М.Жаргалсайхан багш Баянхонгор аймгийн уугуул бөгөөд 1983 онд МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш, монгол хэл судлаач мэргэжлээр төгссөн. Тэрээр 30 гаруй жил Улсын тэргүүний 24-р сургуульд Монгол хэл, уран зохиолын багш болон нийгмийн ажилтнаар ажиллажээ. Одоо гавьяаны амралтаа эдэлж байгаа ч түүний хувьд зүгээр суухыг хүссэнгүй. Тийнхүү монгол хэл, бичиг, өв соёлыг түгээх, залуу үеийг сургах үйлсэд идэвхтэй оролцож байгаа юм. Мөн цахим хэрэглээнд зориулсан монгол бичгийн багц хэрэглэгдэхүүнийг гаргаад байгаа билээ. Ингээд монгол хэл, бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй М.Жаргалсайхан багштай ярилцсанаа хүргэж байна.
-Таныг монгол хэл, уран зохиолын багш болоход юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Сурагч насанд минь хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол дунд ангид хичээл зааж байсан Должинсүрэн багш минь юм. Багш минь монгол хэлний утга учрыг ойлгуулж, монгол хэлний хичээлд дурлуулж байлаа. Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийн сургуульд 10-р ангиа төгсөх жилдээ манай анги монгол хэлний улсын олимпиадад тэргүүн байр эзэлсэн нь миний сэтгэлд онцгой дурсамж үлдээсэн юм. Энэхүү ялалт нь ч мөн монгол хэл, уран зохиолд улам бүр татагдах, ирээдүйн мэргэжлээ сонгох нэгэн шалтгаан болсон гэж боддог.
-Өөрийн сонгосон мэргэжлээрээ бахархан, үнэхээр зөв сонголт хийждээ гэж мэдэрсэн үеэсээ хуваалцана уу. Монгол хэлний хичээл бусад хичээлээс юугаараа онцлог вэ?
-Монгол хэл бол яруу тансаг, утга төгөлдөр хэл. Хүн хэлд орох үеэсээ монгол хэлээр ярьж сурдаг. Эрт үеэсээ эцэг эх нь хүүхдэдээ оньсого таалгаж, зүйр цэцэн үгээр сурган хүмүүжүүлж ирсэн. Эдгээр зүйр цэцэн үг нь олон зуун жилийн туршид Монголын нүүдэлчин ард түмний соёлыг шингээсэн бөгөөд утга санаа нь гүн байдаг. Хүүхэд эдгээрийг сонсож, сайн мууг ялгаж, ямар хүн болох ёстойгоо төсөөлөн өсдөг. Энэ нь төрөлх хэлээ хайрлах, монгол хэлэнд дурлах нэг шалтгаан болдог гэж би боддог.
МУИС-д суралцах хугацаандаа Чоймаа гээд олон сайн багшаар хичээл заалгаж байлаа. Их, дээд сургуульд ороход Дулам багш манай ангийн багш байсан. Мөн Лувсанвандан, Жамбаажамц багш нарын удирдлага дор хичээлээ судалж байлаа. Олон туршлагатай, мэргэжлийн өндөр түвшний багш нараар хичээл заалгасан нь монгол хэлний багш мэргэжлээр суралцаж байгаагаараа бахархах шалтгаан болсон юм. Тэр үеийн сургалтын чанар маш сайн байсан.
-Тухайн үеийн сургалтын чанар их сайн байсан гэлээ. Одоогийн сургалтын хөтөлбөрийг харж байхад юун дээр голчилж анхаараасай гэж боддог вэ?
-Одоогийн монгол хэлний хичээлийг харахад хэл зүйд хэт их анхаарал хандуулж байгаа санагддаг. Мэдээж хэл зүй чухал боловч зөвхөн дүрэм цээжлүүлэх нь хэлний баялаг, хэрэглээг хөгжүүлэхэд хангалтгүй. Сүүлийн үед хүүхдүүд ном бага уншдаг болсон нь үгийн баялаг багасах, зөв найруулан ярих чадвар сулрах гол шалтгаан болж байна. Үүн дээр цахим орчны хэрэглээ нэмэгдэж, мессеж бичихдээ үгийг хэт товчлох зуршилтай болсон нь нөлөөлж байна. Уг нь товчилж бичиж болох үг, товчилж болохгүй үг гэж байдаг ч одоо бол энэ нь алдагджээ.
Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд гадаад хэлэнд илүү анхаарч, монгол хэлний сургалт жинхэнэ утгаараа явагдахгүй байх үе ч гарсан. Энэ хугацаанд монгол хэл бичгийн хэрэглээ орхигдож, хүүхдүүд этгээд үг хэллэгийг амархан сурах, даган дуурайх нь нэмэгдсэн. Ахмад багш хүний хувьд монгол хэлний яруу тансаг шинж алдагдаж, монгол бичгийг хэрэглэхгүй байгаа нь болон хүүхдүүдийн ном унших сонирхол буурч байгаа нь сэтгэлд хүнд тусдаг.
Иймээс хүүхэд, залуучуудыг монгол хэл бичигт дурлуулах, эх хэлээ зөв хэрэглэхэд нь сургахын тулд юу хийх хэрэгтэй талаар байнга бодож явдаг. Одоогоор шавь нартаа, өөрийн үр хүүхэд, ач, зээ нартаа зааж сургах байдлаар ажиллаж байна. Мөн хэдэн жилийн өмнө боловсруулж байсан хүснэгтээ шинэчлэн сайжруулж, дунд сургуулийн сурагчид болон төрийн албан хаагчдад хэрэг болохуйц монгол хэл бичгийн хэрэглэгдэхүүн гаргасан юм.
-Хүмүүсийн цахим хэрэглээнд зориулсан монгол бичгийн бүх үсэг, дүрэм, авиа, өгүүлбэрүүд, гадаад хэлэнд ордог өвөрмөц үсгүүд багтсан маусны суурь болон компьютерийн ширээний суурь, кэйборд багцыг гаргасан байсан. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд зориулсан их оновчтой санаа байна гэж харсан. Та энэхүү санаагаа хэрхэн бодож хэрэгжүүлэх болсон бэ. Та энэхүү багц хэрэглэгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
-1990-ээд онд монгол бичгийг сургалтдаа нэлээд сайн үзэж байсан боловч дараагийн жилүүдэд хэрэглээ нь багасаж, нэг хэсэгтээ бараг орхигдсон. Харин одоо төрийн хосолсон бичиг болсон тул монгол бичгийг зайлшгүй сурах шаардлага үүсжээ. Монгол хүн өөрийн бичгээ сайн эзэмшиж, уншиж, бичиж чаддаг байх ёстой. Өнөөдөр гадаадын иргэд хүртэл монгол бичиг сурч байхад монголчууд бид бүр ч илүү эзэмших хэрэгтэй. Иймээс багш нар хүүхдүүдэд монгол бичгийг зөвхөн заах төдийгүй сонирхуулж, шунан дурлуулах байдлаар заах нь чухал юм.
Хүүхдүүд болон насанд хүрэгчид хүртэл монгол бичгийг сурахад хэцүү гэж үздэг. Үүний гол шалтгаан нь бичлэг, дуудлага нь өөр байдгаас болдог байх л даа. Гэхдээ монгол бичгийг хялбар аргаар хэрхэн сурч болохыг судалж, үүрэг хэмээн зүтгэвэл амархан сурч болно. Тийнхүү монгол бичгийг сурахад дөхөм болгох үүднээс бүх дүрмийг нэг дор харах боломжтой хэрэглэгдэхүүн боловсруулсан юм. Үүнд кирилл болон монгол бичгийг хоёуланг нь зэрэг харуулсан. Кириллээр дүрмийг тайлбарлаж, дараа нь монгол бичгээр хэрхэн бичихийг үзүүлснээр хоёр бичгийн дүрмийг зэрэг сурах боломж бүрдүүлсэн. Монгол бичиг нь олон зуун жилийн түүхтэй тул бичлэг, дуудлага нь ялгаатай. Гэхдээ бичиж унших дадлагаа сайн хийвэл хүний тархинд амархан тогтоно. Миний ач, зээ нар ч богино хугацаанд сурч, одоо надтай уралдан уншдаг болсон.
Өнөө үед бүх зүйл цахим хэлбэрт шилжиж байгаа тул монгол бичгийн хэрэглэгдэхүүнийг ч үүнд тохируулан боловсруулсан. Ингэснээр бүх дүрмийг нэг хавтгай дээрээс харах боломжтой болж байгаа юм. Монгол бичигт хэд хэдэн чухал зүйл бий. Үүнд дэвсгэр үсгийг мэдэх, үгийн үндсийг зөв тодорхойлох, холбох эгшгийн дүрмийг эзэмших, цөөн тооны үйл үгийн дүрмийг сурах, уламжлалаар бичдэг зарим үгийг цээжлэх хэрэгтэй болно. Үсгээ сурч, уншиж чаддаг болсон хүн хялбархан сурахын тулд интернэтээс тайлбар толь ашиглан үгийн үндсийг шалгаж, дараа нь дэвсгэр эгшгийн дүрмийг харьцуулан зөв бичих боломжтой. Энэхүү хэрэглэгдэхүүнийг хийхдээ бүх дүрэм, мэдээллийг нэг дор нүдний өмнө байхаар хийсэн тул өөр зүйлээс хайх шаардлагагүй юм.
-Цахим хэрэглээнд зориулсан энэхүү монгол бичгийн багц нь цаг үеэ олсон сайхан шийдэл гэж бодож байна. Таны дараагийн төлөвлөгөө, алсын хараа юу байгаа вэ?
-Монгол хэлний багшийн хувьд монгол хэл бичгээс гадна, үүнтэй салшгүй холбоотой монгол өв соёл, уламжлалыг хадгалж хамгаалах нь чухал гэж үздэг. Монгол хэлийг зөвхөн хэл зүй, бичиг үсэг талаас нь бус, ардын өв уламжлал, түүх, сурган хүмүүжүүлэх уламжлалтай нь хамт ойлгуулах хэрэгтэй. Үүнд гэрийн хүмүүжил маш том суурь болдог. Хүүхдийг бага насанд нь зөв хүмүүжүүлээгүй бол хүүхэд харгис, бусдыг хайрлах сэтгэлгүй болж өсөх эрсдэлтэй. Иймээс монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлал ямар байсан, ямар үнэ цэнтэй болохыг хүүхэд, залуучуудад ойлгуулах зорилготой байна.
Барилгын хувьд суурь нь сайн байвал барилга бат бөх баригддаг шиг хүүхдийн хүмүүжил ч сайн суурьтай байвал зөв төлөвшинө.
Миний бие “Түүчээ ухаан” төрийн бус байгууллагыг байгуулж, зарим байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн сургуулиудын дэргэд монгол бичгийн танхим байгуулах, өв уламжлалаа хэрхэн түгээн дэлгэрүүлэх, монгол хүн гэдгээрээ бахархах, өв уламжлалаасаа суралцах чиглэлээр хэд хэдэн сургуулийн удирдлагатай ярилцаж, хамтран ажиллахаар төлөвлөсөн. Цаашид түүх, өв уламжлал, соёлын чиглэлээр нэр хүндтэй эрдэмтэн судлаачидтай холбоо тогтоож, хамтран ажиллах талаар ярилцсан. -"Түүчээ ухаан" НҮТББ-ын цахим хуудсанд хүмүүст хэрэгтэй богино видеонууд их байсан. Цаашид эдгээр видео хичээлүүд үргэлжлэх болов уу мөн зүйр цэцэн үгс, хэлц үг гэх мэт хүүхэд залуучуудын сайн мэдэх хэрэгтэй ч утгыг нь ойлгохгүй байгаа монгол хэл найруулгын чухал зүйлсийг хичээл болгон оруулах болов уу?
-Бид богино бичлэгүүдээ голчлон монгол бичиг сурч байгаа хүүхдүүдэд зориулан хийж байгаа. Эдгээр нь монгол бичгийн өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй шаардлагатай мэдлэгийг дамжуулахад чиглэсэн юм. Ийм богино видеонуудыг цаашид ч тогтмол үргэлжлүүлэн оруулах болно.
Үүнээс гадна монгол сурган хүмүүжүүлэх өв уламжлалтай холбоотой видеог цувралаар оруулахаар төлөвлөж байна. Мөн төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн хичээлүүд ч гаргах юм. Албан байгууллагууд хүсвэл манай ТББ-аас багш илгээж, газар дээр нь монгол бичгийн сургалт оруулах боломжтой.
-Танд төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Бид бүхэн монгол хэл, монгол бичгээрээ, монгол хүн гэдгээрээ, монгол өв соёлоороо бахархах хэрэгтэй. Үүний тулд хүн бүр монгол хэл, монгол бичгээ сурахыг миний үүрэг гэж үзэж, үр хүүхдээ монгол өв соёлын дагуу сургах эрмэлзэлтэй байх хэрэгтэй юм. Монгол бичгээ хүн бүр сураасай, монгол хэл, бичгээрээ бахархаасай гэж бодож явдаг.
Монгол бичгийг сурах нь хүн бүрт боломжтой. Бийрэн бичлэг, таталган бичлэг зэрэг сайхан бичлэгүүдийг эзэмшвэл өөртөө итгэлтэй болж, омогшил төрдөг. Дунд сургуулийн багш нар ч бийрийн бичлэгийг сурагчдад зааж өгөх нь чухал. Одоогийн байдлаар хүмүүс мөнгө төлж худалдан авч байна. Харин үүний оронд өөрөө бичиж сураад, өөрийнхөө хийсэн зүйлээр бахархаж болох нь нэг төрлийн жинхэнэ бахархал юм.