Боловсролын яамнаас ажиллах хүчний цомхотголыг хэрхэн хийх талаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ боловсролын салбарт хийх цомхотголд багш нарт хамаарахгүй гэдгийг мэдэгдлээ.
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга: Боловсролын салбарт ЕБС, цэцэрлэгийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсролыг оролцуулбал нийт 94 мянга орчим багш, ажилтан албан хаагч ажилладаг. Үүний 48 мянга орчим нь багш нар байдаг. Багш нарыг цомхотгоно, хална гэсэн ойлголт байхгүй. Багш нарыг цомхотгох халах байтугай одоо Монгол Улс даяар 3000 орчим багшийн дутагдалтай байна.
УИХ, Засгийн газраас төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчдыг 9 хувь цомхотгох чиглэл барьж байгаа. Гэхдээ энэ нь багшаас бусад албан хаагч нарт хамааралтай. Боловсролын салбарын хувьд 4000 орчим хүнийг хална гэсэн ташаа мэдээлэл гарч байна. Боловсролын салбарт давхардсан албан тушаал болон шинээр бий болгох албан тушаалыг цөөлнө. Өнөөдрийг хүртэл батлагдсан албан тушаал дээр ажиллаж байгаа нэг ч ажилтан, албан хаагч буюу цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн ажилчдаас халагдахгүй.
Харин цомхотголд боловсролын удирдлагын байгууллагууд болох Боловсролын яам болон түүний харьяа байгууллагуудын ажилчид багтаж байгаа. Цомхотгохын тулд цомхотгож байгаа юм биш. Чиг үүргийн давхцалд дүн шинжилгээ хийгээд энэ оны эхнээс Засгийн газрын хүрээнд цомхотгох ажил явагдаж байна. Жишээ нь Боловсролын яам 10 газартай байсан бол одоо 6 газартай болсон.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал: Саяхан УИХ-аас батлагдсан төсвийн тодотголын үеэр яригдсан төрийн албан хаагчийн тоог 9 хувиар бууруулна гэдэг асуудал боловсролын салбарт боломжгүй зүйл. Бүх шатны боловсролын байгууллагын багш нарыг энэ цомхотголд хамруулахгүй.
Боловсролын төрийн захиргааны байгууллага, удирдлагын хэмжээнд зарим тохиолдолд 20-30 хувь хүртэл чиг үүргийн давхардал байгаа. Энийг бид захиргааны түвшинд арилгаж байгаа. Мөн огт нормд байхгүй аливаа нэгэн хуучирсан албан тушаалууд буюу зарим нэг сургууль орлогч захиралтай байх зэрэг асуудлуудыг цэгцэлнэ. Хүүхдийн тоо бол цалингийн болон албан тушаалын тоо хэмжээтэй хэзээ ч хувьсаж өөрчлөгдөхгүй. Хүүхдийн тоо энэ жил огцом 28 мянгаар нэмэгдэж байгаа.
-Таны гарын үсэгтэй албан бичигт энэ цомхотголын хүрээнд багш нар хамаарахгүй гэсэн өгүүлбэр байхгүй байсан. Албан бичиг тодорхой байх хэрэгтэй биз дээ?
-Албан бичигт багш, албан тушаалтнууд гэж бичдэг. Гэхдээ энэ албан бичигт багш гэдэг үг байхгүй байгаа нь багш нарыг цомхотгохгүй л гэсэн үг.
-Багшийн орон тоо 3000-аар дутуу байна гэлээ. Гэтэл багш нар цалин бага асуудлаар ажлаасаа гарсаар байна. Энэ талаар Боловсролын яам ямар байр суурьтай байгаа вэ?
-Багш нарын орон тоо дутуу байгаа энэ үед багш нарыг цомхотгох бус харин ч энэ ажлын байранд татахаар хичээн ажиллаж байна. Багш нарын цалин бага байгаа гэдэг асуудал бол үнэн. Бид нар бүх шатандаа энэ асуудлыг мэдэж байгаа. Улаанбаатар хотод багшийн мэргэжлээр төгсөөд ажилд ороход цалин 1 сая 500 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Хөдөө орон нутагт очиж ажиллавал энэ цалин дээр 40 хувийн нэмэгдэлтэй.
Багш нарын цалинг нэмэхийн тулд яамнаас үндсэн цалинг нь нэмэх бодлого барьж ажиллаж байгаа. Хоёрт зөвхөн багшийн цалинг нэмнэ гэж байхгүй төрийн албаны цалинг бүгдийг нь гэж авч үздэг учраас Боловсролын яамны асуудал биш Гэр бүл нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Засгийн газрын асуудал болоод байгаа юм. 2026 оныг боловсролыг дэмжих жил болгосон. Боловсролыг дэмжье гэж байгаа бол ДНБ-ий 6 хувь, төсвийн нийт зардлынхаа 20 хувийг боловсролын салбартаа зарцуулах зорилтоо хэрэгжүүлж эхлэх шаардлагатай.