Open iToim app
Эрүүл мэнд | 3 мин уншина

Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдаж авахаасаа өмнө таны мэдэх ёстой 5 зүйл

Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдаж авахаасаа өмнө таны мэдэх ёстой 5 зүйл
Нийтэлсэн 1 минутын өмнө
Коллагены нунтаг, дархлаа дэмжигч витамин зэрэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн лангуу, онлайн платформууд дээр хаа сайгүй зарагдах болсон. Толигор арьстай болгоно, анхаарал төвлөрөл нэмэгдүүлнэ, нойр сайжруулна, бүр урт наслуулна гэх мэт амлалттай эдгээр бүтээгдэхүүнүүдийг өнөөгийн амьдралын зайлшгүй хэрэглээ хэмээн сурталчилдаг болжээ.
Тиймээс нэмэлт бүтээгдэхүүн авахын өмнө заавал мэдсэн байх ёстой 5 зүйлийг танилцуулж байна.
1. Эхлээд хоол хүнсээ сайжруул, дараа нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэ
Шим тэжээлээ хоол хүнсээрээ дамжуулан авах нь хамгийн зөв арга. Хоол хүнс нь зөвхөн нэг төрлийн биш, харилцан үйлчлэлтэй олон тэжээлт бодис агуулдаг. Жишээлбэл, сам хорхой эсвэл яргай загас нь зөвхөн омега-3 төдийгүй уураг, витамин D, селен зэрэг олон амин дэмээр баялаг.
Гэсэн хэдий ч зарим үед нэмэлт зайлшгүй шаардлагатай байдаг. Тухайлбал:
  • Жирэмсний үед фолийн хүчил уухыг зөвлөдөг.
  • Өвлийн улиралд нарны гэрэл багасах тул D витамины нэмэлт хэрэгтэй.
  • Веган хүнсний дэглэм баригчдад В12 витамин хэрэгтэй байдаг.

2. Хэтрүүлэн хэрэглэж байгаагаа мэдэхгүй байх магадлалтай

Хүнсээр дамжуулж илүүдэл тэжээл авах нь ховор байдаг ч, нэмэлт бүтээгдэхүүнээр бол амархан авах боломжтой. Богино хугацаанд дотор муухайрах, гүйлгэх зэрэг гаж нөлөө илэрч болно. Харин урт хугацаанд бол эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
Жишээ нь:
  • Хэт их Д витамин ууснаар кальци их хэмжээгээр хуримтлуулж, бөөр, зүрх, ясыг гэмтээж болзошгүй.
  • А витаминыг хэтрүүлбэл элгийг гэмтээх, жирэмсэн үед урагт гажиг үүсгэх эрсдэлтэй.
  • B6 витаминыг хэт удаан хэрэглэвэл мэдрэлийн асуудал үүсэх боломжтой.
Харамсалтай нь олон хүн цусаа шинжлүүлдэггүй тул эдгээр сөрөг үр дагавар илрэх хүртэл нь мэддэггүй. Иймд шинжилгээнд үндэслэн, өөрт шаардлагатай тэжээлээ зөв тунгаар хэрэглэх нь зүйтэй.
undefined

3. Сошиал медиагийн сурталчилгаанд бүү автаарай

“Дархлаа дэмжигч”, “байгалийн”, “дотор цэвэрлэгч” гэх мэт үгс шинжлэх ухаанд бус, маркетингт суурилсан нэр томьёо байдаг. Ийм төрлийн сурталчилгаа хүмүүсийн хүлээлтийг хийсвэр болгож, нэмэлт бүтээгдэхүүнийг бараг л "эмчилгээ" мэт ойлгуулдаг.
Тэр дундаа инфлүүнсерүүд болон олон шатлалт борлуулалтын (MLM) схемд оролцогчид мэргэжлийн бус, хувь хүний туршлага дээр тулгуурлан сурталчилгаа хийх нь түгээмэл. Үүний цаана эрүүл мэндийн сөрөг эрсдэлүүд хүлээж байх магадлалтай.
4. Нэмэлт бүтээгдэхүүний салбар шинжлэх ухаанаас илүү борлуулалт руу хазайсан
Дэлхийн нэмэлт бүтээгдэхүүний зах зээл 127 тэрбум ам.доллароос давсан. Өнөөдөр энэ салбарын гол зорилго эрүүл мэндээс илүү борлуулалт, ашиг орлого болоод байгааг харуулж байна. Хэрвээ ямар нэг нэмэлт үнэхээр үр дүнтэй бол эмч нар өөрсдөө санал болгох нь тодорхой.
Гэтэл шинжлэх ухаанаар батлагдсан төмөр, Д витамин гэх мэт хэрэгцээтэй нэмэлтүүд биш, харин анхаарал татахуйц маркетинг бүхий, баталгаагүй бүтээгдэхүүнүүдийг илүү хүчтэй сурталчилж байна. 

5. Зарим нэмэлт хүн бүхэнд тохирохгүй

"Байгалийн гаралтай" гэсэн шошготой байлаа гээд аюулгүй гэсэн үг биш. Жишээ нь:
  • К витамин нь цус шингэлэх эм (warfarin)-тэй харшилж болдог
  • Өндөр тунгаар төмрийн бэлдмэл уух нь хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгч, антибиотикийн шингээлтэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Тиймээс жирэмсэн, хөхүүл эхчүүд, архаг өвчтэй хүмүүс, эм хэрэглэдэг бол заавал эмч, эм зүйч эсвэл хоол тэжээлийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, өөрт тохирсон нэмэлт бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.
Нэмэлт бүтээгдэхүүн тодорхой нөхцөлд хэрэгтэй байж болох ч бүхнийг эмчилдэг ид шидтэй зүйл биш. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнд мөнгө зарцуулахаасаа өмнө өөрөөсөө “Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу, эсвэл энэ мөнгөөр эрүүл хоол хүнс авч идсэн нь дээр үү?” гэж асууж байхыг уншигч танд зөвлөе.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн