"ТЭЦ 3”-т Засгийн газраас томилогдсон БЭТ Н.Тавинбэх тус станцад гарсан ослын талаар мэдээлэл хийлээ. "ТЭЦ 3”-т Засгийн газраас томилогдсон БЭТ Н.Тавинбэх: “ТЭЦ 3” нь 1004 хүнтэй,190 МВт-ын хүчин чадалтай, томоохон стратегийн ач холбогдолтой станц. Ашиглалтад ороод 60 орчим жил болж байгаа. Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй учраас техник технологийн саатал гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-ний өдөр гарсан. Энэ нь анх удаа гарч байгаа саатал биш. Өмнө нь гарч л байсан. Энэ асуудлыг онцгой дэглэм тогтоосон, сэргээн босголтын ажил идэвхтэй явж байгаа үед сенсаац болгож байна. Харамсалтай нь, дотроосоо мэдээлэл тараасан нь туйлын зохимжгүй хэрэг гэж үзэж байна. “ТЭЦ 3”-т гарсан гэмтлийг засварлах ажил долоон хоног л үргэлжлэхээр байгаа. Манай гэмтсэн зуух ашиглалтад ороод 50 гаруй жил болсон нэлээд насжилттай зуух. Өнгөрсөн жилийн өвлийн их ачааллын үед ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухай бүрт нь бид засварлан хэвийн горимд оруулж байсан. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тус станцад томилогдсон БЭТ-ийн хувьд үргүй зардлыг багасгах, бүтэц орон тоог оновчтой болгох, ялангуяа худалдан авалттай холбоотой гардаг зөрчлүүдийг арилгах чиглэлээр нэлээд хатуу арга хэмжээ авч ажиллаж байна. Харамсалтай нь үүнд дургүйцэж байгаа хүмүүс байх шиг байгаа юм. Ийм хүмүүс жирийн гардаг гэмтэл саатлыг сүртэйгээр нийгэмд мэдээлж, буруу ойлголт өгч, энэ ажилд саад учруулах үйлдэл гаргаж байна гэж харж байгаа. Үүнд бид шантрахгүй, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийх ёстой ажлаа үргэлжлүүлнэ. Энэ олон жил удсан, богшсон ажил болохоор амар биш байна. Үүнийг хууль хүчний байгууллагад өгч шалгуулна. Аваар, саатал гарсан үед түүнийг арилгах, үйлдвэрийн осолд өртсөн нөхдөдөө туслахын оронд бичлэг хийгээд, гадагш нь зараад, буруу ойлголт өгдөг хүн хамт олны дунд байх ёсгүй. Энд ажил хийдэг мэргэжлийн хүн байх ёстой.