Боловсролын сайдын 2026 оны төсвийн төслийг 4.8 их наяд төгрөг байхаар тооцжээ. Үүнээс 4.2 их наяд нь урсгал зардал, 561.7 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалттай холбоотой байхаар боловсруулсан байна. Тэгвэл боловсролын салбарын мэргэжлийн байгууллага болон экспертүүд дараах саналыг хэллээ.
“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн байгууллагын ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг: Монгол Улсын Засгийн газрын бүх олон улсын гэрээ, конвенцоор хүн бүрийн сурч боловсрох эрхийг баталгаажуулах үүргийг хүлээсэн. Тийм болохоор төр төсвөө хуваарилах ёстой. Тогтвортой хөгжлийн зорилгыг 2030 он гэхэд биелүүлнэ гэж Ерөнхийлөгч амлалт өгсөн. Тэгэхээр чанартай, эрх тэгш хамруулсан боловсролыг хүн бүрд олгох ёстой. Энэ нь сургуулийн өмнөх боловсролоос эхлээд дээд боловсрол хүртэл хамаатай гэсэн үг. Бид төсвөө хүртээмж рүү л цацаад байдаг чиг хандлагаасаа салахгүй байгаа учраас иргэний нийгмийн байгууллагууд чанарыг сайжруулах төсөв зарцуулаач гэдэг санал гаргаж байна. 2026 оны төсвийн төсөл дээр жишээлбэл тусгай хэрэгцээт боловсролд нэг ч төгрөг байхгүй байна. Хүртээмж, байшин барилгаас гадна сурлагын чанар, амжилтыг дээшлүүлэхэд төсвийн бодлогыг чиглүүлээч.
Хоёрт, боловсролын салбарт ДНБ-ий 4 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 12 хувийг боловсролд зарцуулна гэж хэллээ. Тэгвэл боловсролын салбарын төсөвт эзлэх хувийг 2030 он хүртэл тогтвортой нэмэгдүүлж, хадгалах санал тавьж байна. Энэ нь улсын төсвийн зардлын 20 хувь, ДНБ-ий 6 хувьд хүргэх буюу Ослогийн тунхаглалыг хэрэгжүүлж эхлэхийг шаардаж байна. Тэгэхгүй бол 2030 он гэхэд манай салбар ачааллаа даахгүй болох гээд байна гээд олон хүн хэлсэн. Хэрэв бидний хүсэж байгаа санхүүжилтийг өгвөл Монгол Улсын боловсролын салбар сургалтын амжилтыг сайжруулж, боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдээ хамруулж чадна. Манай салбар үр өгөөжгүй салбар биш гэдгийг Дэлхийн банкны тайлан онцолсон байна. Үнэхээр боловсролыг дэмжих жил болох гэж байгаа бол ядаж олон улсын бенчмаркетингад хүргэх хэрэгтэй. Боловсролын салбарын үр дүн жилийн дотор гарахгүй болохоор 2030 он хүртэл тогтвортой төсөвлөөд өгвөл манай салбар үр дүн гаргаж чадна.