Зураач, урлаг судлаач С.Сарангийн урланд зочилж, түүний эсгий урлалаар туурвисан уран бүтээлтэй нь танилцлаа. Монголын уламжлалт гар урлалыг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан хөгжүүлж яваа тэрээр 1997 оноос эсгий урлалаар дагнан ажиллаж, 2004 онд урлангаа байгуулжээ. Энэ урлангаас эсгий хувцас, гоёл чимэглэлээс эхлээд ноосоор бүтээсэн нарийн хийцтэй хөрөг зураг төрдөг. Эсгийгээр зураг зурах нь ноосны ширхэг бүрээр дүр төрх бүтээж, хэлбэрийг нь хадгалах гээд өндөр ур чадвар шаарддаг бөгөөд энэ нь түүний уран бүтээлийн онцлох хэсэг юм. Мөн тэрээр мэргэжлийн уран бүтээлчдийн холбоо байгуулан эсгий урлагийг залуу үедээ өвлүүлэн, хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна. Ингээд зураач С.Сарантай ярилцсанаа хүргэе.
-Эсгий урлалаар сурахад танд юу нөлөөлсөн бэ?
-Би хувцас дизайны ангид орох гэж байсан ч СУИС тэр жил энэ ангид элсэлт аваагүй. Тэгээд жил өнжихгүй гэж бодоод торгон зураг гэдэг анги байхаар нь торгон дээр зурдаг анги юм байна даа гээд орж байсан. Тэгсэн торгон наамал, эсгий ширмэл урлаг гээд уламжлалт өв соёлыг харуулсан анги байсан. Би өөрөө хувцас дизайнд дуртай учраас эсгий хувцсаараа дипломоо хамгаалъя гэж бодоод эхэлж байлаа. Энэ цагаас л анхны эсгий хувцсыг хүмүүст таниулж чадсан байх гэж боддог доо.
-Таны бүтээлүүд хамгийн ихдээ хэр хугацаанд бэлэн болдог вэ?
-Миний хамгийн их цаг зав, хөдөлмөр орж байсан бүтээл бол Чингис хааны иш хөрөг. Эсгий ноосоор хөрөг бүтээнэ гэдэг хамгийн нарийн ажил байдаг. Учир нь ноосоо зулахдаа ширхэг бүрээр нь, тэр дундаа хүн бүрийн мэддэг царай төрхийг ноосоор бүтээнэ гэдэг хамгийн хүнд, хэцүү ажил байдаг. Зулах, барьцалдуулах, агшаах явцад хийсэн бүтээлийн маань царай төрх өөрчлөгдөх бүрэн боломж байдаг. Жишээ нь нүд том жижиг болох, дээр доор болох гэх мэтээр шал өөр болох боломжтой. Тиймээс маш өндөр хяналт дор эсгий хөрөг зургаа бүтээдэг. Эсгий хөрөг зургийг хамгийн хүнд техник шаарддаг ажил гэж боддог. Чингис хааныхаа эсгий хөргийг арав гаруй хоног бэлдэж хийсэн.
-Хамгийн багадаа хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Тухайн үеийн зураачийн эмоци, сэтгэл зүйн байдал хэр байна гэдгээс шалтгаалаад маш хурдан бүтээл гарах үе байдаг. Өдөртөө гардаг бүтээл ч байна. Хэрвээ нэг өдөрт бүтээл хийж амжвал тэр мундаг, маш хурдтай бүтээл гарлаа гэж үздэг.
-Та мэргэжлийн хүмүүстэйгээ нэгдээд холбоо байгуулсан байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Хоёр сарын өмнө эсгийгээр дагнаад ажилладаг уран бүтээлч, зураач, мэргэжлийн хүмүүс нэгдээд Монголын үндэсний эсгий урлаг, урлал дизайны нэгдсэн холбоог байгуулсан. Энэ холбоонд мэргэжлийн уран бүтээл туурвидаг, мөн энэ мэргэжлээрээ маш тууштай удаан ажилласан хүмүүс нэгдээд цаашид эсгий урлагийг хөгжүүлье. Эсгий урлагийг залуу үедээ таниулж мэдүүлье, өвлүүлж үлдээе гэдэг утгаар нэгдэж ажиллаж байгаа. Зөвхөн уран бүтээлээс гадна ЖДҮ-ийнхээ бараа бүтээгдэхүүний өнгө, загвар дизайн дээр санаа өгч боловсруулж өгөх нь мэргэжлийн хүмүүс бидний том үүрэг болж байгаа.
-Эсгий урлал хийхэд хэдэн хүний оролцоо байдаг вэ?
-Бүгдийг эхнээс нь яг нэг хүний гараар бүтээдэг. Жишээ нь эсгий малгай хийнэ гэвэл нэг хүн бүтэн ноосоо зулаад бүх юмыг нь ганцаараа хийж дуусгадаг. Өдөрт гарах бүтээмж бага байдаг учраас 2-4 малгай л хийдэг.
-Бүтээмжээ нэмэгдүүлэх талаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Яаж бүтээмжээ нэмэгдүүлж болох вэ, яаж нэгдэж ажиллах вэ гэдэг талаас одоо судалж байна. Учир нь эсгий урлаг яах аргагүй зөвхөн гараар бүтдэг. Бид олуулаа нэгдэж ажиллаж чадвал өшөө илүү өгөөжтэй олон бүтээгдэхүүн гаргаж, дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой. Бүтээгдэхүүнээ яаж каластр болгох талаар судалгаа шинжилгээ хийдэг хүн байхгүй байсан. Харин манай холбоо нээгдсэнээс хойш бид технологи, загвар талаас нь хамтарч ажиллаад анхан шатны хувьд хийгээд эхэлсэн.
-Та одоогоор хэдэн шавь төрүүлсэн бэ?
-2010 оноос өмнө яг танхимаар шавь нар бэлтгэдэг байсан. Коронагаас хойш эсгий ширмэл урлагаа яг ноён уулын булшнаас олдсон хүннүгийн их загварын жижгэрүүлсэн хувилбарыг бүтээгээд онлайнаар хүмүүстээ зааж, оёулж эхэлсэн. Гурвалсан зээг яаж хийх вэ, ширмэлээ яаж хатгах, ямар стандарт барих ёстой зэргийг заадаг болсон. Зөвхөн оёж хатгахаас гадна өнгө судлал болон зохиомжийн хичээл ордог. Одоогоор 500 гаруй шавь нартай болсон байна. Америк, Герман, Австрали орнуудаас ч шавьтай.
-Онлайнаар хичээл заахад хүндрэл тулгардаг уу?
-Хүндрэл гэхээс илүү давуу тал нь илүү олон байдаг. Жишээ нь хот болон хөдөө орон нутгаас, цаашлаад гадаадаас ч миний хичээлд хамрагдаж болдог нь надад сайхан байдаг. Хөдөө орон нутгаас хичээлд маань хамрагддаг хүүхдүүд “Багшаа би хонио эргүүлчхээд ирье” гэх мэт хөөрхөн явдал гардаг.
-Эсгий, ноос гэхээр хүмүүсийн ойлголт бага байдаг шүү дээ. Энэ талаар таны бодол?
-Эсгий ноосыг маш сайн хэрэглэж сураасай гэж хүсдэг. Ноолууран хувцсыг хэрэглэдэг шигээ эсгий хувцсыг хэрэглэж сурах хэрэгтэй. Ялангуяа Монгол шиг дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай газар эсгий хувцас маш тохиромжтой байдаг. Угааж хэрэглэхэд ч хялбар. Эсгий хувцсыг хэрхэн угааж хэрэглэх талаар мэддэггүй болохоор хүмүүс хэрэглээндээ оруулдаггүй байх гэж боддог. Энэ талаар ойлголт өгөхийн тулд ажиллаж байгаа. Харин эсгий гутлыг хүмүүс таньж эхлээд хэрэглээндээ оруулах нь нэмэгдэж байгаа. Яагаад гэхээр эсгий гутлын шинж чанар нь чийг татахгүй амьсгалдаг, хөнгөн, дулаан, халуунд халууцуулахгүй юм байна гэдгийг мэдэж эхэлж байна.
-Таны хийж байсан эсгий хувцаснаас дурдвал?
-Эсгий дээлээ онцолмоор байна. Монгол дээл бол маш нарийн ур хийцтэй, торгоор урладаг шүү дээ. Миний хувьд ноосоороо зулаад ямар ч оёдолгүйгээр бүтээж байсан. Хамгийн хөнгөн жин нь 450 гр, жоохон том биетэй өндөр хүнд таарахаар эсгий дээл нь 750 гр болдог. Ийм хөнгөн дулаан эсгий дээлээ бид өмсөж сурах хэрэгтэй.