Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг авахыг үүрэг болгосон талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан: Ургац хураалтын цаг үед шатахууны хомсдол, зохиомол үнийн хөөргөдөл үүсэх, худал мэдээлэл түгээхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухай бүрд нь хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцэж дүгнэлээ.
Мөн өвс тэжээлийн хангамж, нийлүүлэлттэй холбоотойгоор байгалийн буюу бэлчээрийн ногоон өвс экспортлохыг нэн даруй хориглох, зогсоох шаардлагатай. Яагаад гэвэл бид дотооддоо боломжтой газар нь аймаг, сумуудад нийлүүлэх ёстой. Түүнчлэн, отор нүүдэл зохион байгуулах төлөвлөлтөө сайн хийх ёстой. Ингэхдээ аймаг орон нутагт оторлох мал сүргийн бүртгэл тооцоог сайтар гаргаж, малын гоц халдварт өвчнөөс эхлээд ямар нэг хүндрэл гаргахгүй байхад онцгой анхаарах хандуулах шаардлагатай байна.
Хадлан тэжээл бэлтгэх боломжтой Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн бүс нутгийг хамгаалах, цаашид бэлчээрийг нөхөн сэргээх, хадлангийн нөөц нэмэгдүүлэх чиглэлээр тусгайлсан бодлого арга хэмжээ төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд даалгалаа.
Боловсролын салбарт хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэг орохоос өмнө хичээл эхлүүлэх нөхцөл боломжийг бүх түвшинд зохион байгуулж, барилга байгууламжийн ажил, бүтээн байгуулалтын ажиллагааг эрчимжүүлэх, стандарт, чанарын өндөр түвшинд, хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.