Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Европын удирдагчид Трамп–Путины яриа хэлэлцээнд Зеленскийг оролцуулахаар шахаж байна

Европын удирдагчид Трамп–Путины яриа хэлэлцээнд Зеленскийг оролцуулахаар шахаж байна
Нийтэлсэн 16 минутын өмнө
Европын удирдагчид Владимир Путинтай хийхээр төлөвлөсөн дээд хэмжээний уулзалтад Украиныг оролцуулах талаар Дональд Трампад шахалт үзүүлж байгаа бөгөөд Германы талаас “Европчууд болон украинчуудын толгой дээгүүр” ямар нэг хэлэлцээр байгуулахгүй байхыг Цагаан ордонд анхааруулжээ.
Энэ баасан гарагт Аляскад болохоор төлөвлөсөн АНУ, Оросын удирдагчдын хоёр талын уулзалтаас өмнө Германы канцлер Фридрих Мерц “Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мөн оролцоно гэдэгт найдаж, тэгж таамаглаж байна” гэж мэдэгджээ. Мерц Германы ARD телевизэд өгсөн ярилцлагадаа Берлиний зүгээс Зеленскийг хэлэлцээнд оролцуулахын тулд Вашингтонтой нягт хамтран ажиллаж байгааг онцолсон байна.
“Европчууд болон украинчуудын толгой дээгүүр Орос, Америк хоёр газар нутгийн асуудлыг хэлэлцэх, бүр шийдвэрлэхийг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэр хэлээд, “Америкийн Засгийн газар ч үүнийг ижил байр сууринаас харж байгаа гэдэгт итгэж байна” гэжээ.
Зеленский “Украины оролцоогүйгээр гаргасан аливаа шийдвэр хэрэгжихгүй” гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Тэгвэл энэ бямба гарагт Их Британи, Франц, Герман, Итали, Польш, Финланд болон Европын Комиссын удирдагчид “Аливаа дипломат шийдэл нь Украин болон Европын аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах ёстой” гэж онцолсон байна.
Цагаан ордны нэгэн албан тушаалтан Трамп Зеленскийг уулзалтад оролцуулахад нээлттэй гэж хэлсэн ч одоогоор зөвхөн хоёр талын уулзалтад бэлтгэж байгаа гэжээ. Трампын хэлснээр боломжит тохиролцоонд “хоёр талын аль алинд нь ашигтай зарим нутаг дэвсгэрийн солилцоо” орно гэж байгаа нь Украины газар нутгаа алдах вий гэсэн айдсыг улам нэмэгдүүлээд буй.
ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “АНУ-д Оросыг ноцтой хэлэлцээр хийхэд хүргэх хүч бий. АНУ ба Оросын хоорондын ямар ч хэлэлцээрт Украин болон ЕХ заавал оролцох ёстой. Энэ бол зөвхөн Украин төдийгүй бүх Европын аюулгүй байдлын асуудал” гэж хэлжээ.
Тэрээр даваа гарагт ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар дараагийн алхмыг хэлэлцэх болно гэж нэмж мэдэгдсэн.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн