Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өчигдөр /2025.08.04/ эхэллээ. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын төсвийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаас тодрууллаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа: Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын салбарт улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд шилжин хэрэгжүүлэх 43 төсөл арга хэмжээ, шинээр хэрэгжүүлэх 43 барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн 2 төсөл, ТЭЗҮ зураг төсөв боловсруулах 19 төсөл буюу нийт 64 арга хэмжээнд 1 их наяд 366.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 2026 онд 592.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн саналыг нэгтгэн төлөвлөж, хуулийн хугацаанд албан албан бичгээр болон цахим системээр хүргүүлсэн. Газрын асуудал, дэд бүтцийн асуудал, барилгын материалын асуудал, боловсон хүчний асуудал гээд маш олон хүчин зүйлсээс шалтгаалж төсвийн асуудал яригдана.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад орон сууцны үнэ 11 хувь өссөн, одоогоор дундаж үнэ 4.3-5 сая төгрөг байгаа. Яамны зүгээс дэд бүтэц, инженерийн барилга, байгууламжийг улсын төсвөөр байгуулж өгөх бодлого барьж байгаа. Аль болох газар чөлөөлөлт хийж, дахин төлөвлөлтөд орсон газруудыг шинээр бий болгож байна.
Сүүлийн жилүүдэд хийж буй томоохон төсөл болох 1008 айлын орон сууцны төсөл удахгүй дуусна. Мөн Буянт-Ухаад баригдаж байгаа барилга байна. Энэ төслүүд түрээслээд, өмчлөх байдаг юм уу, тодорхой хэмжээгээр орон сууцны зах зээлд нөлөөлөх ёстой. Яагаад гэвэл энэ нь орлогын хэмжээ дээр яригдаж байгаа асуудал. Иймээс бид залуус нэг, хоёр хорооллын дэд бүтцийн асуудлыг барилгын яамны төсөвт суулгаж өгсөн.