Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв

Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 18
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Үндсэн цалинг нэмэх шаардлагатай. Өнөөдөр улсын сургуулиуд нийгмийн даатгалын өртэй, багшийн эрүүл мэндийн зардал шийдэгдээгүй байна. Хичээл сургууль эхлэх гэж байхад энэ асуудлыг шийдэж чадахгүй бол багш нар гудамжинд гарч, ажлаа хаяна” гэж мэдэгдэв.
Үүнд Боловсролын сайд П.Наранбаяр “Цалинг нэмэх шаардлага байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 20 хувиар нэмэхэд 506 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. Эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, УИХ дээр ирэх оны төсөвт хэрхэн тусгах талаар ярилцах шаардлагатай” гэж хариулсан юм.
Мөн багш нар цалингаа нэмүүлэх асуудлаар өнөөдөр уулзалт зохион байгуулсан юм. Энэхүү уулзалтын талаар Дунд сургуулийн багш нарын холбооны тэргүүлэгч мэдээлэл өглөө.
Тэрээр "Цалин нэмэх асуудлыг зөвхөн мөнгөний асуудал гэж харахгүй, орон сууц, сургалтын нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэрэг асуудлыг ч хамт авч үзэх ёстой. Төрийн албан хаагчдад байдаг орон сууцны дэмжлэг боловсролын салбарын багш нарт хамаарахгүй байна. Энэ дэмжлэг нь цэрэг, цагдаа, эмнэлгийн ажилтнуудад хэрэгждэг. Салбарын сайд нар нь ч үүнийхээ араас яваад байдаг. Манай салбарын сайд энэ тухайд хоёр үеэрээ хэвээрээ, огт өөрчлөгдөхгүй байна. Өмнө нь Л.Энх-Амагалн сайдын үед ч байлаа. Одоо энэ П.Наранбаяр сайдын үед ч байна. Багш нарын цалинг өнгөрсөн жил зөвхөн 60 мянган төгрөгөөр нэмсэн. Энэ нь амьдралд хүрэлцэхгүй шүү дээ. 60 мянган төгрөг нь нэг тор хүнс авах мөнгө мөн үү.
Өнөөдөр хичээл, практикийн зардал төсөвтөө суугаагүй байна. Эрүүл мэндийн зардал нь ч төсөвтөө суугаагүй байгаа юм. Орон нутгийн багш нар над руу холбоо барьж хичээл эхлэхээс өмнө эмнэлэгт үзүүлчмээр байна гэж байна. Энэ чинь эрүүл мэндийн зардал нь хасагдсан гэсэн үг. Багш нар 3-5 жилийнхээ нэмэгдлийг ч авч чадахгүй байна. Долдугаар сард өгөх ёстой мөнгийг одоог хүртэл өгөөгүй. 
Шинээр ашиглалтад орсон сургуулиуд дотор ямар ч тавилга байхгүй байгаа юм. Гэтэл 40-50 хүний суудалтай хурлын заалыг хэдэн тэрбумаар нь тохижуулж байна. Багш нар энэ бүхэнд үнэхээр ундууцаж байна.
Бидний зүгээс харж буй энэ асуудолын гарц гаргалгааны хувьд багшийн чиглэлээр сурч буй оюутнуудыг дөрвөн жил үнэгүй сургахад жилийн төсөв нь 50 орчим тэрбум. Тэгвэл багшийн цалинг 50 хувь нэмэхэд энэ мөнгөн дүн гарч ирнэ. Оюутан тэжээгээд болоод байдаг. Харин багшийн цалинг нэмэгдүүлэх нь боломжгүй гэх юм. Мөн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын дүнгээр сургуулиудыг санхүүжүүлж байгаа нь улс төрийн үйл ажиллагаа болж байна. Үүнийгээ больчих хэрэгтэй. Тэгвэл багш нарын цалинг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм. Ажил хаялтын тухай яригдаж байна. Энэ цаг үед 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ урахад юу болох вэ. Багш нар жагсаал гаргахад асуудал байхгүй. Боловсролын сайд нь өөрөө салбараа хамгаалаад өнөөдөр мэдээлэл өгөх ёстой. Гэвч мэдээлэл өгч чадахгүй байна" гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн