Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.-Таныг Увс аймгийн 100 жилийн ойн наадамд өөрийнхөө багцаас хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэдэг мэдээлэл бий. Аймгийнхаа 100 жилд мөнгө цацаад байж болдог юм уу?-Би Увс аймгаас 2008 оноос хойш таван удаа УИХ-д сонгогдон гишүүнээр ажиллаж байна. Тойргийн гишүүний хувьд Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах ажилд оролцсон. Мөн 2009 онд Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргын албан тушаалыг авсан. Ойг тэмдэглэх ажилд Увс аймгаас гаралтай иргэд, бизнес эрхлэгчид, энэ аймагтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг бусад аймгийн бизнес эрхлэгчид 11 орчим тэрбум төгрөг санхүүжилтээр гаргасан. Энэ бол хувийн санхүүжилт. Ой зохион байгуулах хүрээнд 22 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг өмнө жилээс хойш хийсэн. Ойн арга хэмжээг зохион байгуулах ажилд шамдан хэд хоног нойр муутай явж байгаад миний төсөв гээд хэлчихжээ. Энэ бол Эрчим хүчний сайдын багц гэсэн үг. Увс аймгийн төв Улаангом хотын 2, 4, 11 дүгээр багуудыг дамнан хэд хэдэн ажил хийсэн. Тодруулбал:Баруун тойргийн авто зам гээд хоёр гаруй км замыг 3.6 тэрбум төгрөгөөр 2024 оны төсөвт суулгаад, Увс аймгийн 100 жилийн ойгоор 90 хувьтай ашиглалтад оруулсан.