх.
-Анх энэ ажилд хэрхэн орж байсан бэ?
-Анх чага мөөгний дэлгүүрт ажилладаг байсан. Би эрх зүйч мэргэжилтэй, бичиг цаасны ажил хийдэг байсан. Тэр ажлынхаа хажуугаар чага мөөгний дэлгүүрт оройдоо 3 цагаар ажилладаг байсан. Энэ нь надад тайван нам гүм орчинд ажиллангаа бичиг цаасныхаа ажлыг хийх амар байсан. Их тухтай болохоор энд ирэх дуртай байсан. Тэгж байгаад л одоо өглөө 9 цагаас орой 11 цаг хүртэл ажилладаг болсон доо.
-Өглөө ажлаа хэрхэн эхлүүлдэг вэ?
-Манайх сүүлийн хоёр сар өглөөдөө заалаа түрээсэлдэг болсон. Өмнө нь шүлэг, яруу найраг бичдэг хүмүүс өглөө цуглаж шүлгийнхээ талаар ярилцдаг байсан. Одоо монгол бичгийн хичээл заадаг хүмүүс түрээсэлж байгаа. Тэр хүмүүст самбар, тог их чухал байдаг учраас ойрдоо тог, разеткаа шалгадаг болсон. Өглөө ирээд хамгийн түрүүнд хийх дуртай зүйл бол гадна талбай, дотор цэцгээ усалж эхэлдэг. Чийгтэй хөрсний үнэр үнэхээр тайван, сайхан мэдрэмж төрүүлдэг.
-Таны эелдэг харилцааг үйлчлүүлэгчид онцолдог. Энэ зан чанарт тань юу нөлөөлдөг вэ?
-Нөлөөлөх зүйл гэхээс илүү хүний өөрийнх нь байгаа байдал юм болов уу гэж бодож байна. Би өөрөө инээгээд л байж байдаг төрлийн хүн болохоор эелдэг байх гэж хичээдэггүй. Мэдрэмж маш чухал юм байна гэж ойлгосон. Ядарчихсан, стресстсэн, гунигласан хүмүүс орж ирэх үе байдаг. Тэр хүмүүст кофе авах, торт идэх нь чухал биш. “Зүгээр л нам гүм орчинд орж ирээд суухыг хүссэн юм аа” гээд орж ирдэг. Хүмүүс тэр болгон ингэмээр байна тэгмээр байна гэж хэлэхгүй шүү дээ. Хэлээгүй байхад нь тэр хүнийг хараад гунигтай байгаа юм байна. Энэ хүнийг хаанаа суулгах вэ? Ядаж амьд лаа асаагаад өгье, халууцсан байгаа юм байна сэнс асаагаад суулгах юмсан, ачаатай түүртчихсэн яваа юм байна, энэ явган сандлыг ойртуулаад өгье ачаагаа тавиг дээ гэж мэдэрдэг болохоор хүмүүс надтай харилцах дуртай байдаг гэж ойлгосон.
-Хэцүү үйлчлүүлэгчтэй таарч байсан уу?
-Тааралгүй яах вэ. Дандаа соёлтой гоё үйлчлүүлэгч байна гэж байхгүй. Хэцүү хүмүүс таарна. Гэхдээ хэцүү үйлчлүүлэгчид одоо эсрэгээрээ байнгын үйлчлүүлэгч болсон байдаг. “Танайх Монголд байж яагаад сүүтэй цай зарахгүй байгаа юм. Би сүүтэй цай уух гэж орж ирсэн. Чи надад сүүтэй цай хийж өг” гээд л. Зарим нь “Чи надад цэцгээ зарсангүй, эндээс үрслүүлээд авахад чамаас юу унах гээд байгаа юм” гэх мэт үйлчлүүлэгч нар их байдаг. Хатуу кофе уудаггүй гээд байсан хүн одоо эсрэгээрээ“Виски эспрессо” буюу хамгийн хатуу кофе тогтмол авдаг болсон жишээтэй.
-Таны санаанд үлдсэн үйлчлүүлэгч нарын хамгийн сайхан дурсамжаас хуваалцаач.
-Манайхыг гаднаас хараад орж ирэхээс илүү нэг орж ирээд гарсан хүн заавал дахиад орж ирдэг. Хамгийн анх гуравдугаар сарын 8-нд манай үйлчлүүлэгч дөрвөн охин над дээр цэцэгтэй, винотой мэндчилгээний үг барьчихсан орж ирж байсан. Би тэр үед үнэхээр их баярлаж байсан. Тэр үйлчлүүлэгчид анх захидлын хайрцгаар дамжуулаад захидал үлдээж байсан. Бэлэгтэй ороод ирэх үед л өөрөөрөө анх удаа бахархаж байсан. Үйлчлүүлэгчээсээ цэцгийн баглаа, вино авч байсан бариста цөөхөн байх гэж бодоод баярлаж байсан. Манай текний урд тал дандаа үйлчлүүлэгчдийн дэмээр бүтэж байсан. Би энэ газарт нэг ч ширхэг ном авч тавьж байгаагүй. Гэтэл үйлчлүүлэгчдийн бэлэглэсэн номоор дүүрсэн. Дугтуй дүүрэн Хандмаа эгчид гээд надад биччихсэн захидлууд байдаг. Хааяа ядрах үедээ сууж байгаад тэр нандин захидлуудаа уншдаг юм. Хамгийн бяцхан дөрвөн настай үйлчлүүлэгч маань намайг торттой нүдний шилтэй эмэгтэйгээр зурж үлдээж байсан. Шинэ жилийн үеэр үлдээж байсан, хадгалаад байлгаж л байдаг.
-Захидлын хайрцаг гэхээр сонин сонсогдож байна. Энэ санаа хэрхэн төрөв?
-Манай модтой буланд жижигхэн модон байшин өлгөчихсөн байгаа. Текний урд захидал бичих дугтуй, цаас, өнгийн харандаа, бал пинал дотор хийгээд тавьчихсан байдаг. Тэндээс аваад хэн нэгэнд утсаар биш, дээр үеийнх шиг захидлаар харьцдаг амьд харилцааг бий болгоё гэж бодож байсан юм. Хэлж чадахгүй үгсээ захидлаар бичээд аав, ээж, сонирхсон хүндээ ч байж болно. Магадгүй хэн нэгнийг гомдоосон бол захидал бичээд энэ байшинд хийж болно. 14 хоногтоо 1 удаа захидлуудаа бөөгнүүлж байгаад манайхаас утсаар залгаад хэлдэг. “Сайн байна уу, Мориа чага мөөгний кафе байна. Манай захидлын хайрцгаар дамжуулаад танд захидал ирсэн байна шүү” гээд хэлчихдэг. Тэгээд инстаграм, фейсбүүк хаягийг нь мэншион хийгээд мессеж явуулдаг. Эхэндээ “Энэ их түгжрэлд хүмүүс захидал авна гээд ирэх юу л бол доо” гэж бодоод итгэл муутай эхлүүлсэн. Одоо бол эсрэгээрээ санагддаг болсон. Хүмүүс их хүндэтгэлтэй хандаад яаж ийж байгаад захидлаа ирж авдаг. Гараар бичсэн захидал их үнэ цэнтэй байдаг юм байна гэж ойлгосон. Зарим хүн хэн нэгэнд хандаж захидал бичсэн ч түүнийгээ өгөхгүй баймаар үедээ манай тек дээр үлдээгээд “Уншиж болно шүү” гээд явдаг. Үүнийг нэг ёсондоо сэтгэл зүйн эмчилгээ болдог юм уу даа гэж боддог. Сэтгэл дотроо болж байгаа сайхан, муухай зүйлсээ бичээд үлдээчихээр тайвшрал мэдрээд гардаг байх. Захидал бичиж үлдээчхээд “Сайхан болчихлоо” гээд хүмүүс гардаг. Одоо текний урд тал хөглөрсөн л харагдаж байгаа. Хүмүүс “Энийгээ цэгцлэхгүй юм уу, яасан их юм бэ?” гэж хэлдэг. Гэхдээ тэд бол хэн нэгний сэтгэлийг хөнгөлсөн захидлууд байдаг учраас их хайртай байдаг. Цаашдаа эдгээр захидлуудыг аудио хэлбэрт оруулаад цахим хуудастаа тавина гэж бодож байна.

-Ажлынх нь дуртай мөч юу вэ?
-Хүмүүс захиалсан бүтээгдэхүүнээ ууж дуусгаад хоосон аяга ирэх үед “таалагдаж дээ” гэж боддог. Мөн “баярлалаа, баяртай”, “Заа сэтгэл санаа сайхан болчихлоо” гэж хэлээд гарахыг нь харах гоё байдаг.
-Ихэвчлэн ямар үйлчлүүлэгч орж ирдэг вэ?
-Ярих гэж орж ирдэг үйлчлүүлэгч нар их байдаг. “Таныг орой гарч байгаа байх гэж бодоод хүрээд ирлээ, ярьж суух гэсэн юм” гээд ирдэг хүмүүс их байдаг.
-Багадаа ямар хүн болно гэж мөрөөддөг байсан бэ?
-Би багадаа сэтгэл зүйч болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ гэрийнхэн маань “Монголд сэтгэл зүйч хэрэггүй ээ Хандмаа. Монголд сэтгэл зүйч дээр мөнгө төлж очих хүн байдаг болтол олон жил болно” гэж байсан. Тэгээд арванхоёрдугаар ангиа төгсөхдөө эрх зүйч гэдэг мэргэжил сонгоод, мэргэжлээрээ ажиллаж байсан. Гэтэл одоо өөр салбар луу гулсаад орчихсон сууж байна. Эргээд харахад багадаа сэтгэл зүйч болохыг хүсдэг байсантайгаа жоохон ч гэсэн дөхсөн ажил хийж байна гэж боддог. Дан ганц американо хийгээд зогсох бол нээх сонин биш. Хүмүүстэй харилцаж байгаа харилцаа хандлага их чухал гэж боддог. Яг үнэндээ бүх газар л американо байдаг. GS25 болон CU-ээр ч американо манайхаас ч хямдхан байгаа. Гэтэл хүмүүс яагаад заавал манайх руу орж ирдэг вэ? Энэ орчин болон харилцаа хандлага их чухал байдаг.
-Ширээ бүр дээр амьд лаа байна. Энэ лааг ямар утга учиртай тавьсан бэ?
-Нэгд, лааны дөл ширтээд тайван суух арай өөр мэдрэгдэх болов уу гэж бодсон. Хоёрт, манайд хосууд их орж ирдэг. Манай эрэгтэй үйлчлүүлэгчид их сэтгэлтэй. “Эгчээ би саяхнаас нэг охинтой болзож байгаа юм. Та энэ цонхон талын хэсгийг байлгаж байгаарай” гээд захиад гардаг. Тэгээд захиад гарахаар би нөгөө хүүхэд маань нэг охинтой ирнэ гэсэн дээ улаан лаа олох юм сан гээд хайгаад улаан лаа гаргаж тавьдаг. Энгийн үед цагаан лаатайгаа байдаг. Хүмүүс захиж хэлээд гардаг учраас ач холбогдол өгөхгүй бол цаанаасаа болохгүй мэт санагддаг. Хосуудад романтик мэдрэмж төрүүлэхийн тулд улаан лаа тавьдаг. Бусад үед үйлчлүүлэгч нар тайван мэдрэмж мэдрэхийн тулд кофе шопт орж ирдэг гэж боддог учраас цагаан лаа тавьдаг. Түүнээс биш гэртээ кофе чанагчтай хүн зөндөө л байдаг шүү дээ.
-Үйлчлүүлэгч нартаа хандаж юу хэлэх вэ?
-Манайхаар орж ирсэн хүмүүс сайхан мэдрэмж аваад, тайвшраад гараасай л гэж боддог. Учир нь манай үүдээр гараад л хотын их стресс эхэлж байгаа. Хэсэгхэн хугацаанд гаднах стрессээ мартаад тайвшраад гараасай гэж боддог. Сайхан болоод инээгээд гарч байгаа хүнийг хараад би өөрөө аз жаргалтай болдог.