Open iToim app
Эрүүл мэнд | 2 мин уншина

Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс

Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс
Нийтэлсэн 9 цагийн өмнө
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж төрлийн ургамал цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байна. Иймд ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй юм.
Энэ жилийн цаг уурын төлөвт тулгуурлан лууль, шарилжийн төрлийн ургамлын тоос агаарт дэгдэх хугацааг олон хүн амьдардаг хот, аймгийн төвүүдэд тооцоолол гаргажээ. 
-Завхан аймгийн Улиастай, Увсын Улаангом, Баян-Өлгийн Өлгийд долдугаар сарын 20-ноос,
-Архангайн Эрдэнэбулган, Хөвсгөлийн Мөрөн, Баянхонгор, Өвөрхангайн Арвайхээр, Говь-Алтайн Алтай, Ховдын Жаргаланд долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 5-ны хооронд,
-Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Чингис, Дархан, Төвийн Зуунмод, Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн Сүхбаатар хотод наймдугаар сарын 8-15-ны хооронд,
-Дорноговийн Сайншанд, Өмнөговийн Даланзадгад, Дорнодын Чойбалсанд наймдугаар сарын 18-наас хойш тоосжилт ихсэх төлөвтэй байна.
undefined
Цэцгийн тоос гэдэг нь цэцэгт ургамлын тоосовчид агуулагдах эр бэлгийн эс бөгөөд тоос хүртээгч шавьжийг татахын тулд маш амтлаг, тэжээллэг шинжтэй байдаг. Ургамлын тоосны харшил дэлхий даяар олон сая хүнд нөлөөлдөг байна. ДЭМБ-ын мэдээлснээр 400 сая хүн харшлын ринит, 300 сая хүн гуурсан хоолойн багтраагаар шаналж байгаа бөгөөд шарилжийн тоос агаарт хэдэн мянган км зайд тархах чадвартай учраас ургадаггүй бүс нутагт ч харшлын шинж тэмдэг үүсгэх боломжтой юм.
Улаанбаатар хотын судалгаагаар нийт цэцгийн тоосны 34.4 хувийг шарилж, 15 хувийг үетэн, 14 хувийг лууль, 11 хувийг нарс, 9.6 хувийг улиас, 7.5 хувийг хус, 2.3 хувийг хар мод бүрдүүлдэг байна. Цаг агаар нь тоосны хэмжээ, тархалтад шууд нөлөөлдөг тул харшилтай хүмүүст цэцгийн тоосны улирлыг урьдчилан мэдээлэх, зураглах нь эрүүл мэндийг нь хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Иймд мэргэжлийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
  • Тоосжилтын улиралд өглөөний 04:00–09:00 цагийн үед болон салхи ихтэй, хуурай дулаан өдөр гадаа удаан байхгүй байх,
  • Цонхоо хааж, агаар шүүгч, агаар цэвэршүүлэгч хэрэглэх, 
  • Хивс болон хөшгийг тогтмол цэвэрлэж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх,
  • Гадаа гарсныхаа дараа нүүр, гараа усаар зайлах, хамраа давстай усаар угаах,
  • Агаар дахь тоос нүдний салст дээр буухаас сэргийлж нүдний шил зүүх. Хэрэв нүд загатнавал аль болох нухахгүй байж цэвэр усаар зөөлөн угаах,
  • Гадаа гарахдаа N95 зэрэг тоос шүүх чадвартай амны хаалт зүүх,
  • Эмчийн зөвлөсний дагуу антигистамин болон хамрын цацлагыг хэрэглэх, мөн зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийж, дархлаагаа дэмжих нь үр дүнтэй арга юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн