Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр наймдугаар сарын 3-ны өглөө ОХУ-ын хар тэнгисийн эргийн Сочи хотын ойролцоох томоохон газрын тосны агуулахад гал гарсан шалтгааныг Украины дроны халдлагатай холбон тайлбарлажээ.Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьев өөрийн Telegram сувагтаа Сочигийн Адлер дүүрэгт байрлах шатахуун хадгалах газарт гал авалцаж, галыг унтраахаар 120 гаруй гал сөнөөгч дайчлагдсан хэмээжээ.Оросын төрийн өмчит РИА Новости агентлагийн мэдээлснээр, 2,000 шоо метр багтаамжтай шатахууны агуулах шатсан гэж Краснодар мужийн онцгой байдлын албаныхан мэдээлсэн байна. Оросын иргэний нисэхийн агентлаг Росавиация нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сочигийн нисэх онгоцны буудлын нислэгийг түр хугацаанд зогсоосон гэж мэдээлэв. Мөн уг халдлагаас үүдэн Сочигийн нисэх буудалд шатахууны хязгаарлалт тогтоосон тул зарим нислэг нь өөр нисэх буудлуудад нэмэлтээр буух шаардлагатай болсон гэжээ.Энэхүү дроны халдлага нь Оросын дайнтай холбоотой эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн Украины үргэлжилж буй довтолгооны нэг хэсэг бөгөөд 2014 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулсан Сочи хот дайны явцад тун ховор халдлагад өртөж байсан юм. Гэсэн ч өнгөрсөн сард Адлер дүүрэгт болсон Украины дроны өөр нэг халдлагаар нэг эмэгтэй амиа алдсан гэж Оросын эрх баригчид мэдээлж байв.Сочи хот Краснодар мужид харьяалагддаг. Краснодар муж нь Оросын өмнөд хэсгийн томоохон нефть боловсруулах үйлдвэрүүдтэй бүс нутаг бөгөөд үүнд Украины дроны довтолгоонд олон удаа өртсөн Илский нэртэй үйлдвэр ч багтдаг.