Open iToim app
Ярилцлага | 9 мин уншина

З.Батбаяр: Голын хамгаалалтын бүсэд барилга барьсаар байгаа нь Монголын ирээдүйд аюул учруулж байна

З.Батбаяр: Голын хамгаалалтын бүсэд барилга барьсаар байгаа нь Монголын ирээдүйд аюул учруулж байна
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 18
Улаанбаатар хотод нэг шөнө бороо ороход л Туул, Сэлбэ гол дагасан нийтийн эзэмшлийн орон сууцууд усанд автаж, хэдэн зуун айл цахилгаанаа хязгаарлуулж, амьдрах аргагүй болж байсан нь саяхан. Тиймдээ ч түүнээс сургамж авч, голын голдирол өөрчилж, барилга барьсан компаниудад хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байсан ч хоёр жил өнгөрөхөд өнөөх л янзаараа байсаар байна. Иймд голын бүсэд барьсан барилга, байгууламж ямар эрсдэлийг үүсгэж байгаа, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд гол дагасан барилга, байгууламжийн тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотын голуудын нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Таны асуултад хариулахаас өмнө нийт монголчуудаасаа, ялангуяа барилга барьж байгаа хүмүүсээс ер нь аливаа хот суурин яах гэж оршин тогтнодог вэ гэдгийг асуумаар байна. Барилгыг үнэ цэнтэй олон жил оршин тогтнох, хүмүүсийг сайхан амьдруулахын тулд барьдаг байх. Гэтэл тухайн хотод байгаа гадаргын ус буюу бидний ярьдгаар Туул, Дунд, Сэлбэ, Улиастай гол нь хатаж ширгэвэл барилгууд үнэ цэнгүй хог, новш болж хувирна. Улаанбаатар хотод 371 мянган барилга үл хөдлөхийн гэрчилгээ авсан байна. Үүнээс 4500 нь Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд байгаа юм. Тухайн байшин, барилгууд Туул, Дунд голын усыг хомсдуулахад үүрэг гүйцэтгэж байна.
-Голын хамгаалалтын бүсэд байгаа байшин барилгууд ямар эрсдэл, сөрөг нөлөө учруулж байгааг илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Туул гол хатаж, ширгэхгүйгээр 100 жил урсах байсан бол голын хамгаалалтын бүсэд байшин, барилга барьснаар усыг нь багасгаж байна. Жишээлбэл, Авлигал хороолол Дунд голын эрэг дээр хамгаалалтын бүсэд хууль зөрчиж барьснаас болоод Дунд голын насыг богиносгож байна. Өөрөөр хэлбэл, Дунд голыг устгаж байна. Хоёрдугаарт, тухайн барилгад одоо Дунд голын эрэг дээр сайхан гэж нүүж орж байгаа хүмүүсийг нэг л өглөө босоод ирэхэд нөгөө гол нь хатсан, ширгэсэн байна. Тухайн үед үнэ цэнтэй гэж барьсан барилга нь ямар ч үнэ цэнгүй болно. Гуравдугаарт, гол үерлэх эрсдэлтэй. Хэрвээ үерлэвэл Авлигал хороолол болон голын хамгаалалтын бүсэд байгаа 4500 байшин, барилгад сайхан амьдарч байгаа хүмүүс үр хүүхдүүдийнхээ хараалыг идэх вий. Гол үерлэх нь байгалийн жам.
Мөн зарим тохиолдолд ус нь багасаж болно. Ялангуяа Улаанбаатар хотод энэ жил маш их анзаарагдсан зүйл байна. Улаанбаатар хотод энэ жилийнх шиг олон удаа аадар бороо ордог байгаагүй. Мөн маш богино хугацаанд их хэмжээний бороо ордоггүй байсан. Түүнчлэн, тэр борооны хооронд ган болж байна. Энэ нь үерийн болон гангийн аюулыг нэг дор авчирч байна гэсэн үг. Монгол Улсад борооны улирал эхэлдэг долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр Туул гол Маршлын гүүрнээс доош 150 орчим метрийн зайнд дээгүүр нь харайгаад гарахаар хэмжээнд багассан нь үнэхээр санаа зовоолоо. Өмнө нь хаврын гачиг үе буюу дөрөвдүгээр сарын 15-наас л тасалдаж байсан. Гэтэл хамгийн их устай, үерлэдэг үедээ ийм болно гэдэг тун аймшигтай. Доошлоод явбал Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн суманд улаан ган болж байна. Энэ жил зуд болно. Иймд Улаанбаатар хотын махны хангамжийн 30 орчим хувийг нийлүүлдэг дээрх гурван сумаас мах орж ирэхээ болих нь. Голын хамгаалалтын бүсэд баригдсан барилгуудын үр дүн нь доод талд нь ган болж үзэгдэж байна. Тун удахгүй нөгөө барилгууд нь хог новш, хэнд ч хэрэггүй зүйл болж хувирна. Хажуугаар нь гол урсахгүй, крантнаас нь ус гоожихгүй бол тэр хот амьдрах боломжгүй. Дэлхий нийт сүүлийн 5000 жилийн түүхэнд асар олон хот сууринуудыг байгуулсан боловч голоо устгасан нь мөхдөг. Иймд голын хамгаалалтын бүсэд нэг нүхэн жорлон барьж байгаагаас эхлээд олон давхар байшин барьж байгаа хүмүүс бүгд үр хойчийнхоо аймшигтай ирээдүйг бэлдэж байна.
-Хүмүүсийн хэлж заншсанаар “Авлигал хороолол” удахгүй ашиглалтад орох гэж байна. Авлигал хорооллыг дагасан голын эргэн тойронд баригдаж буй барилгууд ч бий. Энэ байдал цаашдаа даамжирвал яах вэ?
-Би далдыг хардаг хүн биш ч шууд хэлчихье. Авлигал хорооллын орчимд барилга барьж байгаа хүмүүст 2023, 2024 онд дараалан үер болсон. Үүний араас дахиад ойрын 50 жил дотор Сэлбэ голд 100 жилд нэг удаа болдог үер болбол байшин нурна. Мөн 50 жилд нэг удаа үер болбол 2-3 давхар нь усанд автана. Ийм үерүүд болохгүй дараалсан 3-4 жилийн ган болбол голууд тасалдана. Ийм л аймшигтай дүр зураг харагдаж байна. Тийм учраас голын хамгаалалтын бүс гэдэг хийх ажилгүйдээ тогтоосон зүйл биш. Тухайн барьж байгаа хүмүүсийн эд хөрөнгийг, ирээдүйн үр хойчийг, өнөөдрийн тоолж байгаа хэдэн төгрөгийг нь хэмнэхийн тулд хийгээд байгаа ажил. Үүний оронд голоос холхон газар усаа татаад цэвэр, бохир усны шугамаа хийгээд сайхан амьдрах боломжтой. Ялангуяа Улаанбаатар хотын хойд талд буюу Чингэлтэй хайрхны энгэрт байгаа өндөрлөг газрууд бол Улаанбаатар хотын хамгийн сайхан байрлал. Гэтэл амархнаар нь голын эргээ дөхөөд байвал Монголынхоо ирээдүйг, үр хүүхдийнхээ амь насыг аюулд учруулж байна. Улаанбаатар хотын наснаас минут минутаар магадгүй сар сараар, жилээр нь хумсалж, хулгайлж өөрсдийгөө хорлож байгаа хамгийн тэнэг үйлдэл.
-Дэлхий дахинд голын хамгаалалтын бүсийг хэрхэн хамгаалдаг вэ. Монголчууд эсрэгээр нь яваад байна уу?
-Миний хувьд амьдралынхаа дөрөвний нэгийг Будапешт хотод өнгөрүүлсэн. Будапешт хот Дунай мөрний эрэг дээр байдаг. Дунай мөрөн 2400 метр куб сек буюу манай Туул голоос 100 дахин том гол. Гэтэл Дунай голыг эргийн хамгаалалт хийхээс гадна голоо цементээр өлгийдөөд, голынхоо дээд талд усан сан бариад хажууд нь барилга бариад явахад ямар ч аюулгүй болгосон. Жишээлбэл, Эйфелийн цамхаг голын эрэг дээр байдаг. Тэгвэл Эйфелийн цамхгийг 1890 онд барихаасаа өмнө 1970-аад оноос голоо хамгаалаад хотын гол болгож хувиргасан. Гэтэл Авлигал хороолол, голын хамгаалалтын бүсэд баригдсан барилга, байшингууд гол хамгаалахын төлөө юу хийгээгүй. Уг нь юун түрүүнд голын эхэнд усан сан барих ёстой. Мөн голыг дээр, доор, шүүрлээсээ аюулгүй болгож байгалийн голыг хотынх болгож хувиргах учиртай.
Сүүлийн 2023-2024 онд үер болоод хөрсний усны түвшин дээшилсэн учраас бүх барилгын компаниудын шүүрлийн усанд нь төлбөр авч байгаа. Гэвч энэ жилээс маш хурдтайгаар газрын доорх усны түвшин багасаж эхэллээ. Үер болохоор ихэсдэг, дараа нь ган болохоор маш хурдтай багасдаг хэлбэлзэлтэй үед орлоо. Энэ хэлбэлзэл байшингийн цементэн сууриуд 30-50 жилийн дараа унах аюулд хүргэж байна. Гэтэл Улаанбаатар хотын барилгуудыг нэг нь асуудалд ороход нөгөөх нь асуудалд орох байдлаар барилгуудаа барьсан. Ялангуяа манайх шиг өргөн уудам нутагтай газарт усныхаа нөөцөд суурилж хотоо төлөвлөх ёстой. Жишээлбэл, нэг байшин асуудалд ороход нөгөө байшин нь аюулд орохооргүй хэмжээнд төлөвлөж хийх боломжтой.  Хотын төлөвлөлтийг усны нөөцөд биш хурдхан шиг зарах бизнесийн зорилгод нийцүүлж хийсэн юм шиг. Аль эсвэл төлөвлөлтгүйгээр хийх нь ийм л аюул учруулж байна.
quote photo
Устай холбоогүй бизнес, гол мөрөн ширгэхэд хохирохгүй хүн гэж хаана ч байхгүй учраас энэ бол бүх нийтийн асуудал.
З.Батбаяр
-Нийслэлээс Сэлбэ гол дээр үерийн далан барьж байна. Үүнийг та мэргэжилтний хувьд хэрхэн харж байна вэ?
- Нийслэлээс Дунд, Сэлбэ голыг хотын гол болгох тодорхой үйл ажиллагаа явуулж хамгаалалт хийж байна гэж харж байгаа. Харамсалтай нь харахад зарим тохиолдолд санал нийлэхгүй зүйл олон байна. Гэхдээ эцсийн үр дүнг нь харъя. Эцсийн байдлаар дууссаных нь дараа дүгнэлт гаргана. Сэлбэ, Дунд гол дээр бидний ганцхан аврал байгаа нь маш жижигхэн 300 мянган метр кубийн усан сан. Үүн шиг  усан санг 4-5-ыг бариад явбал, нэмээд өлгийдөөд хамгаалалт хийвэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно. Би 20 жил ярьж байна. Дээд үеийнхэн 30 жил ярьсан гээд 50 жил ярьж байна. Туул голын эхэнд усан сан ярих ёстой. Үүний дараа үерийн хамгаалалт хийх ёстой. Жишээлбэл, Туулын хурдны зам гээд байгаа нь үерийн хамгаалалт болох боломжтой. Хэрвээ бид олон жорлон, байшин, хашаа, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гүүр барьсан голыг аваръя гэвэл хүний гар хүрэхээс арга байхгүй. Одоо хүний гар л Сэлбэ голыг аварна. Хүний гар гэдэг нь дээр дурдсанчлан голоо өлгийдөж хамгаалах ёстой. Голынхоо эрэг дээр байшин баръя гэж бодож байвал голоо хамгаалах ёстой. Гэтэл метр квадратын үнэ гэдэг байдлаараа юу ч хийхгүй байна гэсэн үг.
Ер нь Эрдэнэт хот оршин тогтноё гэвэл Сэлэнгэ мөрнөө, Хангал голоо хамгаалах ёстой. Дархан хот оршин тогтносон хэвээрээ байя гэвэл Хараа голыг хамгаалах, байнга хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Улаанбаатар хот оршин тогтноё гэвэл Туул, Дунд, Сэлбэ, Улиастай голоо хамгаалахаас өөр арга байхгүй. Хүний гар хүрч, хөрөнгө мөнгө зарж байгаа нь сайн. Хүсэн хүлээсэн үр дүн гарах уу гэдэг нь дараагийн үйл ажиллагаанаас хамаарна.
-Монголчуудын олноороо суурьшдаг Улаанбаатар хотын голуудыг хамгаалахын тулд төрөөс мөнгө зарж дорвитой ажил хийж чадаж байна уу?
-Харамсалтай нь бид хөрөнгө, мөнгөний тал дээр тааруухан байна. 2024 онд ус ашигласны төлбөр 86 тэрбум төгрөг манай Усны газраар дамжин улсын төсөвт цугласан. Үүний 35 хувийг эргээд усандаа зарцуулъя гэж Усны газар маш тодорхой байр суурьтай байна. Гэтэл манай төсвийг гурван тэрбумаар хязгаарласан. Үүний ихэнх нь цалинд зарцуулагддаг. Тийм болохоор усны төлбөрт орж байгаа мөнгөний 35 хувийг нь бүх сав газартаа хувааж, Улаанбаатартаа өгөөд голоо хамгаалах ёстой. Жишээлбэл, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх ААН, байгууллага усны төлбөрөө төлж сурмаар байна. Улаанбаатар хотын сая 500 мянган иргэн усыг үнэтэй авч байгаа боловч энэ нь ус ашигласны төлбөр биш. Яагаад гэвэл усаа үнэгүй авч байна. Харин усны үйлчилгээний төлбөр төлж байгаа юм. Тэгвэл ард иргэд үүнийгээ л төлнө. Усыг ашиг олох зорилгоор ашиглаж байгаа буюу хувийн сургуулиуд, хувийн эмнэлгүүд, зочид буудлууд, машин угаалгын газрууд ус ашигласны төлбөр төлөх ёстой. Ус ашигласны төлбөр нь Улаанбаатар хотдоо цуглаад, эргээд Туул, Сэлбэ, Дунд, Улиастай хамгаалах үйл ажиллагаанд явах ёстой.  Гэтэл усныхаа төлбөрийг төлөхгүй бол, төлсөн мөнгийг нь Улаанбаатар болон бусад хотын удирдлага нь усандаа зарцуулахгүй голоо хамгаалах үйл ажиллагаа явахгүй байна гэсэн үг. Тэгэхээр усны асуудал хэн нэгэнд л хамаарах зүйл биш. Энэ бол бүх нийтийн асуудал. Устай холбоогүй бизнес, гол мөрөн ширгэхэд хохирохгүй хүн гэж хаана ч байхгүй. Үер болсны дараа гэдэсний болон бохир гарын өвчнөөр өвчлөх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдээд байна. Энэ нь нүхэн жорлон урсаж бохир усыг бид хэрэглээд байна гэсэн үг. Иймд усны асуудал гэдэг Сэлбэ голын л асуудал биш. Харин энэ нь эрүүл мэндийн, ирээдүйн, өнөөдөр таны халаасанд байгаа мөнгө, олох орлогын асуудал.
-Усны эрүүл аюулгүй байдал талдаа бид хэрхэн анхаарвал зүйтэй вэ?
-Хэрвээ 371 мянган байшингийн дээврийн усыг хуримтлуулбал нэлээд ширүүхэн орсон 20 минутын бороогоор Даланзадгад хотын жилийн усны хэрэгцээтэй тэнцэх хэмжээний усыг хуримтлуулах боломжтой. Усаа хаядаг бид тийм баян хүмүүс үү.
Хоёрдугаарт, 371 мянган байшингийн дээврийн усыг хуримтлуулдаг болбол замаар нүхэн жорлон халиад урсдаг усыг 30-40 хувиар бууруулах боломжтой. Ингэснээр таны, миний, бидний үр хүүхдүүд гэдэсний халдварт өвчлөх магадлалыг 30-40 хувиар багасгана. Ус гэдэг амьдралыг хэмжээд байдаг Mercedes Benz эсвэл гурван давхар байшин гэдгээс хамаагүй үнэ цэнтэй үнэт эрдэнэ юм. Хэрвээ ус байхгүй бол бүх зүйл хэрэггүй болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмнө нь хэлснээ давтаад хэлье. Маш богино хугацаанд их хэмжээний бороо ордог боллоо. Дараа нь бороо орохгүй уддаг боллоо. Тэгвэл бороо усыг цуглуулахын ач холбогдол улам нэмэгдэж байна. Хэрвээ бид борооныхоо усыг цуглуулахгүй бол мод, цэцгээ хатааж үхүүлнэ. Аль эсвэл хүүхдийнхээ уудаг усаар модоо усална. Иймээс хүүхдийнхээ 10 жилийн дараа уух усыг үр дүнгүй машинаа угааж, жорлондоо хийж хаях цаг биш. Усны газар айлын жорлонг очоод цэвэрлэх боломжгүй. Бид айлын дээврийн усыг хуримтлуулж чадахгүй. Тэгэхээр усны асуудал бүх нийтийн асуудал.  
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн