Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Төмөр замын анхны эмэгтэй гавьяат Д.Пүрэвсүрэнг онцолж байна

Төмөр замын анхны эмэгтэй гавьяат Д.Пүрэвсүрэнг онцолж байна
Нийтэлсэн 11 минутын өмнө
Төмөр замын салбарт засварчнаас эхлээд Зорчигч албаны дарга хүртлээ 36 жил ажилласан Д.Пүрэвсүрэнг онцолж байна. Тэрээр өдгөө тэтгэвэртэй гарч байгаа бөгөөд төмөр замын салбарын анхны гавьяат тээвэрчин юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд төмөр замын салбарт 36 жил ажиллаж гавьяаныхаа амралтад гарч байгаа танд баяр хүргэе. Энэ мөчийн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Төмөр замчин, Хөдөлмөрийн баатар хамт олондоо баярлалаа.
Энэ сайхан ногоон вагоноор овоглосон зорчигч тээврийн хамт олондоо мэндчилгээ дэвшүүлье. Амжилт бүтээл, сайхан дурсамж, түүхийг бүтээсэн хамт олондоо талархаж байна.
Улаанбаатар төмөр замд 36 дахь жилдээ ажиллаад гавьяаныхаа амралтад гарч байгаадаа маш их баярлаж байна. Энэ хугацаанд манай хамт олон сайхан бүтээл хийж, амжилт гаргаж явсан. Монгол Улсын Гавьяат тээвэрчин авсан нь ч манай хамт олны шагнал гэж бодож, хүндэтгэж хайрлаж ирсэн. Миний хувьд 1989 онд Ленинград хотын Төмөр замын дээд сургуулийг вагоны инженер мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш ногоон вагоноосоо ажлын гараагаа эхэлж, өдгөө 60 нас зооглоод гавьяаныхаа амралтад гарч байна. Төмөр замын хамт олноороо маш их бахархаж, агуу хүмүүсийн дунд ажиллаж амьдарч байсандаа үргэлж талархаж явдаг. Тэднийгээ байнга хүндэлдэг. Энэ ташрамд, Хөдөлмөрийн баатар миний хамт олны ажил үйлс нь нь дандаа өөдрөг байх болтугай, бидний ган зам зурайж, галт тэрэг хурдалж, тэнгэртээ тэтгэгдэж  яваарай гэдэг өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье.
-Төмөр замын салбарт ажиллаж эхэлж байсан түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юу. Анх энэ салбарт ажиллаж эхлэхэд ямар санагдсан бэ?
-Ажлын гараагаа эхэлж байхад их сайхан байсан. Шар хантаазаа өмсөөд, алхаа бариад л вагоны засварчин хийж эхэлж байлаа. Төмөр замын салбар ажлыг багаас нь эхэлж явдаг. Тэр дундаа хийгээгүй ажил бараг байхгүй. Засварчин, үйлчлэгч, мастер, албаны дарга, инженер, орлогч дарга гээд шат дараалан ажиллаж явсан. Үе үеийн мундаг төмөр замчдаасаа суралцаж, тэднийхээ дунд амьдарч ирсэндээ үнэхээр бахархдаг. Энэ бол миний амьдралын утга учир. Миний ээж төмөр замчин байсан. Ээжийгээ даган төмөр замд амьдралынхаа 52 жилийг зарцуулсан байна.
-Вагоны инженер мэргэжлийг эрэгтэй хүмүүс сонгох нь элбэг байдаг шүү дээ. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?
-Миний ээж намайг “Чи төмөр замчин бол. Төмөр замчин бол маш сайхан мэргэжил” гэж хэлээд энэ мэргэжлийг сонгоход тусалсан.  Миний ээж тэнгэрээс харж байгаа. Ижийнхээ итгэлийг алдахгүй ажиллаад, гавьяаныхаа амралтад гарч байгаадаа баярлаж байна. Мөн ээжээрээ бахархаж байгаа. Хүний ээж гэдэг үр хүүхдээ дандаа л зөв зам руу чиглүүлж байдаг юм байна.
-Та бол төмөр замаас төрсөн анхны эмэгтэй гавьяат шүү. Гавьяат цолыг авч байхад ээжийгээ их дурсан санасан уу?
-Надад сайхан үйл явдал тохиолдох болгонд ээжээрээ бахархаж санан дурсдаг даа. Өглөө болгон төрүүлж өсгөсөн ээж, аавдаа мөргөж залбирч явдаг.
-Таныхаар вагон гэдэг ямар утга учир үнэ цэнтэй зүйл вэ?
-Вагон бол төмөр замчдын үнэхээр бахархах зүйл. Вагоноор овоглодог. Энэ ногоон вагон бол маш олон хүмүүсийг амьдралд нь хүргэж байгаа. Аз жаргалтай амьдруулж байна. Монголын ард түмнийг 1990 онд ардчилал гарснаас хойш хүнд хэцүү цаг үед үүрч амьдралд нь хүргэсэн. Манай бизнесмэн, улс төрчид гээд бүгд л ногоон вагоноор ганзагын наймаагаа хийж байсан түүхтэй.
-Төмөр замын салбарт ажиллахын хамгийн сайхан тал нь юу вэ?
-Зорчигч тээврийн албаны хамт олон бол дандаа ард түмэнд үйлчилдэг. Ард түмнийг хүссэн газарт нь аюулгүй баталгаатай хүргэж өгдөг. Тэдэндээ унд цайгаар үйлчилж байхдаа маш их бахархдаг. Энэ бол манай хамт олны маш том буянтай ажил гэж хардаг.
-Мэдээж энэ олон жил ажиллаж байхад дурсамжтай үйл явдал олон тохиосон байх. Тэр дундаас онцолбол?
-Дурсамжтай үйл явдал зөндөө тохиолдолгүй яах вэ. Тэр дундаас Улаанбаатар төмөр замын болон Орос-Монголын Хүндэт төмөр замчин шагналыг зэрэг авч байхад ээждээ маш их баярлаж байсан. Ээжийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж яваа юм болов уу гэж бодож байсан. Энэ бол зөвхөн миний амжилт биш манай хамт олон үнэхээр халуун дулаан уур амьсгалтай, нэг нэгнээ түшиж тулж явдаг.
-Төмөр замын салбарт ажлын гараагаа эхэлж байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Дараа дараагийн манай салбарын ажилчид хэзээд битгий шантраарай. Бүх зүйл дандаа дардан байхгүй. Гэхдээ битгий шантраарай. Улаанбаатар төмөр зам бол маш сайхан газар шүү. Хэзээ ч чи харамсахгүй, алдахгүй. Улаанбаатар төмөр зам шиг сайхан газар Монгол Улсад ховорхон шүү гэж хэлнэ дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн