АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Энэтхэгийг ОХУ-аас газрын тос худалдан авч байгааг нь шүүмжилж, тус улсын бараанд ногдуулах тарифыг нэмнэ хэмээн дахин заналхийлэв. Харин Энэтхэгийн тал энэ мэдэгдлийг “үндэслэлгүй” гээд, өөрийн эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаална гэж мэдэгджээ. Ингэснээр хоёр орны хоорондын худалдааны маргаан улам гүнзгийрэв.
Трамп өөрийн цахим хуудаснаа:
“Энэтхэг зөвхөн Оросын газрын тосыг их хэмжээгээр худалдан аваад зогсохгүй, уг тосны ихэнхийг нээлттэй зах зээл дээр өндөр ашигтайгаар дахин борлуулж байна. Тэд Оросын дайны машин Украинд хэдэн хүний аминд хүрч байгаад огтхон ч санаа зовдоггүй. Иймээс АНУ руу экспортолж буй Энэтхэгийн бараанд ногдуулах тарифыг би эрс нэмэгдүүлэх болно” хэмээн бичжээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч хариу мэдэгдэлдээ “Бид үндэсний ашиг сонирхол, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна. Энэтхэгийг онцлон бай болгох нь үндэслэлгүй бөгөөд шударга бус юм” гэжээ.
Трамп мөн өнгөрсөн баасан гарагаас Орос болон түүний эрчим хүчийг худалдан авч буй улс орнуудад шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Хэрэв Москва Украин үргэлжилж буй дайнаа зогсоох ямар ч алхам хийхгүй бол ийм арга хэмжээ авах нь зүй ёсны хэрэг гэж тэрээр мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин одоогоор байр сууриа өөрчлөх ямар ч шинж тэмдэг үзүүлээгүй байна.
Энэтхэгийн хоёр төрийн эх сурвалж Трампын сүрдүүлгээс үл хамааран ОХУ-аас газрын тос худалдан авсаар байх болно гэж мэдээлээд буй.
2022 оны эхээр ОХУ Украин руу довтолсноос хойш Барууны орнууд Энэтхэгийг Москвагаас зай барихыг шаардаж байгаа ч тус улс уламжлалт түншлэл болон эдийн засгийн шаардлагаа үндэслэн татгалзсаар ирсэн. Трамп өмнө нь долдугаар сард Энэтхэгээс оруулж буй бараанд 25 хувийн татвар ногдуулсан бөгөөд АНУ-Энэтхэгийн худалдааны хэлэлцээрийг саатуулахад геополитикийн асуудлууд нөлөөлж байгааг албаны хүмүүс онцолжээ.
Газрын тосны гол худалдан авагч
Энэтхэг улс ОХУ-аас тэнгисийн замаар газрын тос экспортлогдож буй хамгийн том худалдан авагч бөгөөд энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл өдөрт дунджаар 1.75 сая баррель газрын тос импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 хувиар өссөн үзүүлэлт гэж худалдааны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Украины мөргөлдөөн эхэлснээс хойш уламжлалт газрын тос нийлүүлэлт Европ руу чиглэсэн тул Энэтхэг Оросоос газрын тос авч эхэлсэн гэж Энэтхэгийн талаас тайлбарлаж, үүнийг дэлхийн зах зээлийн нөхцөл байдалд шахагдсан зайлшгүй хэрэгцээ гэж нэрлэжээ.
Мөн Энэтхэгийн төлөөлөгч Барууны, ялангуяа Европын холбооны гишүүн орнуудын ОХУ-тай хийж буй хоёр талын худалдааг онцолж “Энэтхэгийг шүүмжилж буй орнууд өөрсдөө ч Оростой худалдаа хийж буй нь анхаарал татаж байна” гэжээ.