Төрийн ордонд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох, үүрэг даалгавар өгөх Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Энэ үеэр ирэх өвөл эрчим хүчний салбар хэрхэн ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.Эрчим хүчний салбарын хувьд, өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 64 хувьтай үргэлжилж байна. 2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачаалал арванхоёрдугаар сард 1800 МВт-д хүрэх тооцоолол гарсан. Үүний 1197 МВт-ыг дотоодын эх үүсвэрээс, батарей хуримтлуураас 160 МВт, салхин станцаас 30 МВт, импортоор 300 МВт-ыг тус тус хангаж, 113 МВт-ын хөнгөлөлт, хязгаарлалт хийхээр байгаа аж. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөсөн бөгөөд тус станц ашиглалтад орсноор ирэх өвөл хязгаарлалтгүй хийхгүй байх нөхцөл бүрдэнэ гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.Өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хоногийн аюулгүй нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцуудын нүүрсний нөөц бүрдүүлэлт төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа бөгөөд нийт 372.9 мянган тонн нүүрсний, 2 мянган тонн мазотын нөөцтэй байна.Харин зүүн бүсийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж буй Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн нүүрсний нөөц бүрдүүлэлт тасраад байна. Энэ нь тус станцанд нүүрс нийлүүлэгч МАК ХХК нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчилж, нүүрсний үнийг нэмэгдүүлж, Эрчим хүчний зохицуулах хороогоор тогтоолгох хүсэлттэй холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт тасалдаад байгаа юм байна.