Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ныг "Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног" болгон тэмдэглэдэг. Энэ жил “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт: Тогтвортой дэмжлэгт орчин бүрдүүлье” уриан дор өрнөж байна. Эхийн сүү хүүхдийн сэтгэлзүй, уураг тархины хөгжил, дархлаанд хэрхэн нөлөөлдөг, хөхөөр хооллолтын ач тусын талаар Хөхөөр хооллолтын зөвлөх эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн Х.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.
-Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь бусад нэмэлт тэжээлүүдээр хооллохоос ямар давуу талтай вэ?
-Хүүхдийг амьдралын эхний зургаан сардаа хөхөөр хооллоод, үргэлжлүүлээд хамгийн багадаа хоёр нас хүртэл хөхүүлэхийг зөвлөдөг. Хөхөөр хооллолт бол хамгийн ашиг тустай хооллолт. Үүнийг ямар ч төрлийн сүүн тэжээл орлох боломжгүй. Сүүн тэжээлийг нэмэлт тэжээл гэж нэрлэхгүй. Эхийн сүү бол амьд дархлааны эс, амьд дархлааны уураг байдаг. Үүнийг ямар ч үйлдвэр үйлдвэрлэх боломжгүй. Хөхөөр хооллолт бол таны хүүхдэдээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Хүүхдийг өвдөхөөс хамгаална. Хүүхдийн дархлаа тогтолцоо хөгжтөл ээж нь хөхний сүүгээрээ дамжуулж хамгаалж байгаа гэсэн үг. Нэмээд ээж хүүхэд хоёр хөхөөр хооллож байх үедээ нүцгэн биеэрээ шүргэлцэж байвал ээж хүүхдийн тархинаас окситоцин гэх хайрын даавар ялгарч байдаг. Энэ дааврын нөлөөгөөр уураг тархи хамгийн сайн бүрэлдэн тогтож, хөгждөг. Харин уураг тархины хамгийн эрчимтэй өсөлт эхний хоёр жилээс таван жил хүртэл явагддаг. Тиймээс хөхөөр хооллосон хүүхдүүд асуудал бэрхшээлийг даван туулах, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, танин мэдэхүйн чадварууд нь сүүн тэжээлээр хооллосон хүүхдүүдээс илүү өндөр байдаг нь тогтоогдчихсон.
-Хүүхэд удаан хөхөөр хоолловол хүүхдийн шүд муруйдаг зэрэг ойлголт байдаг. Энэ талаар мэдээлэл өгөөч. Хүүхдээ таваас дээш жил хөхүүлэх муу юу?
-Ээж хүүхэд хоёр хүссэн хугацаагаараа аль болох удаан хөхөөр хооллох тусам ээж болон хүүхдэд сайн. Тав, зургаан нас хүртэл ч хөхүүлж болно.
-Эхийн хөхөнд сүү орохгүй, хүүхэд бүрэн цадахгүй байх тохиолдол байдаг шүү дээ. Энэ үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Жирэмслээд төрсөн л бол ээжийн тархинаас хөхөнд сүү оруулдаг дааврууд ялгарч байдаг. Буруу амлуулах, зөв амлуулж хөхүүлж чадаагүй тохиолдолд ээжийн хөхөнд сүү үлддэг. Энэ тохиолдолд тархи руу хөхөнд сүү байна гэсэн дохио явж байдаг. Тэгэхээр эргэж сүү орох нь багасдаг гэсэн үг. Эсвэл сүүгээ хөхөндөө удаан байлгаад, удаан хугацаанд дархлаа сулраад, хөх үрэвсэх үед сүү багасах тохиолдол байдаг ч сүү багатай болно гэсэн ойлголт байдаггүй. Мөн ээж аав нар хүүхэд уйлах болгонд хүүхдээ өлсөөд байгаа юм байна, би сүү багатай байна гээд буруу ойлгодог. Гэтэл хүүхэд олон шалтгааны улмаас уйлдаг. Хүүхдээ өлсгөх вий гэсэн айдас, "монголчууд эрт дээр үеэс мяраалаг хүүхдэд дуртай" гэдгээс болоод хэвийн жинтэй хүүхдийг тураалтай хүүхэд гэж эндүүрээд нэмэлт өгөх ёстой гэсэн буруу ойлголт ээж нарт байдаг.
-Ээж нар хүүхдээ хөхүүлэхдээ гаргадаг алдаануудад ямар зөвлөмж өгөх вэ?
-Зөв амлуулах нь хэдий амархан юм шиг сонсогдож байгаа ч анхан, давтан төрөх ялгаагүй хүүхэд хөхүүлэхэд олон бэрхшээл тулгардаг. Эдгээрийг мэргэжлийн эмч дээр очоод зөвлөгөө авах хэрэгтэй. Ээжүүд маань “25 оны зургаан сард төрсөн ээжүүдийн групп” гэх мэт мэргэжлийн бус хүмүүсээс буруу зөвлөгөө аваад байдаг. Мөн дээрээс нь хүүхдээ өлсөж байгаа гэж бодоод нэмэлтээр сүүн тэжээл авч өгдөг. Харин сүүн тэжээл нь шаардлагагүй илүүдэл хооллолт болдог. Аав ээжүүдийн дунд өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэсэн сүүн тэжээлүүд илүү найрлага сайтай сайн хооллолт болно гэсэн буруу ойлголттой явдаг. Яг хүүхдэд хэрэгцээтэй бүх зүйлийг таны бие махбод үйлдвэрлэж байдаг. Тэрийг юу ч орлох боломжгүй гэдгийг санаарай.
-Хөхөөр хооллох үед ээжүүд зарим төрлийн хоолоо хасаад байдаг. Тэгвэл юу идвэл зүгээр байдаг вэ?
-Хөхүүл ээж бүх төрлийн хоол хүнсийг хэрэглэж болно. Идэж байгаа хоол хүнс нь солонгын долоон өнгө шиг олон төрөл байх тусам сайн. Зөвхөн гурилан бүтээгдэхүүн гээд нүүрс ус идэх сайн биш. Зөвхөн сүүтэй цай уух биш идэхийг хүссэн бүх юмаа идэж олон төрлийн өнгөтэй ногоо, жимс, мах, сүү сүүн бүтээгдэхүүн гээд бүх хүнсийг хэрэглэвэл сайн. Сайн ус ууж, чанартай нойр авч байвал биеийн ерөнхий дархлаа сайжирч та хүүхдээ сайн хөхүүлж чадна.
-Хийсвэр хагалгаагаар төрсөн болон өөрөөрөө төрсөн ээжүүдийн хөхний сүү ялгаатай ордог уу?
-Хүүхэд хөхүүлж л байгаа бол окситоцин гэх хайрын даавар ялгарч байдаг. Хийсвэр хагалгаагаар төрсөн ч гэсэн ээжийн хөхөнд хангалттай сүү ордог. Харин хийсвэр хагалгаагаар төрсний дараа эх хүүхэд хоёр удаан хугацаанд тусдаа байгаад байх тусам буюу ангир уургаа амлуулж чадахгүй байх тусам ээжийн сүүний гарц багасдаг.
-Эхийн сэтгэл санааны байдал сүүний гарцад нөлөөлдөг үү?
-Эхийн сэтгэл санааны байдал гэлтгүй эрүүл мэндийн байдал шууд нөлөөлдөг. Ээжийн сэтгэл санаа тогтворгүй байх, хямралтай, төрсний дараах сэтгэл гутралд орох зэрэг асуудлууд шууд нөлөөлдөг. Гэхдээ шууд сүү гарахаа болино гэсэн үг биш, сүү нь ялгарна. Харин хүүхдээ зөв амлуулж хөхүүлснээр эргээд сүүний гарц нь нэмэгдэнэ. Хүүхдээ хөхүүлэхийн хэрээр эхийн сэтгэл санаа буцаад дээрддэг.
-Сүүний гарцад эхийн анхны болон сүүлийн төрөлтүүдэд ялгаатай байдаг уу. Анх төрөхөд их сүүтэй байдаг байсан одоо сүү маань багасчихлаа гэх ээжүүдийн яриа байдаг шүү дээ.
-Ялгаа байхгүй. Сүү ялгарч байгаа хугацаагаараа л ялгаатай. Эхний таван хоногт ялгарч байгаа сүүг “ангир уураг”, 14 хоногт ялгарч байгаа сүүг “шилжилтийн сүү”, түүнээс хойшоо ялгарч байгаа сүүг “боловсорсон сүү” гэж нэрлэдэг. Ангир уураг гаргаж байгаа буюу бага хэмжээгээр ялгарч байгаа сүүг ээж нар сүү нь багасчихлаа гэж ойлгоод байдаг. Мөн сүүний эхний хэсэг шингэн, усны агууламж ихтэй байдаг. Хүүхэд хөхөөд хэдэн минут болсны дараах сүүг төгсгөлийн сүү гэдэг. Төгсгөлийн сүү нь өөх тос, нүүрс ус, уургын агууламж өндөр болоод илүү өтгөн харагддаг. Зарим ээж өөрсдийгөө шингэн сүүтэй эсвэл өтгөн сүүтэй гэж ярьдаг. Харин сүүний найрлага өөрөө ухаалаг байдаг. Хүүхдэд юу хэрэгтэй байна тэр хэрэгцээгээр найрлага өөрчлөгдөж байдаг. Жишээ нь, миний хүүхдийн ам цангавал сүүний усны найрлага нэмэгдэнэ, хүүхэд өвдвөл дархлааны уургийн хэмжээ нэмэгдэж байдаг гэсэн үг.
-Хүүхдээ хөхнөөс гаргасны дараа сүүгээ ширгээхийн тулд зарим ээжүүд мөс тавьдаг, гавар түрхдэг гэж ярьдаг. Сүүг хүчээр ширгээх ёстой байдаг уу. Эсвэл өөрөө ширгэдэг үү?
-Ээжид гэнэтийн ажил гараад, хүүхдээ орхиж явах болсон тохиолдолд сүүгээ саагаад урьдчилан бэлдсэн байх ёстой. Хүүхдээ төрүүлээд ажилдаа орно, хичээлдээ орно гэдгээ мэдэж байвал аажим аажмаар хүүхдээ өөрийгөө байхгүй үед хооллож дасгах ёстой. Хүүхэд хоолтой танилцаж бор хоолонд орсны дараа тухайн хүүхэд өөрөө хоолоо илүү идээд хөхнөөсөө бага идэж аажмаар хөхнөөсөө гарах үед хүндрэл бэрхшээл тохиолдох нь бага. Гэнэтийн байдлаар хүүхдээ бэлтгэлгүй орхиж яваад хүүхэд хөхөө хөхөж чадахгүй болсон тохиолдолд хүндрэл гардаг. Ээжүүд мэргэжлийн бус хүнээс сонссон дам яриагаар биш мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
-Донор эхийн сүү гэж юу вэ?
-2017 онд батлагдсан хуулийн дагуу амаржих эмнэлэг болгонд донор эхийн сүүний банк байгуулна гэсэн хуультай. Эхийн эндэгдэл болоод хүүхдээ хөхүүлж чадахгүй тохиолдолд хамгийн эхний сонголт бол донор эхийн сүү байдаг. Донор эхийн сүүг бусад сүүн тэжээлүүдтэй харьцуулшгүй. Сүүн тэжээл бол хамгийн сүүлийн сонголт байдаг.
- Эхийн сүүний донор ямар шаардлага хангах ёстой байдаг вэ?
-Хамгийн эхэнд ээж өөрөө сүүгээ хандивлахыг хүсэх хэрэгтэй. Түүний дараа бид шинжилгээ аваад, халдваргүйжүүлээд савладаг. Энэ донор эхийн сүү АНУ гэх мэт хөхөөр хооллолтыг дэмждэг бусад улс оронд маш сайн хөгжсөн байдаг.
-Одоогоор аль эмнэлэгт сүүний банк байгуулагдсан байгаа вэ?
-Миний сонссоноор Өргөө амаржих нэгдүгээр төрхөд байгуулсан. Одоо Дархан-Уул аймагт байгуулагдаж байгаа. Өрөөг донор эхийн сүүг халдваргүйжүүлдэг багаж, тоног төхөөрөмж болон зориулалтын хөргөж хадгалдаг хөлдөөгчтэй тохижуулж байгаа.