Open iToim app
Хөндөх сэдэв | 4 мин уншина

Өдрийн сурвалжилга: Төлбөрөө нэмснийхээ хэрээр чанараа сайжруулахыг оюутнууд хүсэв

Өдрийн сурвалжилга: Төлбөрөө нэмснийхээ хэрээр чанараа сайжруулахыг оюутнууд хүсэв
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 13
Зуны дулаан, нам гүмхэн өдрүүд алсарч, намрын завгүй өдрүүд айсуй. Зунжин нам гүмхэн байсан сургуулиуд амь орж, их дээд сургуулиудад шинэ элсэгчдийн цуваа тасрахгүй байна. Шинэхэн суралцагчдын хувьд төлбөрийн мэдээлэл хамгийн чухал бөгөөд эл мэдээллийн талаарх яриа оюутнуудын дунд аль хэдийн өрнөжээ.
Нэмэгдсэн төлбөрийн талаар МУИС-ийн  хичээлийн байр руу орж, захиргаанаас мэдээлэл авах гэсэн боловч ихэнх хаалга хаалттай, түгжээтэй байх бөгөөд “амралтаа авсан, мэдэхгүй байна” гэсэн товч хариултууд угтлаа. Харин сургуулийн ойролцоо сүүдэрт сууж байсан МУИС-ийн оюутнууд бидэнтэй ярилцав.
М.Дашмягмар ирэх намраас 1-р курст элсэх гэж буй шинэхэн оюутан “Би энэ жил нэгдүгээр курсийн оюутан болж орно. Төлбөр нэмэгдэж байгаа нь хэцүүхэн санагдаж байгаа. Гэхдээ тэр мөнгө сургалтын чанар, орчинд шууд тусгагдаж сайжирч байвал асуудалгүй. Өнгөрсөн жил элсэж орсон найзуудаасаа сонсоход МУИС-ийн номын сангийн лекцийн танхимууд өвөлдөө хүйтэн, зундаа халуун хичээл хийхэд хэцүү байдаг гэж сонссон. Энэ асуудлаа шийдчихвэл номын санд их цагийг өнгөрөөж хичээлээ хийнэ гэж бодож байна” гэлээ.
МУИС-ийн 3-р курсийн оюутан О.Энхжин “Төлбөр нийт оюутны хэмжээнд нэмэгдэх байсан ч оюутны зөвлөл болон ангийн дарга нар сургуулийн захиргаатай хуралдаж эсэргүүцсэнээр зөвхөн шинэ элсэгчид буюу 1 болон 2-р курст орох оюутнуудын төлбөрийг нэмсэн. Миний хувьд 3-р курс болохоор төлбөр нэмэгдэж байгаа асуудлаас холдож чадсан ч бусад хүүхдүүдээс авч байгаа нэмэгдэл төлбөр юунд зарцуулагдаж байгааг гайхдаг.
Би оюутны байранд нэг хичээлийн улирал байж үзсэн. Тэр хугацаанд угаалгын машины хүрэлцээ, халуун усны хуваарь зэрэг асуудлууд байдаг байсан. Даваа, мягмар гарагуудад халуун усгүй бусад өдрүүдэд өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл л халуун устай байдаг болохоор тэр хугацаанд л тааруулж усанд орох хэрэгтэй болдог. Ихэнх оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд 17 цагаас хойш ажлаа тараад ирэхэд халуун усгүй байдаг гэсэн үг. Энэ мэт хэцүү асуудлуудаас болоод дотуур байрнаасаа гарч өөр газар байр түрээслэх болсон” гэв.

МУИС-ийн 2025 оны сургалтын төлбөрийн мэдээллийг доорх зургаас үзнэ үү.

undefined
undefined
ШУТИС дээр очиход сургуулийн бүртгэлээ баталгаажуулчихсан гэх хүүхдүүд сургуулийнхаа орчинтой танилцаж байв. Тэднээс төлбөрийн талаар мэдээлэл авсан эсэхийг асуухад төлбөр нэмэгдсэн байсан. Сургалтын орчноо сонирхоод явж байна гэв.
1-р курст орох З.Тэмүүлэн “Миний хувьд ШУТИС-ийн байрууд өмнөхөөсөө өөрчлөгдсөн мэт санагдаагүй. Гэхдээ засвар шинэчлэлт хийхийн хувьд хийсэн байх гэж бодож байна” гэв.
1-р курст орох Б.Сүхбат “Сургуулийнхаа нэгдсэн групп рүү орж үзэхэд дотуур байр нь жоомтой гэсэн яриа байсан. Төлбөр нэмэгдэх хэрээр оюутнуудын тав тух нэмэгдэх хэрэгтэй. Гэтэл төлбөр нэмэгдсэн ч шинэчлэлт засвар хийхгүй хэвэндээ байгаа гэсэн” хэмээн санаа алдан хэлсэн юм.
Тэдний хүсэн орж буй сургууль ямар байдалтай байгаа, төлбөр яаж нэмэгдсэн талаарх мэдээллийг авахаар ШУТИС-ийн Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаярыг зорьсон юм.
Тэрээр “ШУТИС 2025 оны сургалтын төлбөрөө 11.7 хувиар нэмсэн. 2024 оны төсвийн тайланг судалж үзэхэд нийт сургалтын төлбөрийн орлогын 97 хувь нь багш ажилчдын цалинд зарцуулагдсан байсан. ШУТИС-ийн хэмжээнд 2024 оны байдлаар багш нарын дундаж цалин 3.8 сая төгрөг байгаа. Цалин муу гэх шалтгаанаар мэдлэг чадвартай сайн багш нар маань ажлаасаа гарах, өөр өндөр цалинтай газар ажиллах хандлага их байсан тул сургуулийн зүгээс цалинг нь нэмэх шаардлага үүссэн. Иймд есдүгээр сараас багш нарынхаа цалинг 12 хувиар нэмэхээр ажиллаж байна.
Сургалтын орчин болон оюутны байрны орчны хувьд энэ хичээлийн  жилд дотоод нөөц бололцоогоороо 6.3 тэрбум төгрөгөөр засвар үйлчилгээний ажил хийж байгаа. Хамтрагч байгууллагуудын дэмжлэгээр, хандивын хүрээнд 1.4 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээний ажил хийсэн. Дотуур байрны хувьд III байранд их засвар хийгдэж байгаа. Бусад байрны шаардлагатай засваруудыг мөн адил хийж байна. Анги танхимын хүрээнд салбар сургуулиудын захирлуудад засварын ажлыг үүрэг болгон өгч засвар хийгдэж байгаа юм. Дотуур байрны жоомны асуудал дээр тогтсон графикийн дагуу жилд 3-4 удаа ариутгал хийгддэг. Манай байрнууд насжилт өндөртэй, сүүлийн 30-аад жил засвар үйлчилгээг бага багаар л хийж байснаас их засвар хийж байгаагүй. ШУТИС улсын төсвөөс санхүүжилт авдаггүй учраас сургуулийн дотоод хөрөнгөөр тодорхой хэмжээнд бага багаар засвар хийгддэг” гэлээ.  

ШУТИС-ийн 2025 оны сургалтын төлбөрийн мэдээллийг доорх зургаас үзнэ үү.

undefined
undefined
Сургуулиасаа завсарлага (gap year) авч байгаа оюутан Н.Эрдэнэтуяа “Миний хувьд ЭЕШ өгөөд орох сургуулиа сонгоод төлбөрийн мэдээллийг нь харахад гадаадын их сургуулиас нээх айхтар ялгаагүй байхаар нь Монголд сурах эсэхдээ эргэлзэж байгаа. Сургалтын чанар болон орчин шийдвэр гаргахад маань нөлөөлсөн. Монголд оюутнуудын дотуур байрны засвар, тохижилт хэцүүхэн байдаг талаар нэлээд сонсож байсан учраас энэ жил шийдвэр гаргаж чадалгүй завсарлага (gap year) авч байгаа” гэдгээ хэлсэн юм.
Ингээд дараагийн сургууль болох МУБИС дээр ирэхэд гадаа нь хөл хөдөлгөөн ихтэй, шинээр оюутан болж байгаа залуус дүүрэн оочирлож харагдав. Сонирхон очиж хүүхдүүдээс сургалтын төлбөрийнх нь талаар асуухад "бүртгэлээ баталгаажуулахаар ирсэн байна, төлбөрийн талаар мэдээлэл байхгүй байгаа, яаж дотуур байранд орох мэдээллээ авч байна" гэх зэргээр олон асуулт тээн зогсож байлаа. Сургуулийн захиргаа, санхүү хариуцсан хүнтэй уулзахаар очиход хаалга нь хаалттай хэзээ ирэхийг мэдэхгүй байна гэх хариу өглөө. Тэр хаалганы гадна олон хүүхдүүд төлбөрийн талаар мэдээлэл авахаар хүлээж байв.
Их, дээд сургуулиудын нам гүм байгаа коридорууд, хоосон ангиуд есдүгээр сараас дахин амь орно. Харин тэр үед төлбөрийн өсөлт нь оюутнуудын хүссэнчлэн сургалтын чанар, сурах орчинд нь бодит өөрчлөлт авчирсан байх эсэх нь л энэ нам гүмийг эвдэх гол хариулт болох юм.
Бэлтгэсэн: Э.Эгшиглэн
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн