Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Сангийн яамны сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.Тэрээр "Засгийн газар Өмнөговь аймгийн болон говийн бүсийн дулаан, эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх, мөн тус аймаг бие даан бонд гаргах асуудлыг дэмжлээ.Энэхүү асуудал нь жилийн өмнө яригдаж эхэлсэн бөгөөд орон нутгууд бие даан бонд гаргах эрх зүйн боломж бүрдсэнтэй холбоотойгоор Өмнөговь аймаг 500 тэрбум төгрөг хүртэлх бонд гаргах санал, төслөө Засгийн газарт ирүүлсэн юм. Төсвийн тухай хуулиар орон нутаг бонд гаргах хүсэлтээ улсын төсвийг өргөн барихаас өмнө Засгийн газраар батлуулах ёстой. Энэ жилийн төсөв есдүгээр сарын 1-нд өргөн баригдах тул үлдээд буй гурван Засгийн газрын хуралдааны эхнийх дээр нь уг асуудлыг хэлэлцэж, хугацаанд нь шийдвэрлэсэн гэсэн үг.2022 онд батлагдсан шинэ эрх зүйн зохицуулалтын хүрээнд хоёр дахь удаагийн орон нутгийн бонд гарч байгаа нь энэ бөгөөд өмнө нь зөвхөн Улаанбаатар хот бонд гаргаж байсан бол хөдөө орон нутагт анх удаа ийм боломж нээгдэж байна. Энэ ажилд Сангийн яам бүтэн жилийн турш орон нутгийн удирдлагатай хамтарч, ажлын хэсэг байгуулан судалгаа хийж, ажилласан юм.