Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд хиймэл оюун ухаан дэлхий дахинд хурдацтай хөгжиж, олон салбарт хувьсал хийж байна. Өмнө нь зөвхөн шинжлэх ухааны зөгнөл мэт санагдаж байсан технологиуд өнөөдөр бодит болж, хүний өдөр тутмын амьдрал, бизнес, засаглал, боловсрол, эрүүл мэндийн салбарт гүн гүнзгий нөлөө үзүүлж эхэллээ. Хиймэл оюун их хэмжээний өгөгдлийг боловсруулж, оновчтой шийдвэр гаргах, асуудлыг автоматаар шийдвэрлэх чадвартай учраас хүн төрөлхтний хөгжлийн дараагийн томоохон давлагааг үүсгэлээ. Иймд стратеги судалгааны хүрээлэнгээс гаргасан “Хиймэл оюуны шинэ давлагаа” тоймоос онцлон хүргэж байна.
Хиймэл оюун ухааны дэлхийн зах зээл дээрх байр суурь
2023 онд дэлхийн хиймэл оюуны зах зээл 196.63 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бөгөөд 2030 он гэхэд 1.81 их наяд ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Google-ийн хиймэл оюун ухаан өдөрт 5 тэрбум гаруй хайлтын үр дүнг боловсруулж, хэрэглэгчдийн мэдээлэл хайлтыг оновчтой болгодог. Хиймэл оюун ухааныг ашигласнаар программ хангамжийн хөгжүүлэлтийн хугацааг дунджаар 35 хувиар багасгаж байна. Хиймэл оюунд суурилсан автоматжуулалт нь салбар бүрд бүтээмжийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой. Жил бүр дэлхий даяар хиймэл оюун ухааны судалгаанд 35 тэрбум ам.доллар зарцуулж байгаа бөгөөд энэхүү тоо цаашид өсөх төлөвтэй байна. 2024 онд АНУ, Европ, Израил дахь хиймэл оюуны болон үүлэн технологийн компаниудын хөрөнгө оруулалт 79.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны 62.5 тэрбум ам.доллараас 27 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дэлхийн эдийн засаг, хөгжлийн хамтын байгууллага (OECD.AI)-ын өгөгдлийн санд хиймэл оюунтай холбоотой 69 орны 1000 гаруй стратеги, бодлогын болон эрх зүйн баримт бичгийг бүртгэсэн байна. Үүнд: АНУ 82, ИБУИНХУ 67, САХУ 65, Европын холбоо 63, АХУ 43, Япон Улс 27, БНХАУ 22, ОХУ 20 бодлогын болон эрх зүйн баримт бичиг бүртгүүлжээ. Эдгээр улс орон нь хиймэл оюуны хөгжлөөр дэлхийд тэргүүлж, засаглалын салбарт олон улсад манлайлж байна. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар OpenAI-ийн долоо хоногийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 400 саяас давлаа. Хиймэл оюуны салбарт дэлхийд тэргүүлэхийн төлөөх Америк, Хятадын өрсөлдөөн зөвхөн технологийн хөгжил бус цэрэг, эдийн засаг, геополитикийн өрсөлдөөн болж өргөжөөд байна. Америкийн хувьд Google, OpenAI, Microsoft, NVID-IA зэрэг технологийн титан компани болон өндөр түвшний чип, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар давамгайллаа хадгалахыг эрмэлзэж байна. Хятадын хувьд хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлтийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, үндэсний технологийн компаниудаа хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан дэмжих замаар Америкийн зүгээс тавьж буй технологийн хязгаарлалтыг давахыг зорьж байна. Түүнчлэн, 2025 оны нэгдүгээр сарын 27-нд Хятадын DeepSeek стартап хиймэл оюун ухааны R1 загварыг танилцуулсны улмаас NVIDIA компанийн хувьцааны үнэ огцом унаж, зах зээлийн үнэлгээ нь 600 тэрбум ам.доллараар буурсан. Америкийн их сургуулиуд, тэр дундаа MIT ба Stanford, хиймэл оюуны судалгаанд тэргүүлж, дэлхийн хиймэл оюуны хөгжлийг шинэ алгоритм, шийдлээр баяжуулж байна. Мөн Япон улс робот, автоматжуулалтын технологийг 1980-аад оноос нэвтрүүлж эхэлсэн нь тус улсын хиймэл оюуны хөгжлийн суурь болж, автомашин, робот болон технологийн аж үйлдвэрийн дэд бүтцийг өндөр түвшинд хөгжүүлэхэд нөлөөлсөн. Япон улсын Засгийн газар эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийн тулд хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлтийг тууштай дэмжиж байна. Хиймэл оюун ухааны хэрэглээ
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсал эрчимтэй явагдаж, дэвшилтэт техник, технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хиймэл оюунд суурилсан технологиуд хэрэглээнд нэвтэрч, тэр хэрээр хэрэглэгчдийн тоо өсөж байна. Улс орнууд хиймэл оюуныг эрүүл мэнд, боловсрол, кибер аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, төрийн шийдвэр гаргалтад түлхүү хэрэглэж байна.
Эрүүл мэнд: Дэлхийн эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюуны зах зээлийн хэмжээ 2023 онд 19.27 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бөгөөд 2024-2030 оны хооронд жилийн нийлмэл өсөлтийн хурд 38.5 хувь байна гэж таамаглаж байна. Зах зээлийн өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл бол эрүүл мэндийн салбарын үйлчилгээ болон өвчтөнүүдийн эрэлт, хэрэгцээ өсөж байгаатай холбоотой юм. Хиймэл оюун ухааныг оношилгоо, эмчилгээний тэмдэглэл боловсруулах, эмийн хөгжүүлэлт, хувь хүний онцлогт тохирсон эмчилгээ, өвчтөний хяналт ба асаргаа зэрэгт түлхүү ашиглаж байна. Хиймэл оюуныг эрүүл мэндийн салбарт ашигласнаар ёс зүйн асуудлыг давхар үүсгэж байна. Хувь хүний мэдээлэл, өвчний онош зэрэг өгөгдлийн нууцлалыг хамгаалах, ажиллах хүчний автоматжуулалтаас үүдэлтэй нийгмийн өөрчлөлтүүд зэрэг асуудал байгаа юм. Гэхдээ хиймэл оюуны технологи эмийн нээлтийн процессыг 70 хувиар түргэсгэж, шинэ эмийг зах зээлд гаргах хугацааг хэдэн жилээр багасгадаг. Хиймэл оюуны хэрэглээ эрүүл мэндийн байгууллагуудын зардлыг 2026 он гэхэд жилд 150 тэрбум ам.доллароор бууруулах боломжтой. Хиймэл оюуны технологи эрүүл мэндийн салбарт оношилгооны нарийвчлалыг 89 хувьд хүргэж, хорт хавдрын эрт үеийн илрүүлэлтийг сайжруулж байна.
Боловсрол: Боловсрол дахь хиймэл оюуны зах зээл 2030 он гэхэд 25.7 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглагдаж байгаа нь дэлхий даяар түүний хэрэглээ нэмэгдэж байгааг харуулж байна. Томоохон их сургууль,судалгааны байгууллагууд мэдээллийн технологийн чиглэлийн компаниудтай хамтран ажилласнаар сүүлийн 10 жилд хиймэл оюуны салбарт ихээхэн өөрчлөлт гарч байна. Энэ нь салангид хөгжиж байсан технологиудыг нэгтгэх замаар хослон ажиллах загваруудыг бий болгож, тэдгээрийг дэмжин ажиллах системийн дэд бүтцийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлж байгаагаараа онцлогтой. Хиймэл оюуны чатботууд болон виртуал багш нар оюутнуудад 24/7цагийн турш дэмжлэг үзүүлж, асуултад нь шууд хариулж, тайлбар өгдөг. Харин эрдэмтдийн хувьд 2030 онд дэлхийн хүн ам найман тэрбумд хүрч, хуульч, санхүүгийн шинжээч, сэтгүүлч, нягтлан бодогч зэрэг хэдэн зуун мэргэжил хиймэл оюунд зайгаа тавьж өгнө гэж онцолж байна.Иймд хиймэл оюуны салбарт хэрэгцээтэй сургалтын хөтөлбөр боловсруулж, бүх түвшний сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх зайлшгүй шаардлага боловсролын салбарт үүсэж байна. Хиймэл оюунд суурилсан эдийн засагт амжилттай шилжихэд чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, дэвшилтэт техник, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь чухал юм.
Батлан хамгаалах: Батлан хамгаалах салбарт хиймэл оюуныг сүүлийн жилүүдэд тагнуулын мэдээлэл цуглуулах, мэдээллийн дүн шинжилгээ хийх, боловсруулах, автоматжуулах, цэрэг, зэвсгийн системийг хөгжүүлэх, стратегийн шийдвэр гаргахад ашиглаж байна. АНУ-ын БХЯ “Хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтийн стратеги төлөвлөгөө”-г 2016 онд баталж, хиймэл оюуныг АНУ-ын батлан хамгаалах салбар дахь манлайллыг хадгалах нэг хэрэгсэл гэж үзсэн. Дэлхий дахинд батлан хамгаалах салбар дахь хиймэл оюуны хөгжилд ихээхэн анхаарч байна. Хиймэл оюуныг батлан хамгаалах салбарт нэвтрүүлэх нь байлдааны ажиллагааг үндсээр нь өөрчилж байна. Хиймэл оюуны энэхүү үсрэнгүй хөгжилд компьютерын тооцооллын хурд, мэдээллийн баазын хэмжээ хурдтай өсөж, машин суралцах арга ажиллагаа, алгоритмын хэрэгжүүлэлт шинэ шатанд гарч, хиймэл оюунд хийж буй хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн нь нөлөөлсөн. Хиймэл оюуныг байлдааны ажиллагаанд ашиглах нь ёс зүйн сорилтыг дагуулдаг. Байлдааны зорилтыг тодорхойлоход хиймэл оюун ашиглах нь олон улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, шийдвэр гаргахад хүний оролцоог хангах зэрэг асуудлууд гарч ирдэг. Нөгөө талаас эдгээр системийг кибер халдлагаас хамгаалах шаардлагатай бөгөөд хиймэл оюунд суурилсан системүүдийг үр ашигтай ашиглахын тулд цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дэд бүтцийг хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай юм.
Кибер гэмт хэрэг: Хиймэл оюуныг зохиомол баримт бичиг үүсгэх, чатботыг буруугаар ашиглан хэрэглэгчдийг хууран мэхлэх, хохироох, хувийн мэдээллийг худалдах зэргээр урвуулан ашиглаж байна. Иймд өнөөгийн ээдрээтэй цахим ертөнцөд сонор сэрэмжтэй, мэдээ мэдээлэлтэй байх нь амин чухал асуудал болоод байна. Хиймэл оюун нь хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах, халдлагыг урьдчилан таних, түүнтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү технологи нь өгөгдлийн шинжилгээ, машин сургалтын алгоритмуудыг ашиглан аюул заналыг илрүүлж, тэдгээрийг цаг алдалгүй таслан зогсоох боломжийг олгодог. Хиймэл оюунд суурилсан программ хангамж нь өгөгдлийг хүний хурдтай харьцуулахад 1000 дахин тогтвортой, хурдан бөгөөд нарийвчлалтайгаар боловсруулдаг.
Хиймэл оюунд суурилсан аюул илрүүлэх системүүд кибер заналхийлэл, хортой программуудыг уламжлалт хамгаалалтын хэрэгслээс 60 хувь хурдан илрүүлэх чадвартай. Deepfake технологи хиймэл оюун ашиглан бодит мэт харагдах дүрс, бичлэг, аудио үүсгэж, улс төрийн төөрөгдөл үүсгэх болон бизнесийн итгэлцлийг эвдэхэд ашиглагдаж байна. Хиймэл оюунтай хосолсон ransomware халдлагууд хамгаалалтын системийн сул талыг автоматаар илрүүлж, шалгуурыг тойрон гарах стратегийг боловсруулдаг. Хиймэл оюун ашигласан олон шатлалт халдлагуудын тоо сүүлийн таван жилд 30 хувиар өссөн нь нарийн төвөгтэй, холбогдсон халдлагын стратегийг хэрэгжүүлэхэд хиймэл оюуныг ашиглаж байгааг харуулж байна.
Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь
Монгол Улс 2024 онд “Хиймэл оюуны бэлэн байдлын индекс”-ээр 11 байр урагшилж, 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн талаар Oxford Insight байгууллагын гаргасан судалгаанд дурджээ. Цаашид хиймэл оюуныг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд манай улс хэд хэдэн чухал алхам хийх шаардлагатайг онцолж байна. Үүнд:
Хиймэл оюуны талаар баримтлах чиглэлийг тодорхойлсон стратегийн баримт бичгийг боловсруулах, батлах;
Шаардлагатай технологийн дэд бүтэц, мэдээллийн удирдлагын системд хөрөнгө оруулалт хийх;
Өгөгдлийн шинжээч (data scientist), инженер (data engineer), хиймэл оюуны технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадварлаг боловсон хүчнийг бий болгох;
Олон нийтийн хиймэл оюуны ашиг тус болон үүсэж болзошгүй эрсдэлийн талаарх мэдлэгийг сайжруулах, соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулах;
Хиймэл оюуны программд ашиглах мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулж, салбар бүр дэх мэдээлэл, өгөгдлийг цуглуулах, тоон хэлбэрт оруулж, их өгөгдөл үүсгэх;
Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хиймэл оюун хөгжүүлэх нээлттэй төв бий болгох, гарааны компаниудыг төрийн бодлогын хэмжээнд дэмжих хэрэгцээ үүсэж байна.
Монгол Улс нь хиймэл оюуныг ашигласнаар дэлхийн бусад улс орны нэгэн адил тулгамдаж буй асуудал, сорилтуудыг шийдвэрлэж, бүхий л салбарт дотоод чадавхыг сайжруулах боломжтой болно. Үүнд:
Төрийн үйлчилгээнд хиймэл оюуныг нэвтрүүлснээр төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг оновчтой болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах боломжтой.
Ухаалаг хотыг бүтээн байгуулах: Хиймэл оюунд суурилсан их өгөгдлийг бий болгон хотын амьдралын чанарыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежмент, хот төлөвлөлтийг сайжруулахад ашиглаж болно.
Батлан хамгаалах: Хиймэл оюунд суурилсан сургалтын симуляци программыг сургалтын орчин бүрдүүлэх, хиймэл оюунд суурилсан технологиудыг хөгжүүлэх, удирдлагын автоматжуулсан системийг нэвтрүүлэх боломжтой.
Эрүүл мэнд: Хиймэл оюуны тусламжтайгаар өвчнийг оношлох, өвчин тусах магадлалыг таамаглах, өвчтөний бүртгэлийг удирдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийг оновчтой хуваарилах, өвчтөнд зөвлөгөө өгөх, үзлэгийн цагийг урьдчилан товлох, эмийн жорыг олгох, ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байдаг алслагдсан бүс нутагт дэмжлэг үзүүлэх боломжтой.
Боловсрол: Хиймэл оюуныг ашигласнаар боловсролын чанарыг дээшлүүлж,үнэлгээгээр дамжуулан суралцагчдад буюу хувь хүнд тохирсон сургалт олгох боломжтой.
Зам тээвэр ба дэд бүтэц: Хиймэл оюуныг зам тээврийн систем, хөдөлгөөний урсгалыг оновчтой болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний траекторыг урьдчилан таамаглах замаар аюул ослыг сэрэмжлүүлэх, түгжрэлийг багасгах, ослын хяналт, машины зогсоолын менежментийг сайжруулахад ашиглах боломжтой.
Уул уурхай: Хиймэл оюуныг ашигласнаар уул уурхайн компаниуд зардлаа бууруулахын зэрэгцээ үр ашиг, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой.
Хөдөө аж ахуй: Хөдөө аж ахуйн салбарт тариалангийн менежмент, малын хяналт, цаг агаарын урьдчилсан мэдээг сайжруулах, тариаланчдад бүтээмжээ нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ургацын болц, явц, зэрлэг ургамлыг ялгах, хөрсний чийгшил, үржил шимийг тодорхойлох, газар тариалангийн практикт автоматжуулалтыг хийхэд ашиглах боломжтой.
Байгаль орчин: Хиймэл дагуул болон газар дээрх мэдрэгчээс авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, усны хөдөлгөөн, экосистемийн дуу чимээ, агаар мандлын химийн бодисыг тодорхойлох, тоосжилт, агаарын бохирдлыг тооцоолох, газрын гүний цэвэр усны бохирдлыг тогтмол хянахад ашиглаж болно.
Эрчим хүч: Иргэн, хуулийн этгээдийн эрчим хүч, дулаан хэрэглээний мэдээлэлд үндэслэн эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, эрчим хүчний хэрэглээг оновчтой зохицуулах, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж, нүүрстөрөгчийн хийг багасгах боломжтой юм.