Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, Хүннү хотын үзэл баримтлал боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын талаар илтгэл сонслоо.Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дулаан, цахилгаан хангамж, инженерийн дэд бүтэц, орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн салбар салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлууд үргэлжилж байгааг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл танилцууллаа.Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Тухайлбал цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн шугам тоноглолын нийт 32 нэр төрлийн 98 ажил гүйцэтгэж байна. Урсгал засвараар 3387 шугам тоноглолд засварын ажлыг хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байгаа юм.