Засгийн газраас хуралдаанаас гаргасан шийдвэрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар танилцууллаа. Ингэхдээ Ebarimt-ыг банкны карттай холбож цахимаар бүртгүүлэх боломжтой болж байгааг онцлов.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Digital first” буюу цахимаа тэргүүнд консепцыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд бүх төрийн үйлчилгээг цахимжуулж, ялангуяа механик үйлчилгээнүүдийг цахимаар авдаг болох талаар ярьсан. Энэхүү консепцтой холбоотойгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам өчигдөр Ebarimt-ыг цахимжуулах ажлыг эхлүүлсэн. Дунджаар 1.2 тэрбум Ebarimt хэвлэгддэг. Үүнээс 45 хувь нь Ebarimt системдээ бүртгэгддэг. Яагаад гэвэл үнийн дүн бага эсвэл хэвлэгдэхдээ чанар нь муу бүдэг хэвлэгдсэн байдаг. Тэгэхээр иргэн механик гараар шивэхээс залхуурч эсвэл төвөгшөөгөөд хаягддаг. Харин үүнийг техник технологи талаасаа шууд карттай нь холбох бололцоо байгаа. Иргэн банкны аппликейшнаар ороод аль картаа Ebarimt-тайгаа холбох сонголттой болно. Тухайн картаараа худалдан авалт хийвэл автоматаар Ebarimt аппликейшнтай холбогдоно. Давуу тал нь 55 хувь хаягдаад байгаа Ebarimt бүртгэгдэнэ.
Ерөнхий сайд Ebarimt-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгоно гэж зарласан. Үүнтэй холбоотой ч гэж ойлгож болно. Цаашлаад сугалаанд хожих магадлал нэмэгдэнэ. Сугалаа нь үнийн дүн харгалзахгүй магадлалын онолоор гаргадаг учраас хожих магадлал нэмэгдэнэ гэж ойлгож болно. Мөн экологид ч эерэг талтай. Ebarimt 1.2 тэрбум хэвлэгдэж байна гэдэг дундаж тооцоогоор 140 мянган мод гэсэн үг. Модоор цаас хийдэг. Иймд 140 мянган модыг хэмнэж байгаа гэсэн үг юм. Хүсвэл холбохгүй эсвэл холбосноо болиулах ч сонголттой байна. Заавал механик хатуу зарчимтай байлгахгүй.
Энэхүү ажил нь есдүгээр сарын эхний долоо хоногт бүрэн хэрэгжиж эхэлнэ.